Төмөр зам яагаад үнээ нэмсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Төмөр зам яагаад үнээ нэмсэн бэ?

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн дарга, удирдлагаа хэрхэхээ шийдэлгүй үймж бужигнах зуураа зарим төрлийн ачаа тээвврийнхээ үнийг “сэмхээн” нэмж амжив. “Сэмхээн” гэдгийн учир нь энэ сарын 25-наас эхлэн мөрдөх шинэчилсэн үнэ тарифын талаар олон нийтэд ам нээгээгүйд оршиж байгаа юм. Төмөр замаар тээвэрлэдэг зарим төрлийн  ачааны  тээврийн үнэ ханшийг нэмэгдүүлэх шийдвэр нь төсөвт байгууллагынхны цалингийн өсөлттэй давхацсан нь инфляцид ташуур өгсөн хэрэг боллоо гэсэн үгийг зарим эдийн засагч нар санаандгүй унагаагүй нь мэдээж.  Гэвч албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар бол энэ шийдвэр аль нэгдүгээр сард УБТЗ-ын Ерөнхий хорооны хурлаар шийдэгдсэн асуудал гэнэ. Харин монополь компанийн хувьд засаг төртэй зөвшилцөх гэсээр багагүй хугацаа алдаж байж шийдэгдсэн нь энэ ажээ. Урьд нь УБТЗ зорчигч тээврийн үнэ ханшаа өөрчлөхдөө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт мэдээгдээгүйн улмаас зэм сонсож байсан удаатай. Тиймээс энэ удаа Засгийн газрын тохируулагч агентлагт уламжилж албан ёсоор “виз” авах гэсээр гурван улирлыг үджээ. Арайхийн “виз” олготол цалин, тэтгэвэр тэтгэмжтэй давхцан дарин дээр давс нэмсэн хэрэг болсон байна. “Экспорт, импорт, орон нутгийн харилцааны долдугаар бүлэг” хэмээн тодорхойлоод байгаа зарим төрлийн бүтээгдэхүүний тээвэрлэлт нь  тус нийгэмлэгийн хувьд хамгийн алдагдалтай хэсэг нь ажээ.Мод модон бүтээгдэхүүн болон нефть, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал зэрэг нь импортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд бол нүүрс нь манай улсын экспортын  гол бүтээгдэхүүн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өнгөрсөн онд төмөр замаар 15 сая тонн ачаа тээвэрлэсний таван сая тонн нь нүүрс байжээ. УБТЗ-ын хувьд хамгийн алдагдалтай тээвэрлэдэг бараа нь нүүрс бөгөөд нэг тонн нүүрсийг нэг км-т ердөө л 15 төгрөгөөр тээдэг гэсэн гэсэн тайлбарыг эх сурвалж хэлж байна. Тиймээс энэ удаагийн 10-30 хувийн нэмэгдэл нь төмөр замынхны хувьд өртөгт дөхүүлэх арга ядсан шийдвэр болохоос ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн хэрэг биш гэнэ. Дээр нэр дурдсан долдугаар бүлгийн бараа бүтээгдэхүүний тонн тутмыг нь нэг км-т 26 төгрөгөөр тээвэрлэж буй нь ачаа тээврийн нийт өртгийн 60 хувийг л хангаж буй хэрэг гэнэ. Ачаа тээвэртээ алдагдал хүлээснээр 16 мянган төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгааг ч мөн тодотгож байлаа. Тиймээс ч эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй, ачаа тээвэрлэгч аж ахуйн нэгж, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр шат дараалан өртөгт дөхүүлэх нь зүйтэй гэдэг байр суурьт УБТЗ-ын ХНН-ийн Ерөнхий хороо хүрсэн байна. Харин энэ ондоо дахин үнэ нэмэхгүй гэдгийг амлаж байлаа. Тэгэхээр есдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн нефтийн бүтээгдэхүүн болон барилгын материалын тээвэрлэлт 10 хувь, мод, модон бүтээгдэхүүний ачаа тээврийн үнэ 20 хувь, хүнсний бүтээгдэхүүн болон нүүрс тээвэрлэлт 25 хувь, гэрийн хэрэгсэл, чингэлэг илгээлтийг 30 хувиар нэмэгдэх нь тодорхой боллоо. Төмөр замынхны  ачаа тээврийн үнэ ханшийн өсөлт дээрх нэр бүхий  бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэд нөлөөлж хэрэглэгчдийн нуруун дээр очихгүй гэсэн баталгаа өнөөдөртөө л лав алга. Хэн ч алдагдал хүлээхийг хүсдэггүй. Тэр дундаа худалдаа наймаа эрхлэгчид ашгийн төлөө зүтгэдэг нь хэнд ч ойлгомжтой. Өвлийг чимээлсэн намрын эхэн сард гаргасан энэ шийдвэр нүүрс тээвэрлэлтээс цахилгаан дулаанд, нефтийн бүтээгдэхүүнээр дамжин бүхий л салбарт халдварлах магадлал хамгаас өндөр байна. 16 мянган төмөр замчид ч тэрхүү халдвараас ангид байж чадах болов уу даа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж