Н.Алтанхуяг: МАХН-ын асуудал надад хамаагүй

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: МАХН-ын асуудал надад хамаагүй

-Ардчилсан намын аппаратын шуурхай даваа гаригт хуралдсан гэсэн. Юу хэлэлцэв?

-Угаасаа долоо хоног бүр хуралддаг юм. Өдөр тутмынхаа ажлыг л ярьсан.

-Намын дотоодод яг одоо юу болж байна?

-Архангай, Завханд анхан шатныхантайгаа уулзсан. Ардчилсан нам УИХ-д орсноор юу хийв, хамтарсан Засгийн газар ямар ажил амжуулав, цаашид хамтрах юу хийх ёстой вэ гэдгээ л ярьж, орон нутгийн намынхаа санал бодлыг сонсч байна.

-Дандаа л дээрээс доошоо чиглэсэн сурталчилгаа явж байгаа юм байна. Харин намын анхан шатныхан юу ярьж, ямар шүүмжлэл хэлж байх юм?

-Учиргүй шүүмжлээд байдаггүй юм шүү дээ. Юу хийх ёстой вэ гэдгээ л ярьж байна.

-Ардчилсан намын дарга, Ардчилсан хүчний холбооны тэргүүн хоёр урд хойноо ороод өөр өөр зүйл яриад явахаар орон нутгийнхан гайхахгүй байна уу?

-Эргэлзэж тээнэгэлзээд байгаа юм алга. Намын ажил тусдаа, Төрийн бус байгууллагын ажил тусдаа шүү дээ. АХХ өөрийгөө ТББ гэж хэлсэн, тэр өнцгөөс нь л би харж байна. Харин намын ажил яриад явахыг бол зөвшөөрөхгүй шүү. Би бис, Ардчилсан намын гишүүд зөвшөөрөхгүй.

-АХХ эхлээд нийгмийг шинэчлэх гэж байгуулагдсан, харин одоо Ардчилсан намыг шинэчлэх гээд, намын удирдлагыг солих гэж яваа шүү дээ? Танай намынхан намын даргадаа дуулгаа байлгүй?

-Бидний явсан хоёр аймагт лав тийм зүйл сонсогдоогүй, манай гишүүд яриагүй. Харин цаашдаа явахдаа асууж лавлаж явмаар юм байна. Үнэн хэрэгтээ Ардчилсан нам чинь ерэн оноос хойш нэгдсэн 10 нам шүү дээ. Заримдаа дургүй хүрсэн нэг нь салж яваад, буцаж нийлээд л. Ийм намыг ойлголцуулж явна гэдэг чинь Алтанхуяг гэдэг хүнд бол хэцүү. Бүх үеийн намын дарга нарт хэцүү байсан. Даргаа авч хаяна гэдэг яриа ганц Алтанхуягийн үед ч гарч байгаа юм биш.

-Ардчилсан хүчний холбооны зорилго нь Ардчилсан намын удирдлагыг гартаа авах гэж хүн болгон шахуу л ярьж байна шүү дээ. Энэ яриа Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын хэвлэлээр хийсэн хэрүүлээр бүр ч ил болчих шиг боллоо?

-Намыг авах гээд байна уу, үгүй юу гэдгийг Э.Бат-Үүл, С.Эрдэнэ хоёроос л асуухгүй юу. Би ямар тэдэнтэй хэрүүл хийсэн биш.

-Засгийн газарт “Алтангадас”-ын голдуу Ардчилсан намын зургаан сайд байдаг. Гэтэл Засгийн газрын гадна шал хоёр өөр фракци “Ардчилсан намыг Засгийн газарт байлгана, байлгахгүй. Н.Алтанхуягийн ажлыг авна, авахгүй” гээд хэрэлдээд байдаг. Энэ сонин биш гэж үү?

-Хэн мэдэх вэ. Манай намын хоёр гишүүн санал бодлын зөрүүтэй асуудлаараа сонин хэвлэлээр үг шидэлцэж л байна лээ. Намын дарга тэгээд тэднийг яах юм. Хорин жилийн түүхэнд хоёр хүн хэрэлдэх байтугай 200-300-гуулаа хэрэлдэж байсан түүх бидэнд олон бий. Хэн нь зөв яриад, хэн нь худлаа яриад байна гэдгийг уншиж байгаа хүмүүс нь мэдэж байгаа. Хорин жил хамт явсан нөхөд нь мэдэж байгаа. Түүнд оролцоод байх шаардлага надад байхгүй. Харин намын бодлогын асуудлаар юм яривал оролцолгүй яах вэ.

-Намын бодлого байлгүй яах юм бэ. Засгийн газарт хамтарч орьё гэдэг шийдвэр чинь намын бодлогын хүрээнд шийдсэн асуудал биз дээ. Гэтэл танай намын удирдлагын нэг болох Нийслэлийн Ардчилсан намын дарга нь “Засгийн газраас гарья, эхнээсээ орох нь ч буруу байсан” гэж яриад яваа?

-Ярьж л байг. Алтанхуяг гэдэг хүн ганцаараа их цэцэн мэргэн болоод шийдчихсэн асуудал биш шүү дээ. Хувь нэмрээ бол харин оруулсан байх аа, ҮЗХ-ны бүх гишүүдийн хурлаар шийдсэн юм. Хамтраад гаргасан тэр шийдвэр нь өнөөдөр буруу харагдаад байвал ярьж л байг. Угаасаа л хоёр жил яриа биз дээ, үүнд шинэ юм байхгүй. Анх Засгийн газарт ороход л нэг хэсэг нь “Орж болдоггүй юмаа” гээд яриад эхэлсэн. Байдаг л асуудал. Зүгээр олонхи нь тэгж хэлээд байна уу, хоёр хүн, эсвэл хорин хүн яриад байна уу гэдгээ хэлэлцээд л шийдчихье. Ардчилсан намын өөрийнх нь төрөлх шинж байна, асуудал гарвал ярь л даа. Буруу юм юу ч байхгүй. Ганц хүн ухаантан мэргэн болоод шийддэг үе өнгөрсөн. Ерэн онд ардчилал гарч ирээд цэг тавьсан шүү дээ.

-Тэгвэл танай намын ҮЗХ хэзээ хуралдах юм?

-Ирэх аравдугаар сард хуралдах байлгүй.

-АХХ-нд Алтангадасаас бусад бүх фракцийн төлөөлөл орсон. Энэ талаас нь харвал нам дотроо олонхи болчих магадлалтай юм биш үү?

-Таны харж байгаа нэг өөр, миний харж байгаа бас өөр. Би бол санал нийлэхгүй байна.

-МАХН нэрээ сольж байна, ардчилал шинэчлэл ярьж байна. Гэтэл Ардчилсан нам хаана нь явна аа гэж хүмүүс асуугаад байна?

-Ардчилсан нам байж л байна. Ардчилсан нам Засгийн газарт ороод галзуу ажиллаж байна. Хамтраад хийе гэсэн зүйлээ хийж байна. МАХН ардчилал энэ тэрээ ярьж л байна биз дээ. Эцсийн эцэст ард түмэн л дүгнэнэ. Ардчилсан нам ардчиллын төлөө гарч ирсэн, түүнийгээ ажил хэрэг болгосон. Монголын ард иргэдийг эрх чөлөөтэй болгосон. Тэгээгүй гэж хэн хэлэх юм бэ. Хэн гуай нь ч чадахгүй.
-Ардчилсан нам Засгийн газарт орсноороо илүү МАХН-тай адилхан бодлого явуулаад байна. Халамжийг хавтгайруулж байна, төрийг данхайлгаж, төсвийг үрэлгэн болгож байна. Гэтэл нөгөө ардчиллын гол шалгуур, танай намын зорилт болсон хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийг либералчлах бодлого хаачсан бэ?

-Би тэр либерал, консерватив энэ тэрийг чинь ойлгодоггүй юм. Түүгээр хөөцөлдөх цаг ирэх л байх. Улс төрийн намуудын идеалоги гэж ном байдаг, би түүнийг нэлээд судалсан. Нэг их олон янзын гадаад үг хэлэхээ больё. Яагаад гэвэл Монголын амьдрал бол Монголын л амьдрал. Ажилчин анги, үйлдвэрчний эвлэл бий болоод хэдэн зуун жил болчихсон, үйлдвэржсэн орнуудын зам өөр. Монголын зам өөр. Монголын хүн амын тал нь шахуу хөдөө мал маллаад явж байгаа биз дээ, тийм байхад бид юу яриад байгаа юм бэ. Ядахдаа манайд цалингаараа амьдарчихдаг нийгмийн дундаж давхарга гэдэг юм байна уу, байхгүй шүү дээ. Тэр нийгмийнх нь давхарга, хөрс суурь бий болж байж ярьдаг болохоос биш…

Нэг нам дотор байгаа хоёр нөхөр нэг нь барууны, нөгөө зүүний үзэлтэн болоод маргаад байдаг. Мэдэхгүй юмаа ярьж битгий толгойгоо эргүүлцгээ гэж би хэлдэг юм. Түүний оронд өнгөрсөн 20 жилийн амьдралд ямар алдаа дутагдал байна, ямар ололт байна гэдгээ ярья. Ямар үзэл баримтлалыг бий болгох вэ гэдгээ аль аль нь л хайж байна. Ардчилсан нам ч хайж байна, МАХН ч хайж байна. Хариуцлагатай, чинээлэг монгол иргэнийг л бий болгоё л доо. Энэ үзэл баримтлал мөн биз дээ. Үүний тулд тодоохой хугацаанд нийгмийнхээ эмзэг хэсгийг дэмжих хэрэгтэй биз дээ. Үүн дээр нэг их зүүн, баруун болоод байх шаардлагагүй. Үүн дээрээ хоёр нам хамтарч чадаж байна. Хамтраад шийдэж чадахгүй асуудал байна уу гэвэл бас байна. Түүнийгээ түрүүнд нь гаргаж тавиад байвал хамтарч болдоггүй юм аа. Ойлгов уу?

-Тухайлбал, ямар асуудал байна?

-Түмэн асуудал байна. Түүнийг гаргаад яривал “нөгөө Алтанхуяг чинь сонин дээр тэгж солиорсон байна. Маргааш Засгийн газрын хуралдаан дээр үзүүлээд өгнө өө” гэдэг байхгүй юу. Тэгж хэрэлдүүлмээр байна уу.
Жишээ нь долдугаар сарын 1-ний асуудлаар бол бид санаа нийлдэггүй. Ардчилал баталгаагүй байна, ардчиллын дархлаа их сул байна гэж бид үздэг.

-Тийм учраас та хэлмэгдлийн өдрөөр долдугаар сарын 1-ний хэргийн төлөө ард түмнээс уучлал гуйсан юм уу?

-Тийм. Дараа нь шүүхийн шинэчлэл байна. Хорин жил бид ардчилал, эрх чөлөө ярилаа. Эцсийн эцэст хувь хүний эрх, эрх чөлөө хаана байна. Шүүх, хууль хяналт бүгд иргэний эрхийг хамгаалахын төлөө байх ёстой биз дээ. Ингээд ярихаар бид бас 100 хувийн ойлголцолд хүрдэггүй л байхгүй юу.

-Тэгвэл ирэх 2012 оны сонгууль хүртэл лав энэ хоёр асуудал хоёр намын хувьд хаагдаад байгаа юм байна, тийм үү?

-Хаагдах юу байх вэ, яриад л байна. Зуун хувийн ойлголцол л алга гэж байна шүү дээ. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй, бас ч гэж асуудал явж, ажил урагшилж л байна. Юмыг зөвхөн өөрийнхөө нүдээр хараад өөрийнхөөрөө зүтгэвэл тэгээд л “будаа” болдог байхгүй юу. Улстөрчдийн хувьд бүр ч их хохиролтой. Гэхдээ хохирол өөрт биш, улс оронд ирдэг юм. Чиний харж байгаа чинь зөв, гэхдээ миний харахад бас ийм байна шүү гэж ярьж сурах хэрэгтэй. Ардчиллын унаган төрх, натур нь тэр шүү дээ. Манайхан л туйлшраад “Би ингэж харж байна, үүгээрээ дуусна” гэж солиордог болохоос биш. Тийм явцуухан байж болдоггүй юм.

-Тэмүүжин гишүүн нэг үг хэлсэн байсан. МАХН нүүрээ угаагаад, хувцсаа солиод эхэллээ. Харин Ардчилсан нам угаадсан дунд нь халтартаад үлдэх вий дээ гэж. Бас л гашуун сонсогдож байна лээ, бодвол намын даргадаа хандаж хэлсэн байх?

-МАХН нүүрээ угаавал угааж л байг. Ардчилсан нам бас нүүрээ л угаана биз дээ. Заавал халтартаад үлдэх ямар шаардлага байна. Х.Тэмүүжинг манай намын гайгүй залуучуудын нэг гэдэг юм байна лээ. Өөрийгөө чи оргил гэж, өрөөлийг дандаа бэл гэж бодох юм гэж үг бий. Өөрөө чи бэл байвал яах вэ, өрөөл чинь харин оргил байвал яана. Юмыг дандаа оройгоос нь харах амархан. Хааяа нэг бэлд бууж ирээд харах хэрэгтэй.

-Ер нь бол Ардчилсан намын дарга Тэргүүн шадар сайд байна, Засгийн газрын 15 гишүүний зургаа нь Ардчилсан намаас байна гэдэг бас “бэл”-д л байгаа хэрэг биз. Эрх мэдэл ч дутмаг?

-Одоо тийм үг яриад яах юм, хоёр жил л ярилаа. Ингэж элдвээр хэлүүлэн барин засагт байснаараа бид юу хийх гээд байгаа юм бэ гэдгийг л харах хэрэгтэй шүү дээ. Надад бол хувийн ямар ч ашиг сонирхол байхгүй. Би тэр цагаа ард өнгөрөөчихсөн хүн. Нэг л зүйл бодогдож байна, үлдэж байгаа хугацаанд жаахан юм хийчих юмсан.

-Яг юу хийх юм?

-Энэ олон ажлын байрыг яах юм. Ажилгүй залуучууд ажилтай болчихсон юм уу, мэргэжилтэй болчихсон уу, МСҮТ-д сурч байгаа юу?

-Тэгээд үүнийгээ үлдсэн хоёр жилд хийж чадах уу?

-Хоёр жилийн хугацаанд шийдчихдэг асуудал Монголд байхгүй. Одоо засагт байгаа хугацаандаа эхлүүлээд, дараа дараагийн Засгийн газар нь үргэлжлүүлээд явбал манай залуучууд Оюутолгой дээр 100 тоннын даацтай машин барьж давхидаг, хамгийн доод цалин 600-700 ам.доллар хүрдэг болно шүү дээ.

-Оюутолгой гэснээс өнгөрсөн хавраас эхлээд Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ эргээд шүүмжлэлийн бай боллоо. “Оюутолгой” компанийн ТУЗ-ын гишүүнээр тавигдсан Ерөнхийлөгч асан Н.Багабанди л “Энэ гэрээ ихээхэн боловсон луйвар болжээ” гэж хэлсэн. Саяхан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бас “луйврийн гэрээ” гэж хэлсэн байна лээ. Танай гэрээ хийсэн гурван сайд гадаадынхантай нийлээд ард түмнээ луйварджээ гэсэн үг?

-Би бол үгүй гэж бодож байна. Тийм учраас ингээд луйвар болчихсон юмаа гэдгийг гаргаад л нотлохгүй юу. Тийм нотолгоо байхгүйгээр “ерөнхийдөө луйврийн гэрээ болчихжээ” гэж хэлж байгаа бол Ерөнхийлөгч байсан хүмүүс тэгж хэлдэг юм байна л гэж би ойлгоно. Энэ хоёр чинь өөр зүйл шүү. Нэгэнт тэгж хэлж байгаа бол юу нь луйвар болсон бэ гэдгийг гаргаж тавих нь тэдний ажил.

-Тэгвэл Н.Багабандийг яагаад “Оюутолгой”-н ТУЗ-д сонгосон юм. Засгийн газрын л шийдвэр биз дээ?

-Яагаад гэдгийг би мэдэхгүй. Засгийн газар шийдээгүй, ТӨХ-ны гаргасан шийдвэр.

“Брестийг хэн авсан?” “Брестийг би аваагүй ээ” гэдэг шиг. Би мэдэхгүй ээ. /инээв/

-Н.Энхбаяр даргын сүүлд өгсөн ярилцлагыг та уншсан уу?

-Уншаагүй, яах юм бэ. Тодорхой хүмүүст зориулж ярилцлага өгөөд, тодорхой хүмүүст зориулж бичээд байдаг байхгүй юу. Би тэрнийх нь нэг баймааргүй байна шүү дээ, хийх ажил зөндөө байна. Ялангуяа улстөрчид бол сониноор дамжуулаад хайрын, эсвэл хараалын захиа бичдэг. Түүнийг нь нэг нь уншаад маргааш нь дахиад хайрын, эсвэл хараалынхаа захиаг бичдэг. Учир утга байдаггүй юм. Би тийм зүйлээс ангид байхыг хүсдэг.

-Хамтарсан Засгийн газар хэр удаан ажиллах бол. Зарим нь “энэ намар унах нь дээ” гэж төлөгдөөд, ярьж бичээд байгаа. МАХН-тай анх байгуулсан гэрээ тань хүчин төгөлдөр хэвээрээ юу?

-2008 онд байгуулсан гэрээгээ хөндөх талаар хэн нь ч албан ёсоор яриагүй.

-Албан бусаар бол яриад л байгаа, тийм ээ?

-Албан бус гэдэг нь хэн нэг хувь хүний л яриа шүү дээ. Анх байгуулахад нь л ярьж байсан.

-Гашуун сургамж бий л дээ. МАХН өөртөө хэрэгтэй үедээ хамтраад, хэрэг нь дуусгахаар хөөгөөд гаргачихдаг?

-Анх Засгийн газрыг байгуулахад л манайхан ярьж байсан. Хэрэггүй дээ, наадуул чинь хэргээ дуусахаар хөөгөөд л гаргачихдаг гэж. Би ч бас түүнийг нь хуваалцсан. Өмнө Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг жил болгохгүй тараагаа биз дээ. Тийм учраас надад ч гэсэн тийм болгоомжлол байсан. Гэхдээ тэр болгоомжлолоос илүү ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, улс орны хөгжлийг түргэтгэх асуудал, тэр шаардлага нь давамгайлсан юм. Эрдсдэл байна уу, байна. Гэхдээ хамтраад үзье л гэсэн. Эрсдэл бол хаа сайгүй байдаг. Харин тэр эрсдлийг хийх үү, үгүй гэдэг нь улстөрчийн гаргах шийдвэр. Амиа бодоод өөрийнхөө төлөө шийдвэр гаргаж бас болно. Ер нь бол юмны сайн мууг хэзээ хойно нь мэддэг юм, хэдэн жилийн дараа. Өнөөдрийн энэ хүмүүсийн хэлээд зүйлийг, магадгүй миний хэлээд байгаа бүх зүйлийг үнэн гэж итгэхэд хэцүү. Гурван жилийн дараа хүмүүс харна. С.Баяр, Н.Алтанхуяг хоёр, магадгүй С.Батболд гэдэг хүн, хоёр нам юу хийсэн бэ гэдгийг. Хийсний хүчинд эрх биш хөгжлийн суурь тавигдсаныг гарцаагүй харах цаг үе ирнэ. Цаана нь 2,7 сая хүний амьжиргааны тухай асуудал яригдаж байна шүү дээ. 

-Гэхдээ л “Ардчилсан нам Засгийн газраас, манай хашаанаас гар” гэдэг үг заримдаа дэндүү ойрхноос сонсдог шүү дээ. Тухайлбал, танай танхимын нэг гишүүн Ц.Нямдорж гэдэг хүн энэ үгийг их ойр ойрхон хэлэх дуртай?

-Ц.Нямдорж гэдэг хүн МАХН биш.

-Гэхдээ хааяа ч гэсэн хариу өгмөөр санагддаггүй гэж үү?

-Би зөндөө л хариулт өгдөг шүү дээ. Түүнийг заавал хэвлэлээр гаргаж ирж хэрэлдүүлмээр байгаа юм уу. Би харин савны бөглөөг бол цагт нь өгдөг хүн шүү. Түүнийг заавал олон нийтэд гаргаж, хэрүүл болгох шаардлагагүй. Хүн “хуц” гэвэл “хуц”-ыг нь бас хэлчихдэг.      

-Экс Ерөнхийлөгчөөсөө дахиад нэг иш татья л даа. Хоёр нам хамтарснаараа хувийн ашиг хонжоо хайсан наймаа л хийж байна гэсэн байна лээ, ажил хийх биш?

-Н.Энхбаярын тухай яриад яах юм бэ, хөөрхий. Телевизээр шууд ярилцлагад орж байхыг нь хараад би өрөвдсөн. Манайхан ч гэсэн манайхан. Нэг амьтан асуулт асуух нь гэтэл бүтэн доромжилж байна лээ.

-Төрийн залгамж энэ тэр ярихаа больё л доо. Зүгээр л хувь хүний совесть, улстөрч хүний ранг энэ тэр гэж байдаг бол одоо ажиллаж байгаа нөхдүүд рүүгээ тэгж их хонзогнохгүй биз дээ?

-Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байсан хүн. Бүх эрх мэдэл нь байсан, тэр үеэдээ хийхгүй яасан юм бэ. Гэхдээ ойлгож болно л доо. Тийм их эрх мэдэл, тойрон хүрэлэл дунд байсан хүн гэнэт эрх мэдлээ алдахаар хэн ч биш болсон. Найз нөхөд, намынхан нь зугатсан. Хэцүү шүү дээ. Хүний сэтгэхүйд өөрчлөлт ордог байхгүй юу. Хэвийн биш болчихсон байгаа биз дээ. Магадгүй би ч гэсэн тийм их эрх мэдэл, тойрон хүрээлэл дунд байгаад нэг л өдөр ганцаараа үлдвэл бас тэгж өөрчлөлтөд орох ч юм билүү. Яваандаа, цаг хугацаа өнгөрсний дараа аяндаа илаарших байх л даа.

-Бага хурлын өмнө намынхаа гишүүдэд хандаж илтгээлт гаргасан байсан. Нэлээд олон хүн өөрийг нь дэмжинэ гэж бодсон байх. Ингэхэд нөгөө түүний үгнээс гардаггүй байсан Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, “Элсний 13” хаачсан бэ?

-Тэр бол хүн төрөлхтний жам. Нэр алдар эрх мэдэлтэй байхад нь бүгд дагадаг юм. Тэр нь байхгүй болчихоор бүгд зугатдаг. Энэ ганцхан Н.Энхбаярыг, түүний дагалдагчдыг ч дайрсан юм биш. Н.Энхбаярт үнэнч үлдэнэ ээ гээд үхэх юм уу, тэр хүмүүс. Тийм зүйл байдаггүй. Дээхнэ үед “Ромео, Жулетта”-д л тохиолдсон байх. Одоо цаг үе өөрчлөгдсөн.

-Гэхдээ Ардчилсан намынхан дотроос таныг Н.Энхбаярт арай ойр байсан байх гэж боддог?

-Би хүнтэй нэг их ойртоод байдаг хүн биш, бас хол очоод чулуу шиддэг ч хүн биш. Ардчилсан нам дотор Алтангадас фракци гэнэ үү юу гэнэв, гайгүй хэдэн залуус байсан юм. Тэднийг л дарах гэж л гаргасан яриа шүү дээ. Нэг жишээ хэлье. М.Энхсайханыг намын дарга байхад би ҮЗХ-ны хурал дээр “Эрэл”-ийн намтай эвсэж болохгүй, эвслээ ч гэсэн тийм бага рейтингтэй намд ийм олон суудал өгч болохгүй гэж хэлсэн юм. Гэтэл маргааш нь Б.Эрдэнэбатын “Монголын мэдээ” сонин дээр “Н.Алтанхуяг, Р.Гончигддорж эвслийг эсэргүүцэж, Н.Энхбаярыг өрөөнийх нь үүдэнд хүлээж байгаад уулзлаа” гэж бичсэн. Тэгээд тэр сониноо манай намын ҮЗХ-ны гишүүдэд тараасан. Тийм л ажил хийж байсан хүмүүс. Тэр хүмүүс улстөрд түүхэн үүргээ гүйцэтгээд алга болсон. Гэтэл бид байж л байна. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн дов ногоорно гэдэг энэ.

-Баабарын намынхныхаа тухай бичсэнийг уншсан у? Мөргөлдөх гэж байгаа хоёр бухны дунд чулуу шидэхээр мөргөлдөөд эхэлдэг. Бух ч яах вэ, үхэр юм чинь. Харин чулууг хэн шидэв ээ гэж. Бас л хатуу хэлсэн байна лээ?

-Үнэн шүү дээ. Түүнд буруу юм байхгүй.

-Засгийн газарт байгаа зургаан сайдаас хамгийн их муу хэлүүлдэг нь Алтангадасын гурав. МАХН-тай хуйвалдагч, хулгайч л гэнэ. Тэгж хэлүүлэн барин байхын утга учир нь юу юм бэ?

-Би 20 жилийн өмнө зөндөө олон унаад үзчихсэн хүн. Бас зарим тохиолдолд больё доо гээд хаяж үзсэн. Улс төрийн энэ заваан хэрүүлээр яах вэ, улс төргүйгээр амьдарья гээд хаяж үзсэн. 2000 оны үед. Болдоггүй юм билээ.

-Яагаад?

-Чи хийхгүй бол чамаасдоор юмнууд хийдэг байхгүй юу. Хийхдээ бүр хөгийн юм болгодог. Тийм учраас намайг юу ч гэж доромжилж байсан би тоохгүй. Харин таван жилийн дараа амыг тэр хүмүүсийн амыг нь асууна. Би түүнд бол галзуу итгэлтэй байна. Гэхдээ би хийсэндээ цадаж амьдардаг хүн биш, түүнээсээ илүү зорилт тавьж амьдардаг хүн. Тэгж байж улс орон хөгждөг юм. Түүнээс биш “За, нэг албан тушаалд очлоо доо, тэрийг энийг хувьчлаад авчихна даа” гэж бодож амьдардаггүй. Тэр үе нь миний хувьд ард хоцорчихсон. Амьдрал үзээгүй хүн бол магадгүй. Хүний нас яваад ирэхээр амьдралын үнэлэмж хүртэл өөрчлөгддөг юм.

-Тэгвэл хамтарч байгаа намдаа хэр итгэл үнэмшилтэй байна. Одоо намаа шинэчлэх гээд, янз бүрийн юм сэдээд л байна?

-Тэр миний санаа тавих асуудал биш. Би өөрөө өөрийнхөө ажлыг дийлэхгүй шахуу байна.
Даахгүй нохой булуу хураана гэдэг байх аа. Би энэ намынхаа ажлыг засгийнхаа ажилтай л гайгүй шиг хийгээд явья.
 
Б.СЭМҮҮН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж