Дэд зөвлөлийн хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Дэд зөвлөлийн хуралдаан өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүү, эдийн засгийн бодлогын салбар зөвлөлийн дэргэд дөрвөн дэд зөвлөл байгуулагдан өргөн хүрээнд, шинэлэг хэлбэрээр ажиллаж эхлээд байна.

Үүний эхлэл болгож өнгөрсөн даваа гаригт “Төлбөрийн тэнцэл,валютын бодлогын дэд зөвлөлийн хуралдаан” болж эдийн засгийн төв байгууллагуудын 40 орчим төлөөлөгчид оролцож дэлхийн улс орнууд, түүний дотор манай улсын худалдааны гол түнш орнуудын эдийн засаг, худалдааны төлөв байдал, Монгол Улсын төлбөрийн тэнцэл, ханшны бодлого, цаашдын чиг хандлага, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын байдал сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийв.

Өнөөдөр дараагийн дэд зөвлөл болох Мөнгөний бодлогын дэд зөвлөл хуралдсан бөгөөд энэ удаагийн хуралдааныг УИХ-ын гишүүн О.Чулуунбат даргалан явуулав. Хуралдаанаар Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикын хорооны холбогдох алба, хэлтсийн дарга нар Мөнгөний тойм, Үнийн индекс, өрхийн орлого, зарлагын судалгаа, Монгол Улс дахь инфляцийн хүчин зүйл, өдөөгчийн асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцав.

Дэд зөвлөлүүд байгуулсан зорилго нь эдийн засгийн төв байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн мэдээлэлтэй болох, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн хоорондын уялдааг хангах, бодит тоон мэдээллийг иргэд, олон нийтэд түргэн шуурхай тараадаг байхад оршиж байгаа юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж