
Арван гуравдугаар зууны сүүл үед, чухам хэзээ гэдэг нь бүү мэд, хэн гэдэг нь ч бүү мэд нэг этгээд Монголын Нууц Товчооны улс төрийн хамгийн нарийн агуулга бүхий хэсгээс болхи гэгч нь урж хаяжээ. Энэ цензурдсан хэсэгт 1206 оны зун Монголын Эзэнт Гүрнийг нэгтгээд, дараагийн 150 жилд дэлхийг ноёрхох засаг төрийг эмхлэн байгуулахдаа Чингис Хааны хэлсэн үгийг бичсэн байв.
Санамсаргүй алдаа гаргасан уу, эсвэл санаатай орхисон уу, бүү мэд, урсан хэсгээс үлдсэн “Охин урагтаа соёрхол өгье” гэсэн ганц богино өгүүлбэрээс юу хасагдсаныг таамаглаж болохоор байдаг. Урагдсан хэсгийн өмнөх хэсэгт Чингис Хаан өөрийг нь хаан болоход оруулсан хувь нэмэр, ур чадварыг нь харгалзан хөвгүүд, дүү нараа, мөн бусад хүмүүсийг албан тушаал, цол хэргэм, газар нутаг, албат ард тэргүүтнээр шагнаж буй тухай гарна. Гэвч, тэрээр цугларсан олонд хандан охидынхоо амжилт ололт болон тэдэнд оноох шагналыг зарласан тэр хэсгийг мөнөөх этгээд номоос тасдан хаясан байдаг. Цензур хийгч, эсвэл магадгүй засагдсан шинэ бичмэлийг хуулж суусан бичээч тэр сүүлийн богино өгүүлбэрийг хоёр дахин бичжээ. Магадгүй тэр бичээч үүнийгээ анзаараагүй, эсвэл ц ензур хийгч хасагдсан зүйл нь юун тухай болохыг зориуд онцлох гэсэн, эсвэл учир нь олдохгүй хасагдсан зүйлээр хойч үеийнхнийгээ даажигнахыг оролдсон бололтой. Зүгээр нэг түүх гэхээсээ илүү Монголын Нууц Товчоо нь Чингис Хаан Монгол Улсыг үндэслэн байгуулж, улсын үндсэн хуулиудыг санаачлан баталж, засаг захиргааг зохион байгуулж, эрх мэдлийг хуваарилж байх үедээ болон амьдралынхаа туршид хэлж ярьж байсан үгнүүдийг нь баримтжуулан бичсэн байдаг. Энэ нь нэг овог аймаг, түүний удирдагчийн түүх намтар бөгөөд дэлхийн эзэнт гүрэн болж хувирсан тэр улсын үндэстний дүрэм буюу үндсэн хууль нь байсан юм. Зөвхөн хааны гэр бүлийн хамгийн нөлөө бүхий хүмүүс л тэрхүү гар бичмэлийг үзэх эрхтэй байсан болохоор, нэр нь ч ийм болжээ. Нууц товчоонд хааны гэр бүлийн амьдралын маш нарийн нууц зүйлсийн талаар хувь хүний санааг тусгасан байдаг нь бусад аль ч хаан удмынхны түүхтэй адилгүй. Бичвэрт авгай, нөхөр хоёрын орон дотроо ярьсан яриа, гэр бүлийн жирийн бэрхшээл, хэн нь хэнтэйгээ унтсан тухай хэрүүл маргааны талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байхын сацуу, хожим нь дэлхийн түүхэнд том үүрэг гүйцэтгэхээ огт мэдээгүй тэр гэр бүл тухайн үед ямар их айдастай, ямар хүсэл тэмүүлэлтэй байсан талаар дүрсэлсэн байдаг. Олон үйл явдал, дүрслэлүүд, ялангуяа Чингис Хааны бага насны амьдрал ямар ч хэтрүүлэггүйгээр бичигджээ. Энэ түүхийг дээдэст долигонон хоёр нүүр гаргагч биш, харин дэлхийн хамгийн сод хүмүүсийн нэгний тухай, түүний байгуулсан эзэнт гүрний үнэн түүхийг хадгалж хамгаалахыг зорьсон нэгэн хүн бичиж тэмдэглэжээ. Гэхдээ энэ нь уг түүхийг хэн дуртай нь үзэх боломжтой байсан гэсэн үг бишээ.
Монголчууд магадгүй түүхэнд хамгийн нууцлаг засаг төрийг удирдан явуулж байжээ. Тэд цөөн хэдэн тэмдэглэлийг монгол хэлээр бичиж хадгалж үлдээсэн бөгөөд аль ч эзлэгдсэн харьяат албатдаа монгол хэл сурахыг зөвшөөрдөггүй байлаа. Монгол хаад эрдэнийн чулуу болон эд баялгийг нэг их харамсалгүйгээр үрдэг байсан боловч бичиг баримтуудаа цоожтой авдранд хийж, харуул манаагаар харгалзуулдаг байв. XIII зууны үед Персийн түүхч Рашид ад-Дин “Их олон үеийн туршид, тэд өөрсдийн үнэн түүхийг монгол хэлээр илэрхийлж, бичиж ирсэн агаад ямар ч эмх замбараа, зохион байгуулалтгүйгээр, бүлэг бүлгээр нь авдарнуудад тарааж хийгээд гадны хүн, гадны мэргэжилтний нүднээс далд байлгаж, хэнд ч тэр тухай мэдэх боломж олгодоггүй байв” гэж бичжээ. Бичмэлүүдийг ийн нууцалж, бас эмх замбараагүй хадгалах нь тухайн үеийн удирдагчдын зорилго байв. Ийм эмх замбараагүй байхад ч авдрыг хариуцаж буй хүн баримтууд дундаас хэрэгтэйгээ сонгож олж авдаг, мөн тухайн үеийн улс төрийн зорилгод нийцүүлэн зарим хэсгийг нууж эсвэл ил гаргаж өгч чаддаг байв. Хэрэв удирдагч өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагаах, эсвэл хэн нэгнийг шийтгэх шалтаг олох хэрэг гарвал авдар дотроос гэмт хэргийн нотлох зарим баримт заавал олддог байв. Чингис Хааны адил эртний Монгол удирдагчид мэдлэг бол тэдний хамгийн хүчтэй зэвсэг гэдгийг маш сайн ойлгож, аливаа мэдээллийн урсгалыг хяналттай байлгахыг зохион байгуулалтынхаа нэг зарчим болгосон юм.
Профессор Жак Уэтерфордын тухай .
“Монголын Их Хатдын нууц товчоо” номын өмнөх үг
Бидний Монголчуудын түүх нь хамгийн ихээр хэлмэгдсэн түүх юм. Монголчуудын эртний өвөг дээдэс талын нүүдэлч аймгуудын түүх анхлан Хятад сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг. Умардын нүүдэлчдийн байнгын уулгалсан довтолгоонд үе үе нэрвэгдэн талхигддагаас Түмэн газрын Цагаан хэрмийг босгож байсан өмнөд хөршийн эртний түүх бичээчид нүүдэлчдийг “чөтгөр”, “бүдүүлэг”, “хэрцгий”, “боол” гэх мэт утга илэрхийлдэг дүрс үсгээр бичиж тэмдэглэсэн ба энэ хандлага, сэтгэлгээний уламжлал нь дараа үеийнхэнд олон үе дамжин хадгалагдаж үлджээ. XIII зуунд монголчууд дэлхийн дайдыг дагуулсан түүхийг тухайн цаг үед нь олонхдоо орос, армян, гүрж, мажар болон перс, араб зэрэг ялагдан дийлдсэн ард түмнүүдийн төлөөллөөс мөн л зэрлэг, догшин байдлыг нь хэт төвийлгөн айдас хүйдэстэй бичиж тэмдэглэн, тэдгээр нь уг үйл явдлын анхдагч сурвалж бичгүүд болж үлдсэн нь өрнө, дорнын хэдэн үеийнхний түүх бичлэгт, нийгмийн сэтгэлгээнд монголчууд бол цусан мөр татуулсан байлдан дагуулагчид, эвдлэн сүйтгэгчид, соёл иргэншилд тэсгэлгүй дайсагнагч зэрлэг бүдүүлгүүд гэсэн ойлголтыг хэдэн зууны турш маш гүн гүнзгий суулгаж өгсөн байна. Энэ ойлголт өрнө дорнын утга зохиолоос гадна ард түмнүүдийн уламжлалт сэтгэлгээнд ч тод илэрч, зэрлэг түрэмгий, бүдүүлэг харанхуй байдлыг илэрхийлсэн “зэрлэг татар” гэсэн нэрийтгэл ч хүртэл бий болжээ.
Гэсэн ч дандаа ийм байсангүй, монголчуудад хүчээ өгч, ойр дотно явсан түүхчид болох Рашид ад-Дин, Жувейни нарын зэрэг түүх бичээчид дээрх хэт туйлшралаас ангид байсан ба өрнөдөд үйл явдлыг олон талаас нь судалсан цөөнгүй эрдэмтэн судлаачид ч мөн байв. Он жил улирсаар, монголчуудын бүтээсэн түүхэн их үйл явдлыг улам бүр тодруулан судалсаар, монголчууд бол эвдлэн сүйтгэгч бус бүтээн байгуулагч юм гэсэн өнцгөөс харсан сэтгэлгээ цагийн эрхээр улам бүр эрч хүчээ авах боллоо. Тэдний манлайд нь АНУ-ын эрдэмтэн, нийтлэгч Жак Уэтерфорд зүй ёсоор орж байна.
2004 онд Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном АНУ-д хэвлэгдсэн нь төд удалгүй Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор шалгарч байсан билээ. Зохиогчийн энэхүү бүтээлд америкийн мэргэжлийн байгууллагууд өндөр үнэлэлт өгсөн юм. Тухайлбал:
-“Жак Уэтерфорд нь авьяас билгээрээ түүхэн үйл явдлын гүн дэх амин чухал хийгээд гүн гүнзгий мэдрэмжийг илэрхийлж чадсан орчин үеийн зохиолчдын нэг юм” Washington Post
-“Уэтерфорд бол түүхийг гайхалтай ер бусын өгүүлэн хүүрнэгч юм. Чингис хааны тухай зураглал нь Их Хааны дотоод зөрчил тэмцлийг гүн гүнзгий илэрхийлсэн байдаг. Уэтерфордын түүх бичлэгээс монголын их байлдан дагуулагчийн сайн, саар талын талаар өргөн хүрээтэй харж болно” Minneapolis Star Tribune
-“Уэтерфордын амьд дүгнэлт нь монголын нэр хүндийг дахин сэргээгээд зогсохгүй түүнээс суралцах ховорхон боломжийг олгож байна” Kirkus Reviews
-“Төв Азийг бүхэлд нь хамарч Хятадаас Ойрхи Дорнод хүртэл агуу уудам орон зайд Монгол үндэстний мандан сэргэсэн ер бусын түүх нь сүүлийн эриний Илиада шиг гайхамшигт ер бусын аяны тухай өгүүлсэн агуу баатарлаг түүхэн туульс юм. Жак Уэтерфорд нь түүхийн эгэл хэсгүүдийг ч нарийн нягт гайхалтай тодруулан харж, өвөрмөц хэв шинжийг ургуулан гаргаж чадсан байна.” Washington Post Book World
2004 оны эхээр АНУ-ын Үндэсний газар зүйн нийгэмлэг (National Geographic)-ийн нэвтрүүлгээр гарсан Монголын эзэнт гүрний тухай нэвтрүүлэгт Монголчуудыг зөвхөн байлдан дагуулах, алж хядахын донтой хүмүүс, иргэншээгүй, зэрлэг омгийнхон гэсэн өнөөх уламжлалт санаа нэвт шингэсэн байсан.
Харин Жакийн дээрх ном гарсны дараа 2006 оны нэг сард Үндэсний газар зүйн нийгэмлэгийн нэвтрүүлэгт хоёр жилийн өмнө монголчуудын талаар ярьж байснаасаа огт өөр зүйлийг өгүүлж байсан юм. Тухайлбал Чингис хаан бол
-Шашны эрх, эрх чөлөөг хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч байгаагүйгээр хангасан
-Улс үндэстнүүдийн хооронд дипломат харилцааны системийг анх бий болгосон
-Худалдаа зах зээлийн бараг өнөөгийнх шиг үр ашигтай орчин, харилцааг бий болгосон
-Цэргийн шинжлэх ухаанд олон зүйлийг цоо шинээр хэрэгжүүлсэн
-Улс түмнүүдийн соёлын харилцааг урьд байгаагүйгээр идэвхжүүлснээр дэлхий нийтийн соёлын хөгжилд маш хүчтэй түлхэц болсон
-Эцсийн эцэст Чингис хаан өнөөгийн шинэ дэлхий ертөнцийн үндэс суурийг цогцлоон бий болгосон гэсэн байлаа.
Энэ бүх дүгнэлт бол Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номын үндсэн агуулга нь. Юутай ч монголын түүхэнд хандах америкчуудын хандлагад ихээхэн өөрчлөлт орсон нь илэрхий бөгөөд ийм өөрчлөлтөд Жак Уэтерфордын бүтээлийн үр нөлөө багагүй бий гэдэгт итгэлтэй байна. “Өнөөгийн Ертөнцийн үндэслэгч Эзэн Чингис хаан” ном нь түүх судалгааны гэхээсээ илүүгээр түүхэн баримтуудад тулгуурласан нийтлэлийн бүтээл юм. Тэрбээр монголчуудын түүхэнд хандах хандлагыг огт өөрөөр гаргаж тавьсан. Энэ ном богинохон хугацаанд дэлхийн 26 орны хэлээр орчуулагдаж, хэдэн сая хувиар хэвлэгджээ. Энэхүү хэдэн сая хувь нэг бүрийн цаана Монгол орны сурталчилгаа байгаа. Тэр хэмжээгээр монголыг сонирхогчид, судлаачид, жуулчдын тоо ч үлэмж нэмэгдэнэ. Энэ бүхэн нь манай үндэстний түүх судлалд, бидний хөгжилд, дэлхийн тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд оруулж буй үнэтэй хувь нэмэр юм. Энэ хувь нэмрийг үнэлж 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар Жак Уэтерфордыг “Алтан гадас” одонгоор шагнасан байна.
Сүүлийн тавхан жилийн дотор бидний өвөг дээдсийн түүхээр маш олон ном шинээр хэвлэгдэн гарлаа. Кон Иггулдний Чингис хааны амьдралыг өгүүлсэн гурамсан роман, Том Шаньлэйн “Мөнх тэнгэрийн хүчин дор Чингис хааны мандал бадрал”, Жон Манний “Чингис хаан: амьдрал, үхэл ба сэхээрэл”, “Чингис хааны удирдахуйн нууц”, А.Гоүлдбергийн “13 зууны Монголчуудын дарангуйлал”, Моррис Россаби нарийн “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн”, Томас Стрэйсгутын “Алдагдсан соёл иргэншил-Чингис хааны Монгол”, Ричард Габриалийн “Чингис хааны аугаа их жанжин Сүбээдэй баатар” гэх мэт маш олон номыг дурдаж болохоор байна. Мөн Япончууд “Бөртэ Чоно”, Оросууд “Монгол”, саяхан Якутууд ч бас нэг кино бүтээлээ. Эдгээр бүх бүтээлүүдийн үзэл хандлага нь өмнөх зэрлэг, бүдүүлэг, соёл иргэншлийн дайсан гэсэн өнөөх уламжлалт сэтгэлгээнээс ангид байна. Өөрөөр хэлбэл дэлхий нийт Монголын түүхээр амьсгалж байна. Монголын түүхийг огт өөрөөр харж, үнэлдэг болж байна. Монголын түүхийн он удаан жилийн хэлмэгдэл арилж байна.
***
Жак Уэтерфордын монголын түүхийн сэдвээр бичсэн хоёр дахь ном “Монголын Их хатдын Нууц Товчоо” өнгөрсөн 2009 оны 10 дугаар сард монгол хэлээр орчуулагдан гарсан билээ. Тэрбээр энэ номондоо “Өнөөгийн Ертөнцийг Үндэслэгч Эзэн Чингис хаан”-даа тусгасан санаагаа улам гүнзгийрүүлэн үргэлжлүүлсэн юм. Тэрбээр “Монгол хатдын түүх бол өнөөгийн улс гүрнүүдийн эх үүслийн нууц далд түүх юм” хэмээн нэн зоримог, шинэ сэргэг сонирхолтой дүгнэлт хийгээд, үүнээ олон баримт, үйл явдлын учир холбогдлоор задлан энэхүү номондоо тайлбарласан байна. Зохиогч номоо АНУ-д хэвлэгдэхээс өмнө монголд хэвлэн монголын уншигчдад хүргэхийг зорьсон нь ч учиртай. Тэрбээр энэхүү номоо монголын эхчүүд, эмэгтэйчүүдэд зориулсан бөгөөд “Мөнх Хөх Тэнгэрийн Алтан Наран Их Монгол Үндэстний эхчүүд, охидыг үүрд мөнхөд ивээх болтугай” хэмээн номоо эхэлжээ. Уг номыг монгол хэлнээ уран яруугаар орчуулан, уншигчдад хүргэсэн орчуулагч А.Мөнгөнзул, С.Соёлжин нарт уншигчдынхаа өмнөөс энэ ялдамд гүнээ талархаж буйгаа илэрхийлье.
Ном хэвлэгдсэн даруйдаа монгол уншигчдын анхаарлыг нэн түргэн татаж, Интерном номын их дэлгүүрээс шалгаруулдаг 2009 оны шилдгийн шилдэг ном, “Грандбүүк” шагнал хүртсэн юм. Анхны хэвлэл хэдэн мянган хувиар хэвлэгдсэн нь жил хүрэхгүй хугацаанд дуусч, өнөө хоёрдахь хэвлэл нь гарч байна. 2010 оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Жак Уэтерфордыг монголын ард түмний түүх соёлыг дэлхий нийтэд амжилттай сурталчилж, монгол-америкийн ард түмний найрамдалд харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулан, мөн монголын түүх бичлэгийг хөгжүүлэх, монголын залуу үеийнхэнд эх түүхээ гүн гүнзгий мэдэхэд сэтгэл харамгүй тусалсныг өндрөөр үнэлэн “Найрамдал” медалиар шагнасан юм.
Жак Уэтерфорд нь АНУ-ын Миннесота мужийн Макалестерийн Их сургуулийн Хүн судлалын тэнхимийн тэргүүн, Монголын Чингис хаан Их сургуулийн хүндэт профессор хүн юм. 1990-ээд оны дунд үеэс эхлэн монголд удаа дараа ирж, монголын тал нутгаар аялан, судалгааны ажил хийхийн зэрэгцээ ирээдүйтэй авьяаслаг монгол залуусыг АНУ-ын их дээд сургуулиудад сургах талаар сэтгэл тавин хөөцөлдөж, цөөнгүй залуусыг өөрийн хөрөнгөөр сурган боловсруулсан байна. Мөн тэрбээр сүүлийн 20 гаруй жилийн туршид уйгагүй эрж цуглуулсны хүчинд 1479 оноос XIX зуун хүртлэх хугацаанд өрнөдийн орнуудад Монгол орны газар зүй, хил хязгаарыг хөрш зэргэлдээ орнуудтай нь хамт дүрслэн тэмдэглэж байсан үнэтэй ховор 50 гаруй газрын зургуудын эх хувилбарыг олж цуглуулж чадсан нь манай түүх судлалд маш үнэтэй ховор цуглуулга болжээ. Эдгээр газрын зургуудаас тухайн үед монгол орны хил, уул ус, овог аймгуудыг нэрийтгэл, өрнөдийн орнуудад монголын талаарх ямар төсөөлөл, ойлголттой байсан зэрэг олон зүйлийг тодруулах боломжтой юм. Жак энэхүү үнэтэй ховор цуглуулгаа Монголын ард түмэнд бэлэглэсэн билээ.
2010 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо “Жак Уэтерфорд” сан байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Монголын залуу түүхч, судлаачдыг дэмжих тэтгэх зорилгоор байгуулагдаж буй энэхүү сан нь монголын түүхийн салбарт гарсан шинэлэг судалгааны бүтээл, нэг сэдэвт зохиол зэрэг чанартай сайн бүтээлийг жил бүр тодруулан “Жак Уэтерфордын нэрэмжит цом”, мөнгөн шагналаар урамшуулж байх ажээ. Сангийн мөнгөн хуримтлал нь Жак Уэтерфордын номын борлуулалтаас орох орлогоос бүрдэнэ. Сангийн дэргэд түүхчдийн зөвлөл ажиллах бөгөөд сангийн тэргүүнээр залуу нийтлэлч, сэтгүүлч Сүхбаатарын Эрдэнэболд ажиллаж байна. 2010 оны эхээр “Монголын Их хатдын Нууц Товчоо” ном нь АНУ-д “The Secret History of the Mongol Queens” нэрээр хэвлэгдэн гарч, өмнөх номыхоо адил шилдэг номын тоонд оржээ.“Чингис хаан: амьдрал, үхэл ба сэхээрэл” номыг зохиогч, түүхч Жон Манн “Их Хатдын Нууц Товчоо” номын талаар “Тод томруун дүрслэл дүгнэлт хийгээд нарийн дэс дараатай гаргалгаагаараа Жак Уэтерфорд нь монголчууд эмэгтэй хүнийг хэрхэн өргөмжилж чаддаг байсныг, эмэгтэйчүүдэд Чингис хаан хэрхэн гүн хүндэтгэлтэй ханддаг байсныг бидэнд нотолж байна. Эр нөхөр болон хөвүүд нь аян дайнд явцгааж, харин эхнэр болон охид нь ард үлдсэн өрх гэрээ төдийгүй улс орноо авч явж чаддаг тийм нийтлэг тогтолцоо байжээ. Жакийн ном нь дэлхий ертөнцийн хамгийн агуу удирдагчийн мөрдөж асан ёс журам болон үүх түүхийн тухай шинэ гэрэлт хуудсыг нээж чадсан юм. Би энэ номонд дуртай” хэмээн өндрөөр үнэлсэн байна.
“Монголын Их хатдын Нууц Товчоо” ном нь Тайланд, Малайз зэрэг хэд хэдэн оронд хэвлэгдэхээр өнөө гэрээ хэлцэл хийгдэж байгаа ажээ. Түүний номын амжилтанд нөлөөлж буй зарим нэг “нууц” бий. Жак Уэтерфорд чухам зохиолч хүнд л байгууштай гайхалтай уран сэтгэлгээтэй, сэтгэлзүйн чадварлаг задлан шинжээч хүн. Түүхэн хүмүүсийн санамсаргүй унагасан нэг үг, хийсэн нэг үйлдлээс нь ургуулан мөшгөшөөр бүхэл бүтэн түүхэн явцыг зургийг босгож ирнэ. Түүхэн баримтууд, уран нийтлэл, сэтгэл зүйн анализ, задлан шинжлэлийг амжилттай хослуулсан нь түүх судалгааны бусад бүтээлүүдээс эрс ялгаруулдаг. Тиймээс түүний номыг уншиж байхад адал явдалт, уран зөгнөлт, уянгын драмт зохиол уншиж байх шиг болдогт гайхах юмгүй. Жак Уэтерфорд монголын ард түмэнд, бидэнд, бидний соёл, түүхэнд үнэнхүү халуун дотно сэтгэлээр хандаж чаддаг нь түүний амжилтын бас нэг нууц юм. Та бидний тэр бүр анзаараагүй, ухаж төнхөөгүй маш нарийн үл ялиг сэжмийг хөөсөөр бүхэл бүтэн нууц түүхийг босгож чадсан энэ ном бидэнд монголын түүхэнд монгол эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, зүтгэлийн олон нууцыг нээж өгөх болно.
Б.Номинчимэд