Хэлмэгдсэн гэж сүржигнэж боддоггүй

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Хэлмэгдсэн гэж сүржигнэж боддоггүй

Хэлмэгдсэн гэж сүржигнэж боддоггүй
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, гавъяат хуульч С.Нарангэрэлийг “Ярилцах танхим”-даа урилаа.  

-Та МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаас гадна МАХН-ын бага хурлын гишүүн. МАХН бол зүүний үзэл баримтлалтай нам. Одоо барууны үзлээр явна гэж үзэл баримтлалаас өөрчлөх гэж байгаа. Үзэл баримтлалаа өөрчилж чадах болов уу. Энэ  талаар таны үгийг сонсмоор байна?
-Үзэл баримтлалаа өөрчилнө гэдэгт би итгэлтэй байгаа. Яагаад гэвэл МАХН-ын одоогийн үзэл баримтлал коммунист үзэл суртлаасаа татгалзсан, цөөнх болж байсан тийм нөхцөл байдалд бий болсон юм. 1921 онд МАХН улс орноо тусгаар тогтносон улс болгохын төлөө нийгмийн бүхий л хүчнүүдийг эгнээндээ нэгтгэж амжилт олж байсан. Харин 1924 онд коммунист чиглэлийг баримталж намынхаа нэрэнд хувьсгалт гэдэг үгийг нэмсэн юм.

-Танай нам нэрээ өөрчилнө. Энэ нь ирэх сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлөх биш үү. Нэрээ өөрчилснөөс үүсэх сөрөг үр дагаврын хариуцлагыг генсек нь үүрнэ гэж мэдэгдсэн нь хангалттай юу?
-МАХН-ыг МАН гэж нэрлэх нь цоо шинэ нэр биш. Манай намын анхны уугуул нэр. Тийм болохоор би нэг их гайхахгүй байгаа.

-Тэгвэл намын бага хурлын өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хийсэн мэдэгдэл улс төр сонирхогчдын анхаарлын төвд байна. Та түүний мэдэгдлийг яаж хүлээж авсан бэ?
-Нам доторх олон ургальч бодлын нэгэн илрэл гэж үзэж байгаа.

-МАН-ыг 1990-ээд оны дундуур Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байдаг. Тэгэхээр танай нам нэрээ өөрчлөх юм бол нэр давхцаж, хууль зөрчсөн үйлдэл болно гэсэн шүүмжлэл бас нийгэмд бий. Хуульч хүний хувьд үүнд хариулт өгөөч?
-Нэг талаар МАН гэсэн нэр бол МАХН-ын уугуул нэр. Нөгөө талаар улс төрийн намуудыг Улсын Дээд шүүх бүртгэдэг. Энэ бүртгэлд МАН гэсэн нам албан ёсоор байхгүй юм билээ. Тодруулж хэлбэл, 1990-ээд оны үеэр байгуулагдсан МАН гэсэн нэртэй тэр нам албан ёсоор үйл ажиллагаа явуулахаа больж, МАХН-д ууссан гэсэн мэдээлэл надад байдаг.

-Та нэг үе намдаа шүүмжлэлтэй ханддаг байсан. Бүр “Улс төрийн шалгуур даадаггүй этгээд” гэж зарим нэгд нь адлагдаж байсан санагдаж байна. Таныхаар МАХН ер нь зөв явж байна уу?
-Тухайн цаг үеийнхээ тодорхой нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шинжлэх ухааны үүднээс прогноз хийсэн зарим нэг үйлдлийнхээ төлөө намаасаа чамгүй “банга” хүртэж явснаа хэлмэгдсэн энэ тэр гэж сүржигнэж боддоггүй. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд хоёр ч удаа нэр дэвшиж байлаа. Тухайн үед УИХ-ын чуулганаар намайг хэлэлцэх үед манай намын бүлэг миний эсрэг 100 хувийн санал өгч байсан. Тэр санал хураалтын дүнг хараад сууж байхдаа хэдэн жилийн дараа манай намын бүлэг дэх УИХ-ын энэ олон гишүүн миний өөдөөс эгцэлж харах ёс суртахууны эрхгүй болно доо гэж бодож байсан.  Гэхдээ энэ алдаа яваандаа засагдана гэдэгт итгэж байсан. Одоогоос гурван жилийн өмнө гэв гэнэтхэн нэг өдөр намайг МАХН-ын Бага хурлын гишүүнээр сонгоход нь миний бодол зөв байж дээ гэж бодсон.

-Таныг Монголын шилдэг хуульчдийн эхэнд нэрлэдэг. Тийм ч учраас энэ цагт таныг үгээ хэлээсэй гэж олон уншигч хүлээж байгаа. Сүүлийн үед шүүхийн шинэчлэл гэж ярих боллоо. Үнэхээр хууль, шүүхийнхэн шинэчлэгдэж байна уу. Эсвэл шинэчлэгдэхийг хүсэхгүй байна уу?
-Шүүхийн шинэчлэл гэж 20 жилийн турш улиг болтол ярилаа. Нааштай тал руугаа өөрчлөгдсөн юм бараг алга. Ер нь шүүхийн шинэчлэл хүний толгой эргээд, урт удаан хугацаа шаардаад байхаар тийм хүнд хэцүү асуудал биш. Хэрэв хэн нэгэн хүн хэрэг түвэг үйлдсэн бол түүнийг тэр чигээр нь тогтоочих ёстой. Тэгээд бий болгосон хор уршигт нь тохирсон хариуцлага шийтгэлийг хүлээлгэнэ. Ийм л болгочихвол хүн бүхэн ирээдүйдээ итгэл төгс, хууль сахиулах байгууллага одоогийнх шиг муугаараа дуудуулаад байхгүй болчихно шүү дээ. Асуудалд бодитой хандах, гол нь шударга байх, мэргэжилдээ үнэнч байх, өндөр ёс зүйтэй байх чанарууд хуульчдад дутагдаад байгаа учраас л бид шүүмжлэлийн бай болоод байгаа юм.

-АТГ-ын удирдлагуудыг тойрсон хуулийнхны хоорондын тэмцэл, талцал эцэстээ хүрлээ. Хөндлөнгийн ажиглагчийн үүднээс харахад АТГ-ын дарга албан тушаалаасаа түдгэлзээд шалгуулах нь дээр юм шигээ. Энэ ер нь ингэж дуулиан тарих асуудал мөн үү?
-Гэмт хэрэг үйлдээгүй л юм бол өөрөө албан тушаалаасаа түдгэлзээд шалгуулчихгүй юу даа. Энэ асуултыг сонсоод нэг жишээ санаанд орчихлоо.

-Ямар вэ?
-Намайг УИХ-ын гишүүн байхад 1993 онд  “Жавхланбадруулагчийн олон зуун сая төгрөгийн залилангийн хэргийг гардан зохион байгуулагч нь С.Нарангэрэл юм” гээд нэгэн сонинд биччихсэн байсан. Худлаа юм болохоор нь би тоосонгүй. Гэтэл сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр энэ асуудал бөөн яриа, дуулиан боллоо. Тэгэхээр нь би УМБГ-ын тэр үеийн дарга, хурандаа Алтангэрэлд өргөдөл бичиж  “Намайг энэ хэрэгт гэм буруутай эсэхийг шалгаж өгөөч. Хэрвээ миний улс төрийн албан тушаал та бүхний зүгээс мөрдөн шалгалт хийхэд саад учруулахаар байвал би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзахад бэлэн байна” гэсэн. Гэхдээ мөрдөн байцаах байгууллага миний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгаж дууссаныхаа дараа “Энэ хэрэг явдалд та огт холбогдолгүй юм байна. Түүнийг  бичсэн сэтгүүлч таныг гүтгэсэн байна. Та шаардлагатай гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэр төрөө сэргээлгэ” гэсэн албан тоот ирүүлсэн. Тэр нийтлэлийг бичсэн сэтгүүлчийг би сайн танидаг байсан. Нэрийг нь хэлээд яахав, одоо тэнгэрт хальчихсан. Би түүнтэй нэг удаа таараад “Ингэж үлгэр зохиож хүний нэр төрийг сэвтүүлж хэдэн халтар төгрөг олохоо боливол яасан юм бэ” гэж л хэлсэн.

-Хуулийн байгууллагын удирдлагын албан тушаал  улс төрийн “наймаа”, улстөрчдийн ашиг сонирхлын илэрхийлэл болчихож. Тэдний ард улс төрийн хамгаалалт байдаг учраас хяналтгүй ажиллаж байгааг АТГ-ын даргын үйлдэл харууллаа гэх дүгнэлт олноор гарч байна?
-Улсын Дээд шүүхийн дарга, Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга зэрэг хууль сахиулах байгууллагын тэргүүний сэнтийд мэргэжлийн асар өндөр ур чадвартай, ажил амьдралын баялаг туршлагатай, өндөр ёс суртахуунтай, иргэний эр зоригтой  хүнийг томилох учиртай. Одоогийнх шиг улс төрийн байр сууринаас томилгоо хийгээд байвал Монгол Улсад шударга ёс тогтохгүй. Энэ нь эргээд улс орны улс төр, эдийн засаг, оюун санааны амьдралд сөрөг нөлөө үзүүлсээр байх болно.

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн байгууллагад ажилладаг хуурамч дипломтой 13 шүүгчийг илрүүлсэн. Боловсролын тухай хууль зөрчиж кредит цагаа гүйцээлгүй 2.5 жил сураад хуульч болно гэж байх уу?
-Манай хууль сахиулах байгууллагуудад хуурамч дипломтой хүмүүс ажиллаж байгааг би үгүйсгэхгүй. Яагаад гэвэл үүний цаана цаг ямагт хахууль байдаг. Харин  2.5 жилээр  хуульч болж байгаа асуудал яригдаж байна. Барууны нэлээд улсад  өмнө нь баклаврын түвшний боловсрол эзэмшсэн хүнд ерөнхий эрдмийн хичээлийг дахин давтан заахгүйгээр зөвхөн эрх зүйч мэргэжлийн судлагдахууныг заах замаар бэлтгэдэг уламжлалт хэлбэр бий. Манай сургуульд ч ийм анги хичээллэдэг.

-Хууль, шүүхийн байгууллагад мэдлэггүй хуульч олон байгааг хүний эрх зөрчигдөх үндэс болдог гэсэн шүүмжлэл байдаг. Хуулийн сургуулийн захирлын хувьд танаас асуухад ямар хүнийг хуульч гэж хүлээн зөвшөөрч, хүний хувь заяаг шийдэх эрх олгох ёстой вэ?
-Хуульчийн мэргэжил бол хүн бүр болох гээд хөөцөлдөж тэмүүлээд байхаар амар хялбар мэргэжил биш. Энэ мэргэжил нэр хүндтэй атлаа хамгийн хүнд хэцүү, сэтгэлийн асар их дарамттай мэргэжил. Бүх насаараа шүүгч, прокурор, мөрдөн байцаагчаар ажилласан хүмүүсийн олонхи нь тэтгэвэрт гарахаасаа өмнө бурхан болсон байдаг. Судалгааны үр дүн ч үүнийг баталдаг. Хүний хамгийн маргаантай, тэмцэлтэй, зөрчилтэй хувь заяаны асуудлыг төрийн нэрийн өмнөөс  хуулийн дагуу голч, шударгаар шийдвэрлэх бүрэн эрх хуульч хүмүүст л олгогдсон байдаг. Хүний амьд явах эрхийг албан ёсоор хасах шийдлийг гаргадаг өөр ямар нэгэн мэргэжил байна уу. Тийм учраас хуульч хүн цэвэр мэргэжлийн төдийгүй, олон талын мэдлэгтэй, асар өндөр ёс суртахуунтай, бусдын гаж буруу нөлөөнд автдаггүй хүн байх учиртай.

-Та нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч, Улсын ерөнхий  прокурорын орлогчоор ажиллаж байсан хүний хувьд одоогийн Улсын ерөнхий прокурорт ямар дүн тавих вэ?
-Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж байхдаа надаар Эрүүгийн эрх зүй болон бусад хичээлийг заалгаж байсан шавь маань. Ажлаа аваад нэг их удаагүй байгаа учраас одоохондоо дүн тавих цаг хугацаа арай л болоогүй байна.

-Академич Б.Чадраа гуай нэгэнтээ “Үе дамжсан эрдэмтэн Содовсүрэн гуайн олон бүтээл дотроос хамгийн сайн бүтээл нь академич Нарангэрэлийг төрүүлж өдий зэрэгт хүргэсэн явдал” гэж хэлж байсан. Үнэхээр та хуулийн байгууллагын анхан шатны нэгжээс эхлэн хуульч бэлтгэх сургуулийг удирдаж, Шинжлэх ухааны академийн анхны хуульч гишүүн болсон. Эргээд харахад эрдмийн мөр хөөлгүй улс төр дагадаг байж гэж бодогддог уу?
-Би 1996-онд УИХ-ын гишүүний сэнтийгээс буугаад, багшлах ажлаа нэн баяр хөөртэйгээр үргэлжлүүлсэн шүү. УИХ-ын гишүүн байх дөрвөн жилийн хугацаанд манай гэр бүлийнхэн тэр үеийн нэн ядуучуудын эгнээнд шилжицгээсэн. Улсын Бага хурлаас тогтоосон багахан хэмжээний цалингаас өөр орлогогүй болсон. Ням гарагт эхнэр бид хоёр хэдэн боорцог хайрахдаа “Энэ долоо хоногт хүүхдүүд маань ам хуурайлах юмтай байна” гээд сэтгэл өөдрөг болдог байлаа. Тэр үеийн УИХ-ын гишүүдийн олонхи нь ийм л байдалтай амьдарцгааж байсан юм.

-УИХ-ын Тамгын газрын зөвлөх Ц.Жаргалсайханд эх орноосоо урвасан 17 жилийн ял оноолоо. Улсын нууц задруулсан гэдэг үндэслэлээр шалгаж байсан хүнийг эх орноосоо урвасан гэж үзэх хуулийн акц байж болох уу?
-Би Эрүүгийн хуульд эх орноосоо урвах гэсэн ийм нэртэй онц аюултай гэмт хэрэг байх ёсгүй гэж үздэг хүний нэг. Хэзээ ч, ямар ч хүн эх орноосоо урвадаггүй. Эх орон нь дандаа л сэтгэл зүрхэнд нь уяатай байдаг. Харин төрд тэрслэх гэдэг гэмт хэрэг байж болно. Энэ нь Монгол Улсын иргэн хүн гадаадын тагнуулын тусгай албанд элсэх, төрийн нууцыг гадаад улсад шилжүүлэн өгөх зэрэг үйлдлээр илэрнэ. Ц.Жаргалсайханы хэргийн хувьд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа хэмжээний мэдээлэл надад байгаа. Түүнд холбогдуулсан гэмт хэрэгт эрх зүйн үнэлэлт өгөхдөө хоёр үндсэн зүйлийг заавал харгалзан үзэх ёстой. Нэгдүгээрт, дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд эх орноосоо урвах гэмт хэргийн бүрэлдэхүүнд Монгол Улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулан доройтуулах гэсэн зорилго заавал байх ёстой. Тэгвэл Ц.Жаргалсайхан ийм зорилгоор үйл ажиллагаа явуулсан уу гэсэн асуултад заавал хариулт өгөх шаардлагатай болно. Хоёрдугаарт, Ц.Жаргалсайханы бусдад өгсөн мэдээлэл төрийн нууцад хамаарсан эсэхэд онцгой анхаарал тавих шаардлагатай. Төрийн нууц гэж юуг хэлэх вэ гэвэл Төрийн нууцын жагсаалтын тухай хуульд заасан тэр мэдээллүүдийг хамааруулна.

-Өмгөөлөгчид үйлчлүү­лэгчийнхээ төлөө ажиллахаас илүү халаасан дахь мөнгийг нь хардаг болсон гэх шүүмжлэл бий. Та Монголын урдаа барьдаг өмгөөлөгчийн хувьд өмгөөлөгчдөд сэтгэл дундуур байх үе байдаг уу? 
-Өмгөөлөгчийн мэргэжлийн тэргүүн зэргийн чиг үүрэг бол үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн нарийн туслалцаа, зөвлөгөө өгөх явдал юм. Хэрэг асуудалд холбогдсон хүн сэтгэл зүйн хувьд учраа олохгүй будилсан байдаг. Ийм нөхцөлд хууль зүйн хувьд чиг баримжаагаа олоход нь өмгөөлөгчийн туслалцаа нэн хэрэгтэй болдог. Түүнээс гадна хүний муу муухай үйлдлээс сайн зүйлийг нь хууль зүйн хувьд олж харна гэдэг их түвэгтэй асуудал. Энэ утгаараа өмгөөлөгч нь нэлээд энэрэнгүй, хүмүүнлэг мэргэжил юм. Өмгөөлөгч нь өмгөөлөл хийх явцдаа өөрийн мэдлэг чадвар зарцуулсан цаг хугацаа зэргээ үнэлүүлж амьдардаг мэргэжил. Тэгэхдээ зөвхөн мөнгөний хойноос улайран хөөцөлдөх юм бол өмгөөлөгч нь хуульч биш болж юу ч хийхээс буцахгүй хэдэн бор төгрөгийн төлөө улайрагч болж хувирна шүү дээ. Тийм учраас өмгөөлөгчдийн мэргэжлийн ёс зүйн асуудал тэргүүн зэрэгт тавигдах учиртай байдаг юм.

-Таныг Чингис хааны алтан урагтай холбоотой хүн гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ үнэн үү?
-Нэлээд олон жилийн өмнө “Ноцтой мэдээ” сонинд “С.Нарангэрэл академичийн аав Содовсүрэн гуай Чингис хааны алтан ургийн хүн. Тэднийхэн бүхэл үеэрээ цагаан ястан. Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошууны засаг ноён Мөнх-Очирын хамгийн ойрын хүн нь хуульч Содовсүрэн мөн” гэсэн материал нийтлэгдсэн байсан. Тэр үед аав маань насан өөд болчихсон байлаа. Амьд ахуйдаа надад энэ тухай ямар нэгэн зүйл огт ярьж байгаагүй.  Тэгээд аавынхаа 1996 онд бичсэн дурсамжийн номыг маш анхааралтай нарийн уншиж судалсан чинь бараг таавар мэтээр энэ тухай бичсэн нь миний сонирхлыг ихээхэн татсан. Яагаад гэвэл 1930-аад оны улс төрийн их хэлмэгдүүлэлтээр Чингис хааны алтан ургийнхныг толгой дараалан хүйс тэмтэрсэн. Ер нь нэг ч хүнийг үлдээгээгүй. Миний аав 18 насандаа Улаанбаатар хотын шүүхийн орлогч даргаар томилогдон ажиллаж байсан мөртлөө өөрийнхөө гурван үеийн албан ёсны түүхийг “Миний аав хоёр настай байхад минь нас барсан. Ядуу малчин ард байсан. Би өвөг эцэг, эмэг эхийнхээ тухай огт мэдэхгүй” гэж бичсэн байдаг. Гэтэл дурсамжийн номонд бичсэнээр бол ээж нь 1937 онд Улаанбаатар хотод хүргэгдэн байцаагдаж байсан зэрэг маш олон сонирхол татсан мэдээлэл байсан. Ингээд би манж, худам бичиг сайтай, түүхийн архивт сууж эрэл хайгуул хийх туршлагатай шавь нараа дайчлан аавынхаа таван настай байхаас хойшхи түүхэн баримтууд болон засаг ноён Мөнх-Очирын тухай түүхэн баримтыг Үндэсний архивын эх сурвалжуудаас судлуулсан. Үүний үр дүнд миний аавын төрсөн ээж нь Мөнх-Очир хэмээх засаг ноёны дүү, өмнөх засаг ноён Батсуурь гүний төрсөн охин болохыг тогтоосон. Эдгээр үе залгамжилсан засаг ноёд нь даян хаан Батмөнхийн арваннэгдүгээр отгон хүү Жалайр Гэрсэнзийн үр сад юм билээ. Даян хаан Батмөнх явсаар их хаадуудаар дамжин Мөнх, Хубилай хааныхан. Хубилай хаан Чингис хааны отгон хүү Тулуйн хүү. Ийм байдлаар миний аавын удам угсаа байсныг түүхийн хөдөлшгүй баримтаар тогтоосон.

-Танай хүүхдүүдээс таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юү?
-Миний охин Н.Тэмүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийг баклавр, магистр зэрэгтэй төгссөн. Одоо Оюуны өмчийн газарт зохиогчийн эрхийн улсын шинжээчээр ажиллаж байгаа. Аавтайгаа хамтарч зохиогчийн эрхийн тухай нэлээд чамбай номыг хоёр жилийн өмнө нийтийн хүртээл болгосон. Удаах охин Н.Минжин ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж байгаа. Зургадугаар ангид байхаас нь эхлээд би тэр охиндоо “Ирээдүйд Монгол Улсаас олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчийг төрүүлэх гэсэн бодлыг аав чинь баримталж байгаа. Гэр бүлийнхээ хувьд чамайг бэлтгэж байгаа шүү” гэдгийг оюун санамжид нь сайтар суулгасан. Охин маань орос, англи хэлтэй,  одоо франц хэл судалж байгаа. Магадгүй гучин жилийн дараа миний хүсэл мөрөөдөл биелж ч магадгүй.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж