Ц.Элбэгдорж тамирчдад хандан үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж тамирчдад хандан үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж спортын алдартнууд, тамирчид, дасгалжуулагчидтай Эрүүл мэндийн яаманд өнөөдөр уулзаж, шагнал гардуулав.
 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулсныхаа дараа уулзалтад оролцогчдод хандан үг хэллээ.  “Өнөө жил манай тамирчид их өнгөтэй байна. Тамирчид та бүхний хүчтэй алга ташилтын дор онцгой амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчиддаа шагнал гардуулж өгсөндөө баяртай байна.

 2008 онд манай тамирчид олимпийн аварга болж, гавьяа байгуулсан билээ. Түүнээс хойш тамирчид маань маш өндөр амжилт гаргаж байна. Дэлхийн аваргын алтан медалийг Цагаанбаатар маань хүртэж, арвандолоохон настай Төгсцогт хүү боксын дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль авчирсан. 14-17 насныхан оролцсон Сингапурын олимпоос гимнастикийн төрлөөр Монголын түүхэнд анх удаа Эрдэнэболд алтан медаль авчирч, үнэхээр сайхан амжилт гаргалаа. Энэ хүүгийн амжилтын цаана олон дасгалжуулагчийн нөр их хөдөлмөр зүтгэл бий гэдгийг би ойлгож байна. Жудо бөхийн дэлхийн аваргын тэмцээнээс бас арвандолоохон настай Батцэцэг алтан медаль авчирсан. Энэ залуучуудаараа монголын ард түмэн бахархаж байна. Энхтуул маань өсвөрийн шатарчдын дэлхийн аваргаас алтан медаль, Хонгорзул хорьхон насандаа дэлхийн хэмжээний тэмцээнээс буудлагаар алтан медаль авлаа. Мөнгөнтуул олон аваргыг ардаа орхин гайхамшигтай амжилт гаргаж, дэлхийн оюутны шатрын аваргаар тодорлоо. Дөнгөж сая С.Батцэцэг маань Баянмөнх, Ойдов аваргаас хойш тасраад байсан дэлхийн аваргын алтан медалийг хорин насандаа авч ирлээ. Эдгээр амжилт бол Монгол орныг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадалтай залуучуудын орон гэдгийг дэлхий нийтэд харуулж байна.

 Бид одоо цагийн баатруудаараа, нэг үеийнхнээрээ дэлхийн тавцанд цахиур хагалж яваа энэ залуучуудаараа бахархах ёстой.  Монгол орныхоо хүч чадал, хийморийг харуулж байгаа залуучууддаа дахин баяр хүргэе.” гэж Ерөнхийлөгч хэллээ.

 Тамирчид Төрийн Тэргүүнд хандаж асуудал бэрхшээлээ танилцууллаа. Ерөнхийлөгч, хийж хэрэгжүүлэх бодлогын нэг цөм нь биеийн тамир спортыг хөгжүүлэхэд чиглэх болно гээд, тамирчдыг дэмжиж ажиллахаа амлав.
 “ Би хамгийн анх ажлаа аваад тамирчидтай өглөөний цай ууж уулзаж байсан. Тэр үед яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгохын төлөө зүтгэж байна. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Монгол Улсын Их Хурал тамирчдынхаа асуудалд анхаарал тавьж ирсэн.

 Монгол хүний чанарыг сайжруулахад спорт гайхамшигтай үүрэг гүйцэтгэнэ. Байгууллага бүхэн, иргэн бүхэн спортыг дэмжих ёстой. Сургууль бүхэн олимпийн төрлөөр багтай байж, жил, улирал бүр тэмцээн зохиох ёстой. Энэ бол төрийн бодлого. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаарай. Спорт, биеийн тамирын төлөө Ерөнхийлөгч “гүйх” болно. Энэ оны төсвийн тодотголд тамирчид маань хамгийн түрүүнд надад хандсан. УИХ, Сайд нартай ярьж байж, нэг тэрбум төгрөг нэмж тусгуулсан. Цаашид ч ингэж ажиллана. Тамирчдынхаа хөлс хүчийг Монголын төр үеийн үед үнэлэх болно гэсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж