Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэв

УИХ-ын хаврын чуулганаар Монгол Улсын төсөвт тодотгол хийж, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, эхчүүдэд олгох тэтгэмж, тусламжийн хэмжээг энэ оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, шаардагдах хөрөнгийг төсөвт суулгасан билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдох шийдвэрийн төслүүдийг хэлэлцэж дэмжлээ.

Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар

Эдгээр шийдвэрийн төсөл батлагдсанаар төрийн албан хаагчдын цалинг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдэнэ. Цалин нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, хэмжээг жигд 30 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон учир албан тушаалын цалингаас тооцдог бүх төрлийн нэмэгдэл мөн тийм хэмжээгээр нэмэгдэх болно.Төрийн албан хаагчдын дундаж цалин өнөөдрийн байдлаар 323,0 мянган төгрөг, үүний дотор төрийн захиргааны албан хаагчдынх 336,7 мянган төгрөг,  төрийн үйлчилгээний албан хаагчдынх 321,3  мянган төгрөг, төрийн тусгай албан хаагчдын 310,0 мянган төгрөг байгаа бөгөөд цалин нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар төрийн захиргааных 437,7 мянган төгрөг, төрийн үйлчилгээнийх 417,7 мянган төгрөг, төрийн тусгай албаных 403,9 мянган төгрөгт тус тус хүрэх юм. Төрийн үйлчилгээний албан хаагчид нь ажил мэргэжлийн хувьд хэд хэдэн бүлэгт хуваагдах бөгөөд шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагын салбарын мэргэжлийн албан хаагчдын цалин төрийн захиргааны албан хаагчдын цалинтай ойролцоо түвшинд байгаа юм. Харин төрийн үйлчилгээний албанд ажилладаг бага тушаалын үйлчлэх албан хаагчдын цалин хөлсний дундаж бусад бүлгийнхээс 15,0 орчим хувиар доогуур байна. Төрийн албан хаагчдын хамгийн бага цалин 145134 төгрөг байснаа 188674 болж нэмэгдэж байна. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх арга хэмжээнд 154,0 мянган төрийн албан хаагч хамрагдах бөгөөд энэ оны сүүлийн улиралд 45,0 тэрбум төгрөг зарцуулах юм.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээний талаар

Нийгмийн даатгалын  сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгднэ. Үүний дотор бүрэн тэтгэврийн доод хэмжээ 81000 төгрөгөөс 105300 төгрөг болж, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 54000 төгрөгөөс 70200 төгрөг, дундаж тэтгэвэр 96600 төгрөгөөс 125500 төгрөг болж өсч байна. Нийт тэтгэвэр авагчдын 60,0 гаруй хувь нь бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэртэй байна. Энэ арга хэмжээнд нийт 308,0 мянган хүн хамрагдах бөгөөд 2010 оны сүүлийн улиралд 26787,1 тэрбус төгрөг зарцуулагдах болно.

Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн талаар
Энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бүтэн өнчин хүүхэд зэрэг асрамж халамж шаардлагатай хэсэгт олгодог нийгмийн халамжийн тэтгэвэр30 хувиар нэмэгднэ. Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн тэтгэвэр 41400 төгрөг байгаа бөгөөд 10 дугаар сарын 1-нээс 53820 төгрөг болж нэмэгдэнэ. Энэ тэтгэврийг 52,0 мянган хүн авах болно.

Хэвтрийн өвчтэй, байнгын асаргаатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бүтэн өнчин хүүхдийг асрамжиндаа авч асарч байгаа иргэнд тодорхой болзолтойгоор сар бүр мөнгөн тэтгэмж олгодог. Энэ нь том асрамжийн газруудыг байгуулж санхүүжүүлэхээс хямд өртөгтэй бөгөөд нийгэм хамт олон, ах дүү хамаатан садан дотор нь асрамжлах зорилготой үйлчилгээ юм. Өнөөдрийн байдлаар нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээ 24000 төгрөг байгаа бөгөөд 10 дугаар сарын 1-нээс 31200 төгрөг болж нэмэгдэх  болно.

Нөхөн олговрын доод хэмжээг нэмэгдүүлэх талаар

1997 онд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт орж, тэтгэврийн насанд хүрээгүй иргэдийн тэтгэвэр зогсоогдсон юм. Гэхдээ эдгээр иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор тодорхой хэмжээний мөнгө олгож байхаар Улсын Их Хурлаас тогтоосны дагуу сар бүр мөнгөн олговор олгож ирсэн. Анх нөхөн олговрыг 44000 хүн авч байсан бол одоо ихэнхи нь тэтгэврийн насанд хүрч тэтгэврээ авах болсноор одоо 84 хүн авч байна. Нөхөн олговрын доод хэмжээг нэмэгдүүлэхээр ын тогтоолын төслийг өргөн барихаар тогтлоо. Энэ тогтоол батлагдсан нөхцөлд нөхөн олговрын доод хэмжээ 81000 төгрөгөөс 105300 болж нэмэгдэх болно.

Эхчүүдэд олгох тэтгэмж, тусламжийн талаар

Нийгмийн халамжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу эхчүүд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр мөнгөн тэтгэмж авч байгаа билээ. Энэ тэтгэмжийн хэмжээ сард 20000 төгрөг байсан бол 26000 төгрөг болж нэмэгдэж байна. Жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхийн тэтгэмжийг 73,0 мянга гаруй эх авах болно.

Түүнчлэн “Эхийн алдар” нэг ба хоёр дугаар зэргийн одонтой эхчүүдэд жилд нэг удаа 100000 ба 50000 төгрөгийн тусламж олгож байгаа билээ. Энэ оноос энэхүү тусламжийг 200000, 100000 мянган төгрөг болгож 2 дахин нэмэгдүүлэхээр УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Энэ тогтоол батлагдсан нөхцөлд энэ жил “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой эхэд 50000, нэгдүгээр зэргийн одонтой эхэд 100000 төгрөгийг энэ онд багтаан олгох болно гэж  нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас мэдээлэв.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж