Их, дээд сургуулийн удирдлагуудын чих зөөлөрчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулийн удирдлагуудын чих зөөлөрчээ

“Хүний хөгжил сан”-гаас оюутнуу­дын сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг даахаар болсон нь оюутнууд, эцэг эхчүүдийн магнайг тэнийлгэсэн явдал болсон. Гэсэн ч энэхүү тогтоол арай хожимдож гарсан юм. Учир нь зарим их, дээд сургуулиуд Засгийн газрын тогтоол гарахаас өмнө оюутнуудынхаа сур­галтын төлбөрийг бүтнээр нь авч эхэлсэн байсан. Тогтоол гарсны да­раа ч сургалтын төлбөрөө бүтнээр нь авахаа үргэлжлүүлсээр байв. Тиймээс БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжавт Засгийн газрын тогтоолыг хэрэгсэхгүй байгаа сур­гуулиудад арга хэмжээ авахыг хи­чээл эхлэхээс долоо хоногийн өмнө үүрэгдсэн юм.  Ингээд өнгөрсөн сарын 28-ны өдөр БСШУЯ-ны хурлын танхимд томоохон их, дээд сургуулиудын захирлууд цуглаж, ”банга” хүртсэний ачаар их, дээд сургуулиудын удирдлага ирэх оноос хуваарилах сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг хүлээхээ амла­сан билээ. Харин бодит амьдрал дээр тэд хэлсэн амандаа хүрч байгаа эсэхийг сурвалжилсан юм.

ШАЛТГААНААР НЬ ДАЛИМДУУЛЖ СУРГАЛТЫН ТӨЛБӨР БҮТЭН АВЧ БАЙГААД ОЮУТНУУД ГОМДОЛТОЙ БАЙНА

Салбарын сайдынхаа өгсөн үүрэг даалгаврыг их, дээд сургуулиудын удирдлагууд дуулгавартай бие­лүүлж байгаа аж. Төлбөрийн асуу­дал гарахгүй байгаа хэмээн оюут­нууд ам сайтай угтсан. Гэсэн ч сайны хажуугаар саар үргэлж бай­даг учир гомдолтой оюутнууд ч цөөнгүй байсан юм. 

ЭМШУИС, МУИС, МУБИС-ийн оюутнууд:

-Сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг төрөөс өгөхөөр болсон нь оюутнуудыг ганц ч гэсэн толгой өвтгөх асуудлаас нь ангижруулж өгч байгаад баяртай байна. Жишээ нь, манай сургууль сургалтын төлбө­рөө бүтнээр нь авахгүй байгаа. Ул­саас өгөх 500 мянган төгрөгийг сургалтын төлбөртөө нэмж тооцоод үлдэгдэл төлбөрөө л авсан. Тэгэ­хээр бид үндсэндээ 400-500 мянган төгрөгийн төлбөр л төлж байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ бүх оюутнуудаас төлбөр бүтэн авахгүй байгаа ч гэсэн дотуур байранд орох оюутнуудад төлбөрөө бүтэн төл гэсэн шаардлага тавьж байгаа нь шударга бус санагдаж байна. Төлбөрөө бүтэн төлсөн оюутнуудын төлбөрийн зөрүүг зарим сургууль олгож байгаа. Гэхдээ зарим нь ирэх оноос 500 мянган төгрөгийн санхүүжилт нь орж ирэхээр зөрүүг нь буцааж олгоно гэсэн барьцаатай байгаа гэсэн.

ШУТИС, СЭЗДС-ийн оюутнууд:

-Нэгдүгээр дамжааныхан төлбө­рөө бүтэн төлж байгаа. Манай сур­гууль угаасаа ийм дүрэмтэй юм. Гэхдээ сургалтын албанд таньдаг хүн байвал 500 мянган төгрөгөө ха­суулаад зөрүүг нь өгч болж байгаа гэж зарим оюутан ярьж байсан. Ха­рин бусад дамжааныхан бол 500 мянгаа хасаж тооцуулан төлбөрөө барагдуулна гэсэн тушаал гарсан.
Манай урдаа барьдаг гэсэн сур­гуулиудын оюутнууд ийнхүү ярьсан. Харин хувийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөөс нь 500 мянган төгрөг  хасаад зөрүүг нь авч байгаа тухай оюутнууд хэлж байв.  

ӨРГӨДӨЛ ӨГСНӨӨС 14 ХОНОГИЙН ДАРАА ЗӨРҮҮГЭЭ АВНА

Сургалтын төлбөрөө бүт­нээр нь төлсөн оюутнууд зөрүү төлбөрөө хэрхэн авах талаар МУИС-ийн Эдийн засаг хариуцсан дэд захирал Б.Даваасүрэнгээс тодруулсан юм.

-Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн оюутнууд төлбөрийнхөө зөрүүг хэрхэн авах юм бэ?

-Манай сургуулийн хувьд сургалтын төлбөрийг бүтэн авсан тохиолдол бусад сургуулийг бодвол бага. Учир нь бүртгэл их хожуу эхэлсэн. Наймдугаар сарын 24 гэхэд л дөнгөж бүртгэлээ эхэлсэн. Энэ үед хэдийнэ сургалтын төлбөрийг бүтнээр нь авахыг хориглосон байсан. Гэхдээ зун төлбөрөө бүтнээр нь төлсөн оюутнууд байгаа. Эдгээр оюутан сургалтын албандаа төлбөрийн зөрүү олгохыг хүссэн өргө­дөл хийж өгч, 14 хоногийн да­раа 500 мянган төгрөгөө авах бо­ломжтой болж байгаа. Ер нь сур­гуулиуд энэ маягаар зөрүүг нь буцааж олгож байгаа юм билээ.

-Дотуур байранд орох оюут­нууд төлбөрөө бүтнээр нь хийх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа гэсэн?

-“Хүний хөгжил сан”-гаас олгох 500 мянган төгрөгийг хасаад үлдсэн бүх төлбөрөө хийсэн оюутанг дотуур байранд оруулна гэсэн юм билээ. Түүнээс биш бүх төлбөр гэсэн асуудал байхгүй.

-Сургалтын төрийн сан, буцалт­гүй тусламжаар төлбөрөө хийдэг оюутнуудын хувьд төлбөрийн хөнгөлөлт ямар хэлбэртэй байх вэ?

-Одоогоор Сургалтын төрийн санд хамрагдах оюутнуудын тоо хараахан ирээгүй байна. Өмнө нь жилээр нь хийхэд 600-700 мянган төгрөг байсан. Харин энэ жил тэгж өгвөл сургалтын төлбөрөөс хэтрэх гээд байгаа учир ямар ч байсан эхний дөрвөн сараар оюутнуудын сургалтын төлбөрийг төлөх шийд ирүүлсэн байгаа.

ТӨРИЙН САНД ХАМРАГДДАГ ОЮУТНУУДЫН ТӨЛБӨРИЙН АСУУДАЛ
ИРЭХ ОНД ШИЙДЭГДЭНЭ

Сургалтын төрийн сан­гийн зээл, тусламжид хам­раг­­­дах оюутнууд хэрхэх  нь то­­дорхойгүй байгаа аж. Тий­мээс үүнийг хэрхэн зохи­цуу­лах талаар Сургалтын тө­рийн сангийн мэргэжилтэн С.От­гонжаргалаас тодрууллаа.

-Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар  төл­бөрөө төлдөг оюутнуудын төл­бөрт “Хүний хөгжил сан”-гаас олгох 500 мянган төгрөг ямар харь­цаатай олгогдох вэ?

-Одоогоор энэ талаар ямар ч шийд гараагүй байна. Энэ жилийг дуустал хуучин мөрдөж байсан БСШУ-ны сайдын 177 дугаар тог­тоолын дагуу төлбөрийг хийнэ. Гэх­дээ 2011 оны нэгдүгээр сар хүртэл сургалтын төлбөрийг хийх  Засгийн газрын тогтоол ирсэн. Тиймээс он гарсны дараа энэ талаар ямар нэгэн шинэ тогтоол, журам гарах байх. Ерөнхийдөө ямар ч бэлтгэлгүй байж ийм асуудал үүсгэсэн шүү дээ.

-Жилд хэчнээн шинэ оюу­тан сургалтын төрийн санд хам­рагддаг юм . Одоогоор сургуу­лиудад хяналтын тоо нь ирээгүй байна гэсэн. Яагаад тэр вэ?

-Жилд дунджаар 6200 шинэ оюутан сургалтын төрийн сангаас төл­бөр авдаг. Энэ жил ч гэсэн энэ тооны оюутны материал хүлээж авсан. Одоогоор Сангийн яамны мэр­гэжилтнүүд материалыг нь судалж байгаа. Хараахан хариу ирүү­лээгүй байна. Хариу ирэхээр нь сургуулиудад хяналтынх нь тоог өгөх юм.

Сургалтын төрийн сангийн мэр­гэжилтнүүдийн яриагаар ирэх он гэхэд зээл, тусламжаар сурдаг оюут­нуудын сургалтын төлбөрт “Хү­ний хөгжил сан”-гаас өгөх 500 мянган төгрөгийг ямар хэлбэрээр ху­ваарилах нь тодорхой болох аж. Тий­мээс их, дээд сургуулиудыг данс өмнөх жилүүдийг бодвол хоо­сон, их хүлээлтийн байдалтай байгаа юм байна. Учир нь төрийн сан­гаас орж ирдэг байсан дөрвөн сараар хуваагдсан, “Хүний хөгжил сан”-гаас орж ирэх мөнгө ирэх он хүртэл хий тооцогдож байгаа. Гэсэн ч их, дээд сургуулиудын удирдлагууд амласнаа биелүүлж байгаа нь сайшаалтай.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж