МАХН гэдэг нэр муухайдаа биш

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

МАХН гэдэг нэр муухайдаа биш

Монголын Ардчилсан Социалист залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баярмагнайтай  ярилцлаа.

-МАХН-ын их хурлын өмнө залуучууд нь мөн хурлаа хийхээр болжээ. МАСЗХ-ны IV их хурлаар  ямар ямар асуудлыг хэлэлцэх бэ. Холбооны нэр солих удирдлагыг сонгох зэрэг  асуудлууд багтсан уу?

-Залуучуудын байгууллагын хурал намын их хурлын өмнө болж байгаагаараа ач холбогдолтой. Монголын Ардчилсан Социалист залуучуудын байгууллага байгуулагдаад олон жил болохдоо сайн муу  хэлэгдэж, унаж босож өнөөдрийг хүрлээ. Эргээд харахад алдсан юм ч байна оносон юм ч байна. Гэсэн ч манай холбооны үндсэн зорилго залуучуудын өсч өндийх, хөгжих бололцоог олгохын төлөө чармайн ажиллалаа.

Дэлхийн нийтийн чиг хандлагыг харахад залуучуудыг аргадаж энхрийлсэн байхаас илүү хөгжиж дэвжихэд нь түлхэц болох үйл ажиллагаа, үзэл баримтлалыг чухалчилж байна.  Мөн гурав дахь төвч үзэл гэж их яригдаж байна. Энэ нь зүүний болон барууны үзэл баримтлалаас сайн талуудыг нь авч, өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм боловуу.
 Энэхүү үзэл санааг залуучууд бид зөв бодлого, зөв үзэл баримтлал гэж ойлгож байна. Үүний зэрэгцээ хамгийн үнэтэй зүйл минь эх орон, тусгаар тогтнол гэдгийг 21 аймгийн залуучуудын дунд зохион  байгуулсан бүсийн чуулганаар залуучууд ярьж байна. Тэгэхээр энэ удаагийн их хурлаар хэн нэгэн удирдлагыг солиод асуудал шийдэгдэхгүй.
 Аливаа зүйлийг цогцоор нь үзэл баримтлал, нэр, үйл ажиллагааг шинэчилж шинэ хөгжлийн үетэйгээ хэрхэн хөл нийлүүлэн алхах талаар ярилцана. Гишүүд дэмжигчтэйгээ нээлттэй ярилцсан хурал болно гэдэгт итгэлтэй байна.

-МАСЗХ-ны удирдлагад байсан хүмүүсээс төсвийн мөнгө шамшигдуулсан, хэрэг төвөгт нэр холбогдсэн гэх хэл ам нэг хэсэгтээ салаагүй. Үүнээс болж танай холбооноос Зүүний хүчний холбоо жигүүр болон гарсан гэдэг үнэн үү?

-Зүүний хүчний холбоог намын хэсэг залуус сэтгэл нийлэн байгуулсан төрийн бус байгууллага. МАСЗХ-ны залуучууд 35 нас хүрээд өөрийн эрхгүй гишүүнчлэлээсээ татгалзах хэрэг гардаг. Ингэж гарсан залуус Зүүний хүчний холбоонд орсон нь хар дагуулж байгаа байх. Тэгэхээр үзэл бодлоороо нэгдсэн залуучуудын байгууллага юм. Тиймээс хардаж сэрдэх юм байхгүй. Мөн МАСЗХ-ноосоо гараад заавал Зүүний хүчний холбоонд нэгдэх ёстой гэж шаарддаггүй. Өөрийнхөө итгэл үнэмшлээр нэгдэж байгаа олон залуу бий.

-Зүүний хүчний холбоо тэгэхээр залуучуудын байгууллагаас өрх тусгаарласан жигүүр, намын удирдлагын хэмжээнд нэлээд дээгүүр байр суурь эзэлдэг гэж яригддаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-МАХН-ын дүрмээр хүлээн зөвшөөрсөн  албан ёсны ганц жигүүр байгаа. Зүүний хүчний холбоонд МАСЗХ-ноос гарсан, намдаа элэгтэй, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлэлтэй залуучуудын нэгдэл гэж ойлгож байгаа.

-МАХН-ынхан  нэр, үзэл баримтлалаа солихоор ярилцаж байна. Залуучуудаас үүнтэй санал зөрөлдөх зүйл байна уу?

-Чөлөөт ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх бүх хүнд тэгш бий. Манай нам нэрээ өөрчлөх гэж ярилцаж байна. Гэхдээ үзэл бодлоосоо гэнэт урваад шинэ нэр авах гэж байгаа зүйл биш. Монгол ардын нам /МАН/ гэсэн түүхэн цаг үеийн буюу 90 жилийн өмнөх нэрээ сэргээж авахыг залуучууд харин ч дэмжиж байгаа. Үндэсний үзэл, эх орноороо бахархах, эх орондоо сайхан амьдрах зарчим нь үндэсний үзэл баримтлал юм болов уу. МАХН олонхийн саналаар асуудлыг шийддэг. Тэгэхээр намын гишүүд, залуучууд үүнд өөрийн саналаа хэлж эцсийн шийдвэрийг намын Их хурлаас гаргана.

-Сонгууль дөхсөн үед нэр солиод сайн юманд хүргэхгүй гэсэн бодолтой гишүүд байх шиг байна. Хүн хэчнээн нүүрээ угаасан ч үзэл бодол, хувь хүн хэвээрээ л байдаг гэдэг. Таны бодлоор…?

-Миний бодлоор бидний үйл ажиллагаа, үзэл баримтлал бүр нэртэй холбоотой. Өнөөдөр МАХН гэдэг нэр муу муухай болоод солихоос өөр аргагүй байдал хүрээгүй. МАХН нийгэмд, улс орондоо юм хийсэн, хийнэ гэдгээр нь залуучууд дэмжиж байна. Түүнээс залуучуудад хоол олдохгүй, намын хэдэн удирдлагуудыг аялдан дагаж гүйж байж ажил, амьдралаа залгуулж байгаа хэрэг биш.

Бид шүүмжлэх зүйлийг нь шүүмжилж, дэмжих зүйлийг нь дэмждэг. Одоо залуучууд дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа үйл явдлын мэдээ, мэдээллийг нээлттэй авч чаддаг тийм нийгэмд амьдарч байна.
Тэр хэмжээгээрээ  сэтгэлгээний болон амьдралын хэв маяг нь өөрчлөгдөж байна, тэгэхээр нэр өөрчлөгдөх өөрчлөгдөхгүй асуудал гол нь биш.
Бидний хэрэгжүүлж байгаа ажил  сэтгэлгээний хувьд ч  цаг үеэ мэдэрсэн байх нь чухал. Залуучуудын хүсч байгаа зүйл амгалан тайван, эрүүл орчинд ажиллаж амьдрах. МАХН монгол ахуй сэтгэлгээнд тохирсон нуруутай, жудагтай, хөгжлөөс хазайлгачихгүй, уламжлал шинэчлэлийг хослуулсан, ахмад, залуу үеэ аваад явж байгаа нам. Энэ л итгэл үнэмшлээр бид явж байна. Хэн хөрөнгө мөнгөтэйх нь ажил бүтэмжтэй байдаг зүйлээс татгалзаж бүгдэд тэгш хөгжих боломжийг олгосон олонхи нь сайхан амьдарч үлдсэн цөөн хэсгээ  өөд нь татаад аваад явчих нийгмийг хүсч байна. Ийм залуучуудын нэгдэл МАХН-д байна.

-МАХН-ын гишүүдийн дунд үе хоорондын зөрчил гардаг гэдгийг зарим гишүүд хэлдэг. Энэ зөрчил ямар хэлбэрээр харагдаж байна?

-Ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь нээлттэй тэр жишгээр ч МАХН өнгөрсөн 20 жилд явж байгаа. Ардчиллын хамгийн үнэт зүйл болох олонхоороо ярилцаад шийдвэрээ гаргадаг, гарсан шийдвэрийг хамтраараа биелүүлээд хэрэгжүүлээд явдаг тийм л нийгмийг бид өнөөдөр бүтээж байна. Үүнийг нэг талаас нь харахаар нэг хэсэг нь нийлж байгаа хуйвалдаад бусдыгаа дарж байгаа мэт нийгэмд харагддагийг үгүйсгэхгүй. 90 жилийн түүхтэй, засгийн эрх барьж байгаа намын хувьд үйл ажиллагаа арга барилын хувьд санал зөрөлдөх зүйл байлгүй яахав. Үүнийг нь хөндлөнгөөс зөрчил  гэж харж байгаа байх. Бүх зүйл нэг дуугаар, нэг жимээр яваад байвал хуучин тогтолцоо руугаа орохыг үгүйсгэхгүй. Харин ч эсрэг санал гарч байна гэдэг амьд, хөгжиж байгаа хэрэг гэж ойлгодог.

-МАСЗХ-нд орсон залуучууд албан тушаалд хүрэх боломж бүрддэг гэдэг. Үүний зэрэгцээ залуучууд алдаж, хэрэг төвөгт холбогдсон. Алдаагаа дахин давтахгүйн тулд ямар ажил хийж байна?

-МАСЗХ-нд мянга мянган залуучууд нэгдэж тэднээс шалгарсан нь төрийн болон улс төрийн албан тушаалд очих нь буруу биш. Манай холбооноос төрсөн улстөрчдөөс өнөөдөр дөрөв тав нь УИХ-д байна. Энэ залуучуудын байгууллагын үндсэн зорилго нь эрх мэдэл биш харин бодсоноо хэрэгжүүлэх боломж гэж ойлгож байгаа. Нийгэм хөгжиж урагшлахад саад болж байгаа, болохгүй бүтэхгүй бүхнийг зөв голдрилд нь оруулахын төлөө залуучууд хичээн  ажиллах ёстой, бид хамтдаа хийхгүй бол өөр хэн хийх юм бэ. Манай байгууллагын хувьд залуучуудынхаа дуу хоолой болоод явж байгаадаа бид бахархдаг. Аль болохоор зөв бодолтой, сэтгэлтэй, боловсролтой олон залуу төрд орж  ажиллаасай гэж боддог. Энэ холбоогоор дамжаад албан тушаалд очъё гэсэн бодолтой залуус байсныг үгүйсгэхгүй. Ер нь манай холбоогоор дамжсан залуус харьцангуй төлөвшиж гардаг.

 Дэлхий нийтийн жишигт намаар дамжин бодсон бодол, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлдэг. Энэ нь илүү ачаа үүрэх, эх орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй хүмүүсийн нэгдэл байгаасай гэж боддог. Ер нь хүн бүр өөрийн дуртай, чаддаг зүйлээ хуулийн хүрээнд чин сэтгэлээсээ хийгээд явбал бидний хүсээд байгаа хөгжил ойрхон байгаа гэдэгт эргэлздэггүй.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж