Хайдфилд Sauber-т Де ла Россаг орлоно

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Хайдфилд Sauber-т Де ла Россаг орлоно


“Формула нэг”-ийн энэ улирлын уралдаан, тэмцээн дуустал Sauber-ын бүрэлдэхүүнд Герман нисгэгч Ник Хайдфилд, Педро де ла Росаг орлон уралдахаар болжээ. Энэ жил 33 настай Хайдфилд 2001-2003, дараа нь 2006-2009 оны хооронд Sauber-ыг төлөөлж, уралдааны замд гарч байсан юм. Харин энэ удаад тэр Сингапурт болох дараагийн уралдаанаас эхлэн дэлхийн аварга тодрох хүртэл нийт таван гараанд Де ла Росаг орлон уралдах аж. Энэ тухай Хайдфилд “Сингапурын гран-пригээс эхлэн шилдэг машин жолоодож, дахин Формула нэгт уралдах завшаан тохиосонд үнэхээр баяртай байна. Сүүлийн хэдэн сарын хугацаанд би улам ч илүү сайжирсан гэж бодож байгаа. Долоон жилийн турш уралдсаны хувьд яг л гэртээ ирж байгаа мэт сэтгэгдэл төрж байна” хэмээн ярьжээ.
Хайдфилд энэ улирлын эхэнд “Mercedes GP” багт Михаэль Шумахер, Нико Росберг нарын туршилтын жолоочоор ажиллаж байгаад удалгүй дугуй үйлдвэрлэгч Pirelli компанид ажиллах болсон байна.
Харин Де ла Росагийн тухайд энэ улирлын уралдаан эхэлснээс хойш ердөө зургаахан оноо авсан юм. Мөн Sauber-ын нэгдүгээр нисгэгч болох Японы Камуи Кобаяаши ердөө 21 оноо л аваад байна.
Де ла Роса багийн бүрэлдэхүүнээс хасагдаж буй тухайд “Багийн шийдвэрт би үнэхээр гайхаж байна. Гэхдээ яая гэхэв, ойлгож л байна. Улирлын үлдсэн гараанд хүн бүрт амжилт хүсье” гээд, ирэх улиралд илүү амжилт гаргахаар эргэн ирэх болно гэдгээ амлажээ.
Хайдфилд 2000 онд Prost багаас “Формула нэг”-ийн гараагаа эхлүүлж, нийт 167 гран-при уралдаанд оролцохдоо 12 удаа шагналын тавцанд гарч байжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж