
Оросууд тус нийгэмлэгт эзэмшиж байсан акциа Оросын төмөр замын агентлагаас “Оросын төмөр замууд” нээлттэй нийгэмлэгт шилжүүлснээр Ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг шинэчилсэн билээ. ОХУ-ын талаас “Оросын төмөр замууд” нээлттэй нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч В.Н.Морозов, Төмөр замын агентлагийн дарга Г.П.Петраков, “Оросын төмөр замууд” нээлттэй нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгч В.В.Морозов, харин Монголын талаас Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны Өмчийн газрын дарга Д.Болдбаатар, Монголын төмөр замчдын холбооны тэргүүн Г.Вандандагва нарыг томилсон юм. Гэвч энэ удаад Ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг дахин өөрчлөх нь бараг тодорхой боллоо. “Улаанбаатар төмөр зам”-ыг монгол хүнээр удирдуулахыг Москва зөвшөөрсөн. Харин 1968 онд батлагдсан дүрмийн дагуу Ерөнхий хороог зөвхөн оросуудаас бүрдүүлэх учиртай. Хойд хөршийнхөн “Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны хурлыг энэ сарын эцсээр буюу 26-28-ны үед хийх саналаа монголчуудад ирүүлчихсэн. Энэ үеэр тус нийгэмлэгийн даргыг албан ёсоор томилох юм. Тиймээс уг албыг түр хашиж буй Д.Жигжиднямаагийн үүрэгт хугацаа дуусч байна гэсэн үг.
Гэвч москвачуудын эхний хөзөр юу байв. Мэдээж, энэ бол Тавантолгой тийш татах төмөр замын бүтээн байгуулалтыг гардан хийх явдал юм. Эл зорилгоо тэд багагүй үнээр биелүүлсэн. АНУ-ын Мянганы сорилын сангаас Монголын төмөр замд үзүүлэх 188 сая ам.долларын буцалтгүй тусламжийг буцаалган байж тэр шүү дээ. Оросууд санасандаа хүрч, И.Е.Левитин салаа утгат герман хэлц хэлчихээд буцсаны дараа буюу 2009 оны наймдугаар сард Ерөнхийлөгч Д.И.Медведев манай улсад айлчилсан юм. Энэхүү айлчлалын үеэр хоёр тал төмөр замын салбарт хамтран ажиллах хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурцгаасан нь “Монголын төмөр зам өнө мөнхөд Оросынх” гэсэн ойлголтыг улам лавшруулсан билээ. Орос технологиор хэрэгжсэн эл PR Ази төдийгүй Америк, Австрали тивийнхнийг ч хөдөлгөөнд оруулаад байна. Хойд хөршийн Ерөнхийлөгч нь хүртэл төмөр замын асуудалд ийн хүч тавьсан учраас арга ч үгүй биз. Монгол Улс, тэр тусмаа Монголын төмөр зам их гүрнүүдийн хувьд үндэстэн дамнасан бодлогоо хэрэгжүүлэх хамгийн оновчтой гарц болох нь энэ. Сибириэс Хятад, Солонгосын хойгоор дамжин дэлхийг эзэгнэх оросуудын ээлжит төлөвлөгөө Тавантолгой тийш татах төмөр замаас эхлэх нь ч тодорхой харагдаж байна.
“Улаанбаатар төмөр зам” санхүүгийн хүндрэлтэй байгаа. Бүр тодруулбал, 200 тэрбум төгрөгийн өртэй. Оросуудын тоглолт ч үүнд дөрөөлөв. Тэд хувь нийлүүлсэн нийгэмлэгийнх нь бодит байдал туйлдаа хүртлээ доройтсоныг улс төртэй холбож байна. И.Е.Левитин сайд Монголд ирэх бүртээ “Улаанбаатар төмөр зам”-ыг мэргэжлийн хүнээр удирдуул. Бид тус нийгэмлэгийг зөвхөн орос хүнээр удирдуулна гэж хатуурхахгүй. Хамгийн гол нь эдийн засгийн байдал нь доройтсон эл салбараа авраач” хэмээн монголчуудад сануулсан гэдэг. “Улаанбаатар төмөр зам”-ын дарга асан В.Отгондэмбэрэлийн “томилолт”-ын хугацаа дуусахад Монголын тал Төмөр замын газрын дарга Т.Батболдыг санал болгож байсан. Гэвч оросууд “Улс төр ханхалж байна” хэмээн түүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Т.Батболд төмөр замын салбарынхан төдийгүй улс төрийн хүрээнийхэнд “Р.Рашийн хүн” гэдгээрээ танил болсон. Тиймээс москвачууд төмөр замын “Вант улс”-д олон жил бугшсан фракцилах үзэгдлийг арилгахын тулд “NO” товчлуур дарсан хэрэг. Д.Жигжиднямаа түр албандаа жинхлэхээр ид амбицалж байна. Гэвч түүнийг оросууд бас л хүлээж авахгүй байх магадлалтай. “Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй ч тус салбарт олон жил ажиллаагүй. Мөн одоогоос 3-4 жилийн өмнө экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, экс дарга В.Отгондэмбэрэл нарын лоббигоор анх орж ирсэн” гэх үндэслэлээр ийм томилгоо хийхээс тэд халгаж байгаа юм.
Улс төрийн өнцгөөс дүгнэвэл, төмөр зам МАХН-ын мэдлийнх. “Улаанбаатар төмөр зам” төдийгүй “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн удирдлагууд цөм МАХН-ын угшилтай. Тус намын олон жилийн ноёрхол удахгүй хуралдах Ерөнхий хорооны хурлын үеэр саармагжиж магадгүй. В.В.Магдейн үед нэгдүгээр орлогчоор нь ажиллаж байсан Ц.Пүрэвбаатарыг Ардчилсан намынхан “Улаанбаатар төмөр зам”-ын даргад зүтгүүлж байгаа нь нэгэнт тодорхой болчихсон зүйл. Ажлаа мэддэг, салбарынхандаа танигдсан, мөн оросуудтай үг хэлээ ололцож чаддаг нь түүний давуу тал. Тэгээд ч МАХН-ын төмөр зам дахь засаглалын хүчийг сулруулахын тулд москвачууд ийм шийдвэр гаргах магадлал өндөр байгаа.
РЖД буюу Оросын төмөр замынхан “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлнэ. Монгол, Оросын хооронд ийм тохиролцоо бий ч Герман, Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах санал тавьсаар байгаагийн учир ч сая тайлагдав. РЖД-ийнхэн Тавантолгой тийш татах төмөр замын ажилд гол үүрэг гүйцэтгэх ч энэ сарын 11-нд хуралдсан зөвлөлгөөний үеэр хамтарсан компани байгуулж, дээрх төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан юм. Эхний ээлжинд 1100 километр урттай барих төмөр замын зураг төслийг ирэх өвөл хийж дуусгавал 2011 оны хавар бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлнэ. РЖД-ийнхэн ч геополитикийн шинж чанартай томоохон ажлыг гүйцэтгэхийн тулд дотооддоо шинэчлэл хийж эхэлжээ. Тэд юун түрүүнд тээврийн системээ шинэчилж байна. Гэвч 1949 оны гэрээг шинэчлэх асуудлыг талууд ойрын үед шийдэхгүй нь. Үүнийг хэрхэхээ Монгол, Оросын Засгийн газар шийдэх учиртай.
С.БАТТУЛГА
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин