
-Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос Төрийн үйлчилгээний албаны ажилтнуудын цалин, тэтгэмжийг Төрийн захиргааны албан тушаалтнуудаас арай ахиу нэмэх шаардлагатай байна гэсэн мэдэгдлийг хийсэн. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцсэн үү?
-Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тооцоо хараахан бидэнд ирээгүй байна. Нэг зүйлийг онцлоход цалин бүтээмжтэй шууд уялдаж байдаг учраас төрийн албан хаагчдын цалинг нэмж болохгүй, төрийн үйчилгээний ажилчдынхыг нэмэх ёстой гэсэн шаардлага нь үндэслэл муутай. Тогтоолд цалинг нийтээр нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Хэрвээ ялгавартай тогтоовол хөдөлмөрийн хуваарийг шууд үгүйсгэсэн хэрэг болно. Гэхдээ тодорхой тоо хэлье, төрийн үйлчилгээний албанд ажилладаг бага тушаалын үйлчлэх албан хаагчдын цалин хөлсний дундаж бусад бүлгийнхээс 15,0 орчим хувиар доогуур байгаа нь үнэн. Төрийн албан хаагчдын хамгийн бага цалин 145134 төгрөг байгаа, ирэх аравдугаар сараас 188674 болж нэмэгдэнэ.
-Тэгвэл ахмад настнуудын тэтгэвэр яаж нэмэгдэх вэ. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр, бүрэн тэтгэвэр гээд дотроо олон төрөлтэй байдаг?
-Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 81 мянган төгрөг байсныг 105300 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүнтэй уялдаж, бусад тэтгэврийн харилцаа бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр жишиг болж, дээшлэн, нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Ингэснээр хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 54000 төгрөгөөс 70200 төгрөг, дундаж тэтгэвэр 96600 төгрөгөөс 125500 төгрөг болж өсөх юм.
-Тэтгэвэрт гарах сонирхолтой хүмүүст Эх орны хишгийн нэг сая төгрөгийг олгож, эрхийг нь үүсгэнэ гэж яриад байгаа. Үүнийг хэзээнээс ямар байдлаар хэрэгжүүлэх вэ. Энэ асуудал сая хөндөгдсөн үү?
-Ажилласан жил нь хүрэхгүйгээс тэтгэврийн харилцаанд орж чаддаггүй хэсэг хүмүүс бий. Мөн шимтгэлийн хувь хэмжээ нь хүрэхгүйгээс тэтгэвэрт гарч чаддаггүй дундаж насныхан байдаг. Тэгэхээр тэдэнд Эх орны хишиг сангаас хүртээх нэг сая төгрөгийг тэтгэврийн фондод нь шилжүүлчих юм бол зургаан жил орчмын шимтгэлийн хувь хэмжээтэй тэнцэхээр байгаа. Ингэснээр эдгээр хүмүүс маань одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 108 мянган төгрөгийн цалин авч байсан хүмүүсийн төвшинд тэтгэврээ тогтоолгох бололцоо бүрдэнэ.
Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн хувьд ч Эх орны хишиг сангаас нэг сая төгрөгийг тэтгэврийн фонд дээрээ нэмж авъя гээд төсөл ирүүлээд тэрийг шийдвэрлэлээ гэж бодоход бүрэн тэтгэврийнх нь доод хэмжээ нь зургаан жилийн шитгэлийн хувь хэмжээний нэмэгдэл болж, нэмэгдээд явна гэсэн үг. Тэгэхээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ бүрэн тэтгэврийн дунд хэмжээ рүү, бүрэн тэтгэврийн дунд хэмжээн нь бүрэн тэтгэврийн дээд хэмжээ рүү орох боломжтой болно. Энийг хэзээнээс эхлүүлэх вэ гэхээр тусгай журам гаргаж, зохицуулах юм.
Г.Дарь