“Социалист”-аас залхсан залуус хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

“Социалист”-аас залхсан залуус хуралдана

МАХН-ын Бага хурлын XII хурал­даан саяхан болж өндөрлөсөн. Уг хурлын үеэр тэд олон зүйл хэлэлцсэн ч түүнээс онцлох нь намынхаа нэрийг МАХН-Х=МАН болгох талаар ярилцсан. Мөн намын XXVI Их хурлынхаа товоо зарласан нь өөрийн на­мын залуучуудын холбоог хурал­дуу­лахад хүргэсэн байж болох. Ха­рин өнөөдөр тус намын дэр­гэдэх Монголын Ардчилсан социа­лист залуучуудын холбооны IV их хурал болно. Нам, намын дэр­гэ­дэх залуучуудын холбоо нь шинэ эрч хүч, эрүүл сэтгэлгээг бий болгох чин эрмэлзэл бүхий байгууллага хэмээн өөрийгөө тодорхойлдог. Хэдий харагдах байдлаасаа ингэж ойлгогдох боловч тогоон дотор нь арай өөр ашиг сонирхол үйлчилж, мэдрэгддэг нь нууц биш. Намын дэргэдэх залуучуудын холбоо нь дээд үеийнхнийхээ гараас зүүгдэж, улс төр рүү орох шат дамжлага болсон гэхэд хатуудахгүй. Тиймээс МАХН-д улс төрийн орон зай эрэлхийлсэн, карьер хөөсөн залуус хуралдах гэж байна. Их хурлаараа тэд МАСЗХ-ны үзэл баримтлал, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн МАСЗХ нэрээ солих тухай ч яригдах юм. МАХН Бага хурлаараа нэрээ шинэчлэх талаар ярьж эхэлснээс хойш “дүү” нар нь хүртэл дагаад нэрээрээ оролдож эхлэв. Тэд ах нарынхаа үлгэр дуурайллын дагуу “нэр сольсноор бүх зүйл шинэчлэгдэнэ” гэх үзлийг дэмжиж буй. Мөн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд холбооныхоо нэрийг солих нь тохиромжтой хэмээн үзэж байгаа юм. Эх орныхоо эрх ашгийн төлөө залуучууд зүтгэх цаг нь иржээ. Тиймээс нэрээ сольж үйл ажиллагаагаа дахин шинээр эхлэх үүднээс залуус ийм шийдвэрт нэгдэж байгаа аж.  МАСЗХ-ны нэрийг өөрчилж, Эх оронч залуучуудын холбоо, Монголын үндэсний ард­чилсан залуучуудын холбоо, Нийг­мийн ардчилсан залуучуудын хол­боо болгох хэд хэдэн хувилбар яриг­даж буй. Харин үүнээс Мон­голын үндэсний ардчилсан за­луу­чуудын холбоо, Нийгмийн ард­чилсан залуучуудын холбоо хэ­мээх хоёр хувилбарт залуус сана­лаа олноор ирүүлээд байгаа аж. Бүсийн зөвлөлгөөнөөс хамгийн их санал авсан нэрээ Их хурлын төлөөлөгчдөдөө танилцуулж санал хураах байдлаар нэрээ шинэчлэх юм. Хэрэв шинэ нэр сонгож, шинэчилж чадахгүй байвал ах нарынхаа үйлдлийг харахад буруутахгүй. Учир нь МАХН-д “хувьсгалт” гэдэг үг саад болж, хуучны үзлийг сэргээж байна хэмээж байсан. Харин МАСЗХ-ныхны хувьд “социалист” гэдэг үг нь ардчилсан нийгмийн үед тэдэнд мөн саад болсон болохоор нэ­рээ ийнхүү өөрчлөх бодол төрсөн байж болох. Тиймээс ах нараа үлгэрлэн дуурайх нь зөв алхам ч байх юм бил үү. Ямартай ч ах дүүгийн барилдлагаар өсөн торниж буй энэ холбоо өөрийн нэрийг шинэчилж, өөрчлөх нь тодорхой юм.

МАСЗХ нь 60 мянга гаруй ги­шүүнтэй. Тус холбоонд гишүүд нь 35 нас хүртлээ гишүүнчлэлтэй байдаг. Харин холбооны одоогийн ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар МАСЗХ-ны дүрэмд заасан босгыг дав­сан учир халаагаа өгнө гэд­гээ эртнээс мэдэгдсэн. Харин да­раа­гийн ерөнхийлөгчөөр хэн сонгогдох нь залуусын дунд өрнөх “халуун” сэдэв болж буй. МАСЗХ-ны ерөнхийлөгчийг намынхаа дар­гын саналын дагуу сонгодог дотоод дүрэм­тэй. Тус холбооны ерөн­хийлөгч нь УИХ-ын гишүүн байх ёстой гэсэн хуульчилсан дүрмийн дагуу бол парламентын танхимаас ерөнхийлөгч тодрох магадлал өндөр. Гэхдээ насны хувьд УИХ дахь МАХН-ын залуу гишүүдээс хэн нь ч өнөөдөр 35 наснаас хол давсан байна. Харин дараагийн арга нь УИХ-ын гишүүн бус залууг томилох тухай юм. Одоогийн байд­лаар хэнийг сонгох талаар хэд хэ­дэн хувилбар дэвшүүлж байгаа су­раг­тай. Үүнд нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, “Улаан­баатар зочид буудал” ХК-ийн захирал Б.Мөнхтүшиг нарын нэр яригдаж буй бололтой. Гэхдээ өнөөд­рийн хурлаар гэнэтийн шийд­вэр гарахыг үгүйсгэхгүй. Ярьж, ярил­цаж байснаасаа огт өөр, шинэ хувил­барыг өнгөрсөн шөнө МАХН-ын удирдлагууд хэлэлцэж, тохирсон байж ч болох юм. Чухам хэн намын удирдлагуудынхаа анхаарлыг та­таж, улс төрийн карьер хөөх суудалд тухлахыг удахгүй харах нь. Мөн МАСЗХ хурлынхаа үеэр дэд ерөнхийлөгчдөө солих тухай яригдаж магадгүй. Дэд ерөн­хийлөгчид Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг, “Өндөр буянт” ХХК-ийн захирал Төмөрхүү, Ерөнхий сайдын зөвлөх Г.Өнөрбаяр, Чингэлтэй дүүр­гийн Засаг даргын орлогч Баяр­магнай зэрэг залуусын нэр сонсогдож байна. Дээрх залуусыг МАСЗХ-г эдийн засгийн хувьд бэх­жүүлнэ, үзэл баримтлал үйл ажил­лагааны цар хүрээг өргөжүүлнэ хэ­мээн нэлээд найдсаны үндсэн дээр “сойж” буй биз. Мэдээж МАХН-ын удирдлага өөрсдийнх нь  итгэлийг даах, гар хөлийн үзүүрт зарагдчих чих зөө­лөнтэй хүнийг сонгох нь тодор­хой. Харин хэн байж болох вэ.

Н.ЭНХЦЭЦЭГ

Зохиогийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж