Мэдлэгээ ашиглан “мөнгө” олох боломж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Мэдлэгээ ашиглан “мөнгө” олох боломж байна

Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн чадварыг олон улсын тєвшинд хүргэж,  дотоодын компаниудын менежментийг сайжруулснаар гадаадын улс орнуудаас “валют”  олох боломж монголчууд бидэнд байгаа аж. Энэ талаар Мэдээлэл технологийн үнэдсний паркийн Бизнес хөгжлийн албаны дарга Д.Баттуяагаас тодрууллаа.  

-Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт, мэдээллийн технологийн паспорт шалгалтын талаар тодруулаач?

-Мдээллийн технологийн инженерийн суурь шалгалтыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Япон Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яам, холбогдох агентлаг, байгууллагуудтай хамтран Монгол Улсад зохион байгуулсаар ирсэн. Шалгалтад амжилттай дүн үзүүлснээр мэргэжлийн мэдлэг, ур чадвараа хєгжүүлэх, мэдлэг оюунаа олон улсын жишгээр үнэлүүлж ажилд орох, хилийн чанадад ажиллах, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх бүрэн боломжтой болох юм. Шалгалтад мэдээллийн технологийн суурь мэдлэгийг эзэмшсэн ямар ч мэргэжлийн хүмүүс оролцох боломжтой. Японы мэдээллийн технологийн шалгалтын систем дээр суурилсан уг шалгалтанд тэнцсэнээр Азийн 12 оронд IT мэргэжлээр ажиллах болон МТ-ийн гадаад аутсорингийн  гэрээт ажил авах боломжтой. Хүлээн зөвшөөрөгдөх улс гэвэл Япон, Энэтхэг, Сингапур, БНСУ, Хятад, Филиппин, Малайз, Вьетнам, Мьянмар, Тайван, Тайланд зэрэг орнууд  орох бөгөөд манайх 2005 оноос энэ системийг ашигладаг 12 дахь улс болсон. Өмнө нь манайд IT инженерүүдийн ур чадварыг үнэлж тогтоодог систем байдаггүй байсан. Анх удаа Японы систем дээр үндэслээд энэ шалгалт авахаар болсон.  Энэ шалгалтад тэнцвэл  оюун ухаанаа ашиглан мөнгө олох бүрэн боломжтой. Мөн энэ жил анх удаан Мэдээллийн технологийн паспорт шалгалтыг албан ёсоор зохион байгуулах гэж байна. Энэ шалгалт нь нийтээр мэдвэл зохих мэдээллийн технологийн мэдлэгийг үнэлж баталгаажуулдагаараа бизнесийн байгууллагад ажиллагсад болон нийт албан хаагч нарт зориулсан шалгалт юм.

-Шалгалтыг яаж өгөх вэ? Оюутан болон ажиллаж байгаа IT инженер гэдгээрээ ялгаатай оролцох уу?

-Шалгалтыг дөрвөн түвшингээр дүгнэдэг. Эхний буюу мэдээллийн технологийн паспор шалгалт нь компьютерийн мэдлэгийн талаарх үндсэн түвшний шалгалт юм. Энэ шалгалтын Япон болон Азийн орнууд ажил албандаа мэдэээллийн технологийг ашигладаг бүх ажил хэрэгч хүмүүсээс авдаг. Тодруулбал, төрийн, хувийн байгууллагад ажилд орохыг хүссэн хэн чгэсэн энэ шалгалтыг өгсөн байх ёстой. Тэгээд шалгалтын дүнгээр энэ хүн IT-ийг өөрийн ажил албандаа хэрэглэж чадна хэмээн баталж өгдөг тул ажилд ороход амар болдог.  Харин дээд талын  гурван түвшин нь мэргэжлийн IT инженерүүдийн үнэлгээ байдаг. Эхнийх нь суурь шалгалт, дараагийнх нь програм хангамжийн инженерийн мэдлэг, дөрөвдэх буюу хамгийн дээд талын түвшин нь тухайн хүн IT-ийн аудит, аюулгүй байдлын програм хийх зэрэг есөн чиглэлээр ажиллах чадвартай гэдгийг баталгаажуулж өгнө. Шалгалтыг оюутан байхдаа ч, төгсөөд ажиллаж байхдаа ч өгч болно. Хамгийн гол нь Японы мэргэжилтнүүдтэй адил төвшинд байна гэдгээ баталгаажуулан олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдэнэ.  Энэ шалгалтыг өгөхийн тулд өмнө нь 70 ам.доллар төлдөг байсан бол одоо 50 мянган төгрөг болсон. Паспорт шалгалтын хувьд хураамж 20 мянган төгрөг байгаа. Тэнцвэл дээрх хураамжуудийг  буцааж өгнө. Энэхүү шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд  энэ онд Японд болсон хаврын шалгалтын байдлаар нийт 18 сая хүн шалгалт өгсөнөөс 1.5 сая хүн нь тэнцсэн байгаа . Азийн бусад орнуудын хувьд уг шалгалтад тэнцэгчдийн тоонд Тайланд, Филиппин зэрэг улсуудаас 3000-4000 хүн тэнцсэн.  Энэ нь нийт шалгалтад орсон хүмүүсийн 10 орчим хувь нь юм. Харин манай шалгалтад оролцогчид цөөн хэдий ч тэнцэж буй нь хувь нь өндөр байдаг.

-Олон улсын  мэдээллийн технологийн зах зээлээс “мөнгө” олох боломжын талаар тодруулаач?

-Мэдээллийн технологийг ашиглан Засгийн газрын хөтөлбөрөөр 10 мянган ажлын байр бий болгоно гэж МСҮТ-ийн үйл ажиллагааг сэргээсэн. Гэтэл тэнд барилгачин, токарьчин, шаварчин, гагнуурчин гэх зэргээр голдуу хүнд ажлын салбарт ажилтан бэлтгэж байна. Мөн гадаад руу залуучууд мянга мянгаараа  гадны улсад боолын хөдөлмөр эрхлэхээр явж байна. Гэтэл манай мэргэжилтнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр аутсорсингийн бизнест хүч сорих өргөн боломж олгож бий. Тодруулбал, "Үндэсний хөгжлийн цогц бодлогод мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжүүлнэ гэж тусгасан байдаг. Гадаад аутсорсинг хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны технологийг 2020 онд хөгжүүлэх төрөөс баримтлах бодлогыг намрын чуулганаар бид оруулж, батлуулах юм. Бидний гаргасан бодлогын баримт бичигт зорилтот зах зээлийг тодорхойлсон. Тодруулбал, Япон болон Энэтхэгийн аутсорсингийн зах зээлээс хуваалцах, тэдний "ноу хау"-г оруулж ирэхээр ажиллаж байна. Монгол, Энэтхэгийн хамтарсан сургалт аутсорсингийн төв байгуулахаар ажиллаж байгаа. Сургалт, эрдэм шинжилгээ, бизнесийн цогц төв байх юм. Энэ бүхэн Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хорин жилийн хугацаанд хэрэгжинэ. Япон улс л гэхэд мэдээллийн технологийн зах зээлийн хоёр хувийг гадаадын улс орнуудын инженерүүдээр хийлгэдэг. Гэтэл энэ нь жилдээ есөн тэрбум ам.доллар болдог байна.  Монголын хувьд энэ салбарын инженерүүд болон компаниуд Япон Улсаас ажлын захиалга аваад амжилттай биелүүлж байгаа. Тухайлбал, Японы Наритагийн олон улсын нисэх буудлын хамгаалалтын системийг монгол залуу хийсэн.  

-Мэдэээлийн технологийн чиглэлээр олон улсын компаниудаас ажил авах боломж хэр байдаг вэ?

-Шалгалтад оролцсон хүмүүсийн дунд судалгаа хийхэд оюутан, багш, Япон Улсаас ажил авдаг монголын IT  чиглэлийн компаниуд бий Манай байгууллагын судалгаагаар мэдээлэл технолгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг арав гаруй компани бий. Тухайлбал, USI компанийг нэрлэж болно. Мөн Япон Улсаас манайд өөрсдийн салбар компаниа байгуулж, ажлаа гүйцэтгэдэг.  Мөн Японоос захиалга авч, Наритагийн олон улсын нисэх буудлын хамгаалалтын системийн программ хангамжийн нэг хэсгийг  авч монголд гүйцэтгэсэн тохиолдол бий. Тэд ажлаа монголд гүйцэтгэж, Япон руу илгээх зарчмаар ажилдаг. Япончууд ажил олгохдоо “IT шалгалтад тэнцсэн байх” шаардлага тавьдаг.  Ер нь монгол улсын боловсролын систем дэлхийн төвшинд хүрсэн эсэх талаар их маргалддаг. Гэтэл МУИС-ийн МТС, МКС, ШУТИС-ын КТМС, ХМТС –ийн багш нар шалгалтад оролцсоноор түвшингээ ахиулж, манай туршлагатай багш бусад Азийн орнуудтай хамтран шалгалтын асуултыг жилд хоёр удаа боловсруулж, илгээж байдаг.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж