Оюутолгойн бүтээн байгуулалт зогсох уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Оюутолгойн бүтээн байгуулалт зогсох уу?

Оюутолгойн баяжуулах үйлд­вэрийг барьж байгаа хятад ажилчид ингэж өөрсдийгөө “тоодог” аж. УИХ-д хамаатан садантай эсэхийг сонирхож ажилтнаа авдаг Оюутолгойн бүтээн байгуулалтад өнөөдөр хэдэн мянгаар тоологдох хятад иргэн хүчин зүтгэж байгаа. Энэ тоо цаашид ч нэмэгдэх нь тодорхой байна. Оюутолгой төслийн туслан гүйцэтгэгч компани ажилтанаа өөрсдөө сонгох эрхтэй аж. Бүтээн байгуулалтад оролцож байгаа монгол ажилтны яриагаар  гадаад ажилчдын олонхи нь хятад. Олуулаа учраас тэд илүү эрх мэдэлтэй аж. Бас компанийн дүрэм тэднээс ангид байдаг гэх яриаг ч дуулгасан юм. Нийслэлд барилга барьж байгаа хятадууд Монголын цагдааг зодож байхад өмнийн говьд үйлдвэр барьж байгаа хятадууд хоорондоо зодолдон дарга нарынхаа хяналтаас гарч үймээн дэгдээсэн тухай дуулиан дэгдсэн. Тэр талаар эх сурвалж “Өнгөрсөн сарын 28-нд үдийн хоолоо идэж байтал хоёр хятад ажилтан маргалдаж эхэлсэн. Маргалдсан хоёр өөр өөр бригад юм. Тэр хоёрыг зодолдож эхлэхэд тэнд байсан бүх хятад ажилтан хоёр хуваагдан үймээн дэгдээсэн. Тэднийг компанийн хамгаалагчид ч,  удирдлагууд ч зогсоож чадаагүй. Дарга нар арга ядаад дунд нь том төмөр шидэж анхаарлыг өөрсдөдөө татсан. Тэр үед хүний амь эрсдэх эрсдэлтэй байлаа. Азаар аймгийн цагдаагийнхан  ирж үймээнийг зогсоосон. Хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэн. Компанийн удирдлагууд үймээн дэгдээсэн хятадуудыг нутаг буцаахаар шийдсэн. Гэтэл тэдний машиныг хятадууд бүчиж зогсчихоод явуулаагүй. Тэгээд ажилчиддаа ямар ч арга хэмжээ авч чадаагүй. Ер нь хятадууд тэнд эрх мэдлээ бататгасан байдаг” гээд хятадуудын дунд зодоон цөөнгүй гардаг талаар онцолсон юм. Оюутолгойд болсон дээрх үймээний талаар компанийн удирдлагууд “”Си Эм Ти Си” компанийн хятад ажилчид үймээн дэгдээсэн. Цагдаагийн ажилтнууд холбогдох хүмүүсээс тайлбар авч захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн. Оюутолгой төсөл эрүүл мэнд, аюулгүй байдлын чанд хатуу стандарт мөрддөг бөгөөд дээрх маргаанд холбогдсон 30 ажилчны гэрээг нэн даруй цуцалсан” гэж мэдэгдэл гаргажээ.
Оюутолгойд хятадуудын авир болоод өдөр бүр зодоон болдог гэх мэдээллийг “Бамбай” хамгаалалтын албаныхан үгүйсгээгүй. Гэхдээ “Хамгаалалтын нууц” гэх шалтгаа­наар нуугаад өнгөрөөлөө. Харин Хан­богд сумын цагдаагийн эх сур­валжийн мэдээлснээр хятад ажилч­дын зодоон багагүй дуулиан дэг­дээжээ. Тэнд ажиллаж байгаа 2000 шахам ажилчин бүгд зо­доонд оролцсон аж. Компанийн хамгаалагчид хүч хүрээгүй учраас цагдаагийнхнаас тусламж авчээ. Цагдаагийнхан ч үймээнийг зогсоох гэж багагүй цаг алдсан байна. Түүнээс болж хоёр хүн эмнэлэгт хүргүүлсэн байна. Иймэрхүү зодоон тэнд дахин болохгүй гэх баталгааг цагдаагийнхан ч, аюулгүй байдлыг нь хангаж байгаа хамгаалалтын албанаас ч өгч чадаагүй.

Түүхэн бас үндэсний гэх тодот­голтой урьд хожид байхгүй бүтээн байгуулалт гэж нэрлээд байгаа Оюутолгойн бүтээн байгуулалтад оролцож байгаа гадаад ажилчдын эрх ямба илүү байдгийг монгол ажилт­нууд ярьсан.
Энэ талаар  Оюутолгой ком­па­нийн Олон нийтийн мэдээлэл харилцааны супервайзор Ц.Ган­зоригоос тодрууллаа.

-Оюутолгойн төслийн талбайд үймээн дэгдээсэн хятад ажилчдад хариуцлага тооцох боломж байгаагүй гэдэг үнэн үү?

-Төслийн талбайд маш хатуу дэг журам үйлчилдэг. Журам зөрчсөн л бол монгол, гадаад гэж ялгахгүй хатуу хариуцлага тооцдог. Архи хэрэглэж болохгүй, хог хаяхгүй байх учиртай. Бүр хөдөлмөр хамгааллын хувцас өмсөөгүй бол хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авдаг.

-Тэгвэл үймээнд оролцсон хятад иргэд нутаг буцсан уу?

-Буцаасан.

-Тэнд одоо яг хэчнээн монгол хүн ажиллаж байна вэ. 60:40 харьцаагаа барьж байгаа юу?

-Хамгийн сүүлийн мэдээгээр 67:33 гэсэн харьцаатай байгаа. Төслийн талбайд нийтдээ 4000 гаруй хүн ажиллаж байгаагийн 3000 нь монгол хүн.

-Баяжуулах үйлдвэр барьж байгаа ”Си Эм Ти Си” компани л гэхэд дөрвөн мянган хятад ажилчин оруулж ирэх юм биш үү?

-Энэ худлаа мэдээлэл. Тэнд мянга гаруй хятад ажилчин байгаа. Зөвхөн хятадаас гадна 30 орны мэргэжилтэн бүтээн байгуулалтад ажиллаж байна.

-Барилга барьж байгаа туслан гүйцэтгэгч компаниудын ажилчид бас хятад уу?

-Нийтдээ 2000 гаруй ханган нийлүүлэгч компани байгаа. Барилга барьж байгаа томоохоноос нь дурдахад “Барилга” корпораци, “Хасу”, “Одкон” холдинг, ”Гео мандал” зэрэг компаниуд бий. Ажилчид нь бүгд монгол. Дээр дурдсан 3000 гаруй ажилчин ханган нийлүүлэгч компаниудад харъяалагдаж байгаа.

-Тэгвэл гадаад ажилчидтай ямар компани байдаг юм бэ?

-Хятад ажилчидтай компани зөвхөн “Си Эм Ти Си”.

-Гадаад, монгол ажилчид хамт хооллодог юм уу. Хоолноосоо болж үймээн дэгдээсэн хэрэг гарсан учраас асууж байгаа юм.

-Эхний ээлжинд 800 хүний хүчин чадалтай зоогийн газар байсан. Харин ажилчин нэмэгдсэнээс хойш дахин нэг зоогийн газар байгуулсан. Хятад ажилчид тэндээ хоол иддэг.

-”Си Эм Ти Си” компанийн ажилчид гэрээнд заасан 60:40 харьцаанд хамаарах уу?

-Хамаарна.

-Тэнд ажиллаж байгаа хүний яриагаар хятадууд өдөр бүр шахуу маргаан дэгдээдэг гэх юм. Үймээн дэгдээлээ гэхэд танай компани хариуцлага хүлээх үү. Эсвэл бэлтгэн нийлүүлэгч компани ажилчидаа хариуцах учиртай юу?

-Өдөр бүр зодоон болсныг бид нуугаад байна гэж байхгүй. Аюулгүй байдлыг нь хамгаалдаг “Бамбай” хамгаалалтын алба  байгаа. Хариуцлагыг аль аль нь хүлээдэг.

-Цаашид гадаад ажилчдын тоог нэмэх үү. 2700 ажилчин оруулж ирэх гэж байна гэсэн мэдээлэл бас байгаа.

-Нарийн тоо хэлж мэдэхгүй. Бүтээн байгуулалтын ажил нэмэгдэх тусам гадаад ажилчдын тоо өсөх нь ойлгомжтой. Гэхдээ гадаад ажилчин нэмэгдвэл монгол ажилчин нь ч нэмэгдэнэ гэсэн үг. Гэрээнд заасан ажилчны харьцааг алдахгүй. Газрын гүний уурхайг барьж байгуулах туршлага монголчуудад байхгүй байна. Тиймээс яалт ч үгүй гадаадаас ажиллах хүч авч байгаа юм. Барилгын компаниуд барилгаа барьж дуусаад л гарна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж