Л.Байгальмаад орчуулагч гаргаж өгөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Л.Байгальмаад орчуулагч гаргаж өгөөгүй гэв

БНХАУ-ын Ардын шүүхээс бүх насаараа хорих ял сонссон  Л.Байгальмаа давж заалдахаас татгалзсан та­лаар Гадаад харилцааны яа­манд албан ёсны мэдээлэл ирсэн билээ. Харин энэ мэ­дээллийн талаар нөхөр нь “Өвөрмонгол орчуулагчтай буруу ойлголцсноос  эндүүрэл гарсан”  гэж хэлж буй юм.

Л.Байгалмаа нь өнгөрөгч оны зургадугаар сарын 28-ны өдөр СА 972 нислэгээр Бээжинд очихдоо ге­роин буюу хар тамхи мансууруулах бодис залгисан байснаас тус улсын хуу­ль са­хиулах албаныхан илрүүлж дээрх ялыг оноосон билээ.  Зөвхөн  Л.Байгальмаагаар  ч зогсохгүй Гонконгод хулгайн гэмт хэрэгт хол­богдсон Монгол Улсын иргэн Б, Д нар мөн л  хятад хэл сайн мэдэхгүй учир өндөр төлбөртэй орчуулагч хөлсөлсөн тухай ч эх сурвалжийн мэдээлэл байна. Энэ талаар бид Гадаад Харилцааны консулын газрын дарга Д.Ганхуягаас тодрууллаа.

-Л.Байгальмаа өвөрмонгол орчуулагчтайгаа  ойлголцоогүй учир эндүүрэл гарсан гэж гэр бү­лийнхэн нь ярьсан. Орчуулагчтай сайн ойлголцоогүйгээс давж заал­дахаас татгалзсан гэсэн ойлголт төрүүлсэн юм болов уу?

-Орчуулагчтай ойлголцохгүй гэсэн юм байхгүй шүү дээ.

-Бээжин дэх Элчин сайдын яам­наас иргэнийнхээ эрхийг хамгаалах үүднээс өмгөөлөлч, орчуулагч ажиллуулдаг уу?

-Бээжин дэх Элчин сайдын яамнаас Л.Байгальмаагийн шүүх хурлын үеэр өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан. Харин орчуулагчаар хангадаггүй.

-Яагаад?

-Хоёр улсын эрхзүйн гэрээ хэлэлцээрийн журмыг мөрдөх ёстой.

-Эндүүрэл гарсан тохиолдолд яах ёстой вэ?

-Энэ асуудлыг холбогдох албаны ажилтнуудаас тодруулья.

-Гонконгод Монгол Улсын өргөмжит консул   Н.Төрмөнх гэгч  тэнд гэмт хэрэгт холбогдсон иргэддээ  орчуулга хийж өгч  их хэмжээний мөнгө авдаг гэсэн мэдээлэл байна?

-Гонконгод ажиллаж байсан тус улсын иргэн Өргөмжит консул   2008 онд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Тиймээс одоо Монгол Улсыг тө­лөөлсөн консул байхгүй.

-Тэгээд Н.Төрмөнх гэгч нь хэн бэ?

-Гонконгод Өргөмжит консулын тус­лахаар ажиллаж байсан манай улсын иргэн гэж сонссон. Түүний та­лаар манайд албан ёсны мэдээлэл байхгүй байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж