Бүрэн төгс хариултыг бид олоогүй байна

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Бүрэн төгс хариултыг бид олоогүй байна

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойг угтаж өнөөдөр МАХН-аас “МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН УУГАН БАЙГУУЛЛАГА МАХН БА УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”  сэдэвт шинжилгээний бага хурал зохитон байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

МАХН-ын ахмад зүтгэлтнүүд,
Журмын нөхөд өө,
Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид аа,
Хатагтай, ноёдоо,
Та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилье.

    Ирэх 2011 онд үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойг бид ёслон тэмдэглэнэ. Манж Чин улсын 200 жилийн эрхшээлээс гарч, тусгаар улс, шашин төрөө мандуулахаар зорьсон 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын туйлын зорилгыг эцэст нь хүргэж, эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, улс үндсээ сэргээн хөгжүүлэх замд оруулсан 1921 оны Ардын хавьсгалыг удирдан зохион байгуулагч, Монгол орон дахь улс төрийн ууган хүчин МАХН-ын 90 жилийн ой бас ирэх жил тохионо.

Эдгээр их ойнуудын босгон дээр бид өнгөрсөн түүхээ эргэн харж, бахархан дурсахын хамт алдаа оноо, амжилт бүтээлээ нэгтгэн дүгнэж, цаашдын хөгжлийн зорилт, чиглэлээ тодорхойлох шаардлагатай байгаа энэ үед энэхүү эрдэм шинжилгээний бага хурал болж байна.

    1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь 1921 оны Үндэсний ардчилсан Ардын хувьсгалын угтал байсан бөгөөд ХХ зууны эхэнд Монголын түүхэнд болсон энэхүү хоёр томоохон үйл явдал нь Монгол улсын эрх төлөө, тусгаар тогтнолын төлөө үндэсний ардчилсан үзэл санаанаас үндэс улбаатай билээ. 1921 оны 3 дугаар сарын 1нд хуралдсан Монгол Ардын Намын Анхдугаар Их хурал “Монгол Ардын намаас гадаад Монголын ард түмэнд тунхаглан зарлан бичгээ батлан гаргаж, түүндээ “…Манай Монгол үндэсний олон амьтан уул газар, ус юугаан эзэлж, түмэн ардын зовлон жаргалангийн аливаа явдлыг бүгдээрээ зөвлөн шийтгэж, хүмүүжин боловсрох их замыг нээж, мөхсөн төр юүгээн шинэчлэн босгож, тасарсаныг залган, хэмхэрсэнийг эвлүүлэн нийлүүлэх их үйлст амь бие, эд зоорио огоортол зүтгэсүгэй хэмээн бат журмаар барилцан, Монгол Ардын Нам байгуулж” байна хэмээн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үзэл санааг тунхаглан зарлажээ. Мөн энэхүү баримт бичиг болон түүний оршил бичигт : “эр чадал, эрдэм билиг юүгээн бадруулан гэгээрүүлж, улам боловсрон хэн тэгш жаргацгаахыг хүснэ”, “харгисыг халах, боловсролыг урагш дэвшихийг эрмэлзэх, ард иргэний эрхийг нийтэд тэгшлэн залах”, “капиталын эрхэнд автсан улс бүхий засаг нь маш шударгагүй ба хэдхэн их хоршоо ба банкнуудын ашиг олз дээрээс хүй олон ард амьтан үрэгдсэн зэрэг учраас… ” гэх мэтээр нийгмийн шударга ёсыг эрхэмлэсэн заалтууд ч орж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь тухайн түүхэн үеийн бодит байдалд нийцэж байснаас гадна Монгол Ардын Намын чин эрмэлзлэлийн илэрхийлэл байсан юм.

Манай нам үе үеийн эх орончдын баатарлаг тэмцлийн үр дүнд түүхийн хүнд хэцүү сорилтууд, даваа, нугачааг даван туулж, өнгөрсөн зуунд өөрийн тусгаар тогтнолыг дэлхийн томоохон гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлж, 1961 онд Монгол улсаа НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлж, Монголчуудын олон зууны мөрөөдлийг хэрэгжүүлж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй.

Бидний энэ туулсан зам дардан сайхан байгаагүй. Намын эхэн үеийн үзэл баримтлал аажимдаа гадны хүчний тулгалт, тухайн үеийн геополитикийн аргагүй хүчин зүйлст шахагдан өөрчлөгдөж эхэлсэн нь мөн түүхэн баримт билээ. Даян дэлхийд коммунист нийгэм байгуулахыг зорьсон Коминтерны үзэл суртлын тулгалт хориод оны сүүлээс улам гүнзгийрч Монгол Ардын Намыг нэрээ солиход хүргэж, намын үзэл баримтлалаас үндэсний ардчилсан үзэл санаа балран бүдгэрч, ниймийн чиг баримжаатай зүүний үзэл санааг хэт зүүний болгон туйлшруулсан гунигт түүхтэй. Хэдийгээр МАХН-ын албан ёсны үзэл суртал өөрчлөгдсөн ч тухайн үеийн Монголын удирдагчид эрх чөлөө, тусгаар тогтнолдоо үнэн ч байж, эх орныхоо тусгаар байдлыг бататгах хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө ямагт зүтгэж ирсэнийг 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, ард нийтийн санал асуулга, 15 жил үргэлжилсэн НҮБ-д гишүүнээр элсэх тэмцэл харуулдаг. 

90-ээд оны эхээр дэлхийн социалист систем задран бутарч, Монголд ардчилсан өөрчлөлт өрнөх бодит нөхцөл бололцоо бүрдсэн юм. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж өгсөн 1990 оны ардчилсан хувьсгалыг эхлүүлэх, өрнүүлэхэд МАХН мөн идэвх зүтгэлтэй оролцсон. 1987 оноос эхлэн улс төр, эдийн засгийн хурц асуудлуудыг хөндсөн өгүүллүүд “Үнэн” сонинд нийтлэгдэж эхэлсэн бөгөөд 1988 оны МАХН-ын Төв хорооны V бүгд хурлаар МАХН-ын эрдэмтэд нийгмийн амьдралын бүх салбарт өөрчлөлт хийх, шинэчлэлийг түргэсгэх шаардлагыг тавьж байжээ. Нам нийгмийг удирдан чиглүүлэх үүргээсээ татгалзаж, анхны чөлөөт сонгуулийг явуулан, МАХН-ын гишүүд 80 хувийг нь бүрдүүлж байсан Ардын Их Хурал 1992 оны ардчилсан Үндсэн хуулийг батлан гаргасан билээ.

Энэ өөрчлөлт шинэчлэлтийн явцад МАХН гаднаас тулгагдсан үзэл суртлаас татгалзан үзэл баримтлалаа шинэчлэх тодорхойлох эрэлд гарсан юм. 1990 онд хуралдсан МАХН-ын Онц их хурал намын нийгмийг удирдан чиглүүлэх үндсэн хуулийн заалтаас татгалзаж, ардчилсан өөрчлөлтийг эхлүүлэх замыг тавьсан. 1992 онд хуралдсан намын XXI их хурал “МАХН үндэсний ардчилсан үзэл санааг баримтлана.Энэхүү үзэл санаа нь Монголын ард түмний оюун ухааны шилдэг өв уламжлалд, хүн төрөлхтний мэдлэг, туршлагын үнэт зүйлсэд үндэслэнэ” гэж заажээ.Гэвч тус их хурлаас гаргасан баримт бичгүүдэд үндэсний ардчилсан үзэл санааны онол арга зүйн үндэс нь төв ёсны үзэл гэж заасан нь аажмаар намын үзэл баримтлал нь төв үзэл юм гэсэн ойлголт тархаж, үндэсний ардчилсан үзэл санаа бүдгэрэхэд хүрсэн байна.Намын  XXII их хурлаас ардчилсан социалист үзэл баримтлалыг сонгож, улмаар МАХН Дэлхийн  Социалист Интернационалын жинхэнэ гишүүнээр элсэн орсон юм. МАХН зүүн төвийн үзэл баримтлал дээр төлөвшин тогтнож, явуулж буй бодлого, үйл ажиллагаа нь энэ үзэл баримтлалаар тодорхойлогдож ирсэн бөгөөд “эрх чөлөө, шудрага ёс, эв нэгдэл”-ын гурамсан зарчимыг баримталж ирсэн юм. Нөгөөтэйгүүр, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үзэл санаанд хэзээ ямагт үнэнч байж ирсэнийг МАХН үүсэн байгуулагдсаны өдрийг Монголын эх орончдын өдөр хэмээн тэмдэгдэх болсон нь ч гэрчичлж буй юм.

Эрхэм журмын нөхөд өө,

Манай улс өнгөрсөн 20 жилд ардчилал, шинэчлэлийн замаар замнаж, эдүгээ олон намын тогтолцоотой, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засагтай, нээлттэй, олон тулгуурт  гадаад бодлого бүхий өнгөрсөн 20 жил бидний туулсан ээдрээтэй зам, тулгарсан сорилтуудын хувьд Ардын хувьсгалын эхний 20 жилээс ялгаагүй хүнд бэрх жилүүд байсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Энэ 20 жилд чамгүй амжилтыг бид олж, цөөнгүй алдаа ч хийсэн. Өнөөдөр Монгол улс маань ашигт малтмалын томоохон ордуудыг эргэлтэнд оруулж, дэд бүтэц, боловсруулах үйлдвэрийн томоохон төслүүдийг эхлүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээж, нэг үгээр хэлэхэд шинэ хөгжлийн гараан дээрээ ирээд байна гэж хэлэхэд болохоор байна.

    Өнгөрсөн 20 жилд эрх зүй, улс төр, нийгэм эдийн засгийн хүрээнд олсон амжилт, алдсан алдаагаа цэгнэн дүгнэж дараагийн 20 жилд дэвшүүлэх зорилт, хэрэгжүүлэх зорилгоо тод томруун томъёолох шаардлага улс орны өмнө тулгараад байна.  Шилжилтийн үе дууслаа гэж зарлах сайхан, гэхдээ энэ үед бид ямархуу байдлаар асуудлыг шийдэж, хаана нь алдаж онов гэдгээ эргэн харж, ирээдүйн зорилгоо дэвшүүлэхдээ алдаагаа давтахгүй, ололтоо бэхжүүлэх зарчим байх нь зүйн хэрэг. Хөгжлийн зорилтоо томъёолж, нийгэм эдийн засгийн эрчимтэй шинэчлэлийг хийхийн тулд ямар онол арга зүйн арга барилаар асуудалд хандах вэ гэдэг чухал. Өнгөрсөн 20 жилийн 16-д нь МАХН дангаар эсвэл хамтарсан ямар нэг хэлбэрээр төр, засгийн эрхийг барьж ирлээ. Тэгэхлээр энэ улс төрийн хүчний үзэл баримтлал, асуудалд хандаж ирсэн хандлага энэ он жилүүдэд төрөөс барьж ирсэн бодлогыг тодорхойлж ирсэн нь ойлгомжтой. Ийм ч учраас шилжилтийн 20 жилийнхээ хөгжлийн бодлого, үр дүн сургамжинд нягт нямбай дүгнэлт хийх шөаардлагатай гэж үзэн, эрдэмтэн судлаачид, нам улс төрийн ажилтнуудын өргөн оролцоотой ажлын хэсгийг байгуулан, 10 дугаар сарын эхээр томоохон эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарыг хамарсан энэхүү судалгаа дүгнэлтийг үндэслэн дараагийн 20 жилийн хөгжлийн бодлогоо тодорхойлж, МАХН-ын ээлжит 26 дугаар их хурлаар хэлэлцүүлэхээр бид төлөвлөж байна. Бидний Монгол улс 20 жилийн дараа ямар улс байх вэ гэдгийг тодорхойлж, эрхэм зорилго, бодлого чиглэлээ нэгэн сэтгэлээр зангидаж, эв эеийг хичээн хамтран зүтгэвээс бид шинэ, сайхан Монгол улсаа бүтээж чадна. Шинэ, сайхан Монгол улс гэж би эртний сайхан уламжлал, соёл дээрээ үндэслэсэн, орчин үеийн хөгжил, дэвшлийн ололт, мэдлэгт тулгуурласан, иргэд нь эрүүл, боловсролтой, баян чинээлэг, олон улсын хамтын нийгэмлэгт бат сууриа эзэлсэн тогтвортой хөгжих Монгол улсыг төсөөлж байна.

Монгол улсын хувьд эдийн засаг үсрэнгүй хөгжих боломж, эерэг таатай нөхцөлүүд бүрдэж байна гэж хэлэхэд болно. Үүний зэрэгцээ нийгэм, улс төрийн эерэг, сөрөг дотоод, гадаад нөхцөлүүд ч үүсч бий болж байгааг үгүйсгэж болохгүй биз ээ.

Энэ зун эх орныхоо ихэнх аймгуудаар, хангай говь, хээр талаар нөхдийн хамт явахад бахархах сэтгэл надад төрж байлаа. Асар их боломж бидэнд байна. Хамгийн гол нь ард, иргэдийнхээ санаа бодол, шилжилтийн үеийг дуусгаж, хөгжлийн төлөө урагшлах хүсэл, эрмэлзлэлийг сонслоо. Уулзалтуудын үеэр иргэд маань үнэтэй санал бодлоо илэрхийлж, үндэсний язгуур эрх ашгаа дээдэлсэн, хөгжлийн шинэ арга зам, гарцыг эрэлхийлж байгаа нь харагдаж байлаа. Намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт хийж байхад МАХН өөрийн нэр, үзэл баримтлалдаа уламжлал, шинэчлэлийг хослуулан шинэтгэл хийж, өнөө цагийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бодлого зорилтыг дэвшүүлэх цаг болсон гэж мянга, мянган гишүүд, дэмжигчид, залуучууд, нам бус иргэд санал бодлоо илэрхийлж байсан.

Олон асуудлууд бидний өмнө хариугаа нэхэж байгааг ч тэмдэхгүй өнгөрөх аргагүй. Шилжилтийн гэгдэх энэ үе маань хэзээ дуусах вэ?, ард иргэдийн ажил, амьдрал тэгширсэн, нийгмийн чинээлэг дундаж давхарга зонхилсон, нийгмийн тэгш эрх, шударга ёс хэзээ яаж хангагдах вэ, ядуурлыг яаж бууруулах вэ, байгаль орчны тогтвортой хөгжлийг яаж хангах вэ, хот, хөдөөгийн болон боловсролын, хөрөнгийн ялгааг яаж багасгах вэ, авилгаас ангид нийгэм, шударга ёс, тэгш эрхийг яаж тогтоох вэ гээд олон асуултууд эцсийн хариугаа нэхсээр байна.

Нийтлэг байдлаар нь авч үзвэл эдгээр асуудлууд бүгд ЯАЖ гэдэг асуултын хариултыг нэхэж байна. Өөрөөр хэлбэл биднээс арга замыг асууж байна. ЯАЖ гэдэг энэ асуултын хариултыг шилжилтийн энэ 20 жилд бид бүрэн төгс хариулж чадаагүй л байна.

Дэлхий ертөнц ч ЯАЖ гэдэг энэ асуултын хариултыг сүүлийн 20 жил эрэлхийлж ирсэнийг тэмдэглэх хэрэгтэй биз ээ. Бид өндөр хөгжилтэй орнуудын замыг дагаад яваад байвал өнөөгийн хөгжлийн түвшинд нь хэзээ хүрэх вэ? Хөгжлийн замыг товчилсон гэгддэг манай бүс нутгийн Сингапур, Өмнөд солонгос гээд “Азийн бар” орнуудын туршлага бидэнд хэрэгтэй юу? Монголын онцлог болох тархай суурьшсан цөөн хүн ам, эрс тэс уур амьсгал зэрэг онцлог байдлаараа гуравдагч замыг түлхүү баримталдаг Канад, Скандинавын орнуудын туршлага сонирхол татах уу? Гэсэн маргаан ч өрнөж байна.

Дэлхий ертөнц улам даяаршиж, даян дэлхийд чөлөөт зах зээлийн эдийн засаг тархаж, мэдээллийн чөлөөт урсгал, шинжлэх ухаан технологийн ололтууд сүүлийн 20 жил дэлхийн хөгжлийг тодорхойлох болсонтой холбогдуулан дэлхийн социалист хөдөлгөөний нэртэй удирдагчид шинэ нөхцөл байдалд тохирсон үзэл баримтлалын эрэлд гарсан билээ. Зах зээлийн эдийн эдийн засаг, зүүны нийгмийн чиг баримжаатай бодлогыг хослуулах оролдлогыг 50-д оноос эхлэн, 80-аад онд эрчимжиж ирсэн юм. Социалист систем задран бутарч, коммунизмын онол явцгүй гэдэг нь тодорхой болсон энэ үед социалист, социал демократ болон хөдөлмөрийн намууд хүчээ авч буй нео-либерализмын үзлийн  эсрэг Гуравдагч замын онолыг сөргүүлэн тавьсан билээ.

        Чөлөөт зах зээлийн үзэл баримтлалыг социал демократуудын эрмэлзлэл болсон тэгш эрх, нийгмийн шударга ёсны зарчимтай уялдуулан боловсруулсан “Гуравдагч зам” гэсэн онолын үндэс суурийг тавигчдын нэг болох Лондонгийн эдийн засгийн сургуулийн профессор Энтони Гидденс “Гуравдагч зам: Нийгмийн ардчиллын сэргэлт” номондоо энэ үзэл баримтлалын үндсийг тодорхой томъёолсон байдаг. Австралийн Лейборист намын засгийн газар (Ерөнхий сайд Энтони Хоук, Пол Кийтинг) 80-аад оноос ”Гуравдагч замын” бодлогыг хэрэгжүүлж байсан бөгөөд АНУ-д Ерөнхийлөгч Билл Клинтоны үед, Британид Ерөнхий сайд Тони Блейр, Гордон Брауны үед, Канадад Ерөнхий сайд Жан Лу Кретьен, Пол Мартин нарын үед, Австралид мөн Ерөнхий сайд Кевин Радд, Шинэ Зеландад Хелен Кларкийн Засгийн газрын үед “гуравдагч замын” үзэл баримтлалыг чиг баримжаагаа болгож иржээ. Австралид Ерөнхий сайд Кевин Радд 1998 онд Парламентад хэлсэн үгэндээ “өрсөлдөөнт зах зээл нь баялгийг бүтээх үр дүнтэй механизмын хувьд эдийн засгийг удирдахад төв байр суурь эзлэх ёстой. Гэхдээ зах зээл үйлчилж чадахгүй тохиолдолд аж үйлдвэрийн бодлого гэх зэргээр төрийн зохицуулалт орж ирэх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсдэг. Заримдаа зах зээл огт үйлчилж болохгүй салбар, нөхцөл байдал ч байдаг. Дэлхий даяар зүүн төвийн үзэл баримтлалтай намууд нийгмийн шудрага ёсыг эрхэмлэсэн зорилтыг өрсөлдөх чадвартай эдийн засагтай хослуулах шаардлагатай тулгарч байна. Зарим нь үүнийг гуравдагч зам хэмээн нэрийддэг” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Монгол улсын Ерөнхий сайдын хувьд би ХХ зуунд Монгол орны олсон эрх чөлөө, тусгаар тогтнолоо шинэ зуунд эдийн засаг, нийгмийн хөгжлийн цоо шинэ түвшинд хүргэн бататгаж, ард түмнийхээ амьдралын чанарыг сайжруулж, иргэдийн боловсрол, эрүүл мэндэд анхаарч, хувийн хэвшлийнхэндээ бизнес эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлж, төр-иргэний нийгмийн харилцаа, холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны салбаруудад хөрөнгө оруулалт хийх ёстой гэж үздэг. Бидний хөгжлийн үзэл баримтлал Монгол улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын үзэл баримтлал, бодлого дээр суурилах ёстой.

Шинэ нөхцөл байдалд нийгмийн чиг баримжаатай төрийн зохион байгуулалт, эрх, үүргийн нэгдлийг хангасан иргэний нийгмийн жинхэнэ оролцоо, нийгмийн хариуцлагыг ухамсарласан эдийн засгийн тогтолцоо, байгаль орчны доройтолд анхаарлаа хандуулсан нийгмийг шаардаж байна. Манай нам шинэ үеийн энэ шаардлагад нийцүүлэн бодлогоо томъёолохдоо өөрийн уламжлалт түүхийн хувьд баримталж ирсэн, өнөө хэр ач холбогдолоо алдаагүй, даян дэлхийд улс төрийн хүчнүүдийн хүлээн зөвшөөрч байгаа социнтернийн гишүүн намуудын өргөн дэмжлэгийг авсан үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрхэмлэсэн нийгмийн чиг баримжаатай зүүн төвийн үзэл баримтлал буюу гуравдагч замын үзэл баримтлал бидэнд эхээхэн нийцтэй байхаар харагдаж байгаа юм. Өнөөдөр Социнтерний гишүүн 115 намуудаас 70 нь зүүн төвийн үзэл баримтлалыг эрхэмлэж, 16 нам гуравдагч замыг үзэл баримтлалынхаа баримжаа болгож байна.

1990 оноос хойш МАХН Засгийн эрх барьсан жилүүдэд мал сүрэг, төрийн өмч, газрыг хувьчлах түүхэн шийдвэрүүдийг гаргаж, нийгмийн ядуу, буурай давхаргыг дэмжиж, тэгш боломж олгох бодлогыг явуулж ирсэн нь ч манай нам өргөн утгаараа нийгмийн чиг баримжаатай үндэсний ардчилсан нам байж ирснийг харуулж байгаа юм.

     Өнөөдөр дэлхий дахинд даяаршлын үйл явц өрнөж, ашигт малмалын томоохон ордуудаас хамааран дэлхийн анхаарал Монгол орны зүгт хүчтэй хандаж, хөрш орнуудын эдийн засгийн өсөлт, тэднээс үндэсний эдийн засгийн хамаарал ч нэмэгдэж буй энэ үед эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал ч хурцаар тавигдаж байна. Үндэсний соёлын өв, соёл урлагийн хөгжил, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн нийгмийн үүрэг ролийг ч анхааархгүй бол даяаршиж буй өнөөгийн ертөнцөд өсөн бойжиж буй өсвөр үе маань өрнөдийн урлаг, донын киногоор хүмүүжиж, өөрийн гэх үндэсний онцлог, түүх соёлоо мэдэхгүй болж хүмүүжих аюул ч байгааг үгүйсгэх аргагүй болж байна. Ийм үед үндэсний аюулгүй байдлын хэрэгцээ шаардлагад онцгой анхаарал хандуулж, эдийн засгийн өсөлтийг Монгол хүний аж төрөх, ажиллах хөдөлмөрлөх ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглүүлж, нийгмийн дундаж давхаргыг бий болгож, ядуу буурайдаа тэгш боломжийг олгоход намын бодлого чиглэх учиртай.

    Бид 20 жилийн өмнө сонгосон зах зээлийн эдийн засгийн сонголтоосоо ухрахгүй нь ойлгомжтой. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлт эдийн засгийн тогтолцоог тодорхойлж, төр энд гацаа, саадыг арилгаж, эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэх ёстой. Сүүлийн үед зах зээл тодорхойлох учиртай олон зүйлд төр хутгалдах, хутгалдсангүй  гэж төрийг буруутгаж, өнгөрснөө санагалзаж буй ч юм шиг үзэгдэл харагдах боллоо. Гэхдээ бүх зүйлээ зах зээлийн зохицуулалтад орхиж болохгүй. Түүнчлэн эрүүл мэнд, боловсрол нийгмийн асуудлууд төрийн зохицуулалтад байх ёстой. Өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, нийгмийн ядуу, буурай хэсэгт оногдох цохилтыг зөөллөх, төрийн бодлогоор тодорхой эдийн засгийн салбарын хөгжлийг хурдасгах гээд төрийн зайлшгүй оролцох хэрэгцээ шаардлага ч гарах нь ойлгомжтой.

    Нэгэн үеэ бодвол улс орны маань эдийн засаг хөгжиж, төсвийн орлого нэмэгдэж, ядуу буурайгаа анхаарах, дэмжих тэтгэх бололцоо гарч байна. Гэхдээ үүнийг хомрогочлон бүгдэд нь мөнгө цацах, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүртэл халамжийн арга хэмжээг томруулах, улс төрийн сонгуульд нөлөөлөх арга хэрэгсэл болгон ашиглах таагүй үзэгдэл гарахаас ч бид сэргийлэх ёстой. Нийгмийн хөгжлөө урагшлуулах, ажилгүй, ядуу хэсэгтээ тэгш боломж олгох бодлогыг бид зүүн төвийн намын хувьд хэрэгжүүлэх ёстой.

    Төрийн зохицуулалтыг зохистой түвшинд байлгаж, байх ёстой газраа байсан шиг байж, байхгүй газраа саад тотгор болохгүй байх хэрэгтэй. Төрийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод тунгалаг байж, жинхэнэ утгаараа төлөвшсөн иргэний нийгмийн оролцоог хангах нь зүйн хэрэг.

Энэ бүхнийг би өнөөдөр хөндөж яриад байгаагийн учир шалтгаан нь бидний өнөөдрийн бодит амьдрал, зорилго зорилт маань тунхаглаж  буй бодлого, үзэл баримтлалтайгаа нийцэх ёстой гэж бодож байгаад оршиж байгаа юм. Барууны эдийн засгийн болон зүүний нийгмийн бодлогын аль алиных нь давуутай талыг ашиглан, үндэсний ардчилсан үзэл санаагаар баяжуулж, технологийн дэвшил, боловсрол, чөлөөт өрсөлдөөний механизмыг хөхүүлэн дэмжиж, эдийн засагт шударга байдлыг тогтооход чиглэсэн шинэчлэлийг хийх замаар улс орныхоо цаашдын хөгжлийн чиг баримжааг тогтоох ёстой.

    Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөг дээдэлж ирсэн манай намын хувьд анх байгуулагдахдаа авч байсан Монгол Ардын Нам гэдэг ууган нэрээ сэргээх нь үүнтэй холбоотой юм. Тэрэлжид болсон Намын Удирдах Зөвлөлийн, УИХ дахь намын бүлгийн гишүүдийн уулзалтын үеээр намын ууган нэрийг сэргээж, намын эрхэм дээд үнэт зүйлсийн нэг болох үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөний үзэл санааг үзэл баримтлалдаа тодруулан тусгах талаар ярилцсан билээ. Энд нэг зүйлийг тодруулан хэлэхэд үндэсний тусгаар тогтнолын үзэл санааг үндсэрхэг үзэлтэй хольж тусгах, нам зүүн төвийн байр сууринаас хэлтийж, баруун тийш үзэл баримтлалаа солих гэж буй мэтээр ташааран ойлгож болохгүй. Монгол Ардын намын анхнаасаа баримталж ирсэн үндэсний ардчилсан үзэл санаа улс орны тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, Монгол үндэстэн хөгжин дэвшихийн тухай ярилцсан зүйл болохоос үндсэрхэг үзэлд автаж, бусдийг доорд үзэх тухай огтоос байгаагүйг бүгд ойлгох  буй за. Иймээс бид намын түүхэн уламжлал болсон үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө үзэл санаагаа шинэ зууны сорилтуудыг даван туулах, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах, үндсэн хуулийн хэм хэмжээгээ хэлбэрэлтгүй сахих хэмээн ойлгох ёстой. Тэрчлэн бид зүүн төвийн намын хувьд төрийн хязгаарлагдмал оролцоотой зах зээлийн зохицуулалтыг дэмжсэн, нийгмийн чиг баримжаатай, ядуу, буурайд тэгш боломжийг олгосон, нийгмийн дунд давхаргыг бий болгох бодлогыг явуулдаг нам байсан, байх ч болно.

    Өвөг дээдэс маань эх орныхоо тусгаар тогтнолыг урсгасан цус, өргөсөн амь, асгаруулсан хөлсөөрөө сахиж ирсэн эх орончид байсан. Өнөө үеийн эх орончид бид хэл соёлоо дээдэлдэг, тусгаар тогтнолоо дээдэлдэг, тусгаар тогтнолоо эрхэмлэдэг, Монгол хүн бүр сайхан амьдрахын төлөө тэмцдэг байх ёстой.  Энэ бол манай намын үнэт зүйлс, эрхэм чанар байх ёстой. Манай нам үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө эрхэмлэсэн, нийгмийн чиг баримжаатай зүүн төвийн нам юм.

     Намын шинэчлэлийн хүрээнд хэлэлцэгдэж буй олон сайхан санаануудаас социал-демократизын Гуравдагч замын тухай үзэл баримтлал нь нийгмийн сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хавтгайрсан халамжаас хүн болгонд боловсрох, хөгжих, чинээлэг амьдрах тэгш боломж олгох, хязгаарлагдмал төгс бус зах зээлд зөвхөн өрсөлдөөний бус, оновчтой төрийн зохицуулалт, оролцоо бүхий бодит эдийн засаг, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэл гэж үзэж болох юм.

    Өнөөдөр энэ хэлэлцүүлгээр эрдэмтэн мэргэд маань үзэл баримтлалын чухал асуудлаар саналаа солилцоно. Эрдэмтэн, судлаач Та бүхэн маань энэхүү хэлэлцүүлэг, энд хөндөгдөж буй зарчмууд дараагийн 20 жилд Монгол улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн хөгжлийн бодлогыг томъёолох үндсэн зарчмуудаа хөндөж байгааг ч бас олон нийтэд хэлэх ёстой гэж бодож байна.
    Та бүхэндээ өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт мэргэн оюун, цэцэн бодлоо уралдуулаарай гэж хүсэн ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж