
Л.Байгалмаа нь өнгөрөгч оны зургадугаар сарын 28-ны өдөр СА 972 нислэгээр Бээжинд очихдоо героин буюу хар тамхи мансууруулах бодис залгисан байснаас тус улсын хууль сахиулах албаныхан илрүүлж дээрх ялыг оноосон билээ. Зөвхөн Л.Байгальмаагаар ч зогсохгүй Гонконгод хулгайн гэмт хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэн Б, Д нар мөн л хятад хэл сайн мэдэхгүй учир өндөр төлбөртэй орчуулагч хөлсөлсөн тухай ч эх сурвалжийн мэдээлэл байна. Энэ талаар бид Гадаад Харилцааны консулын газрын дарга Д.Ганхуягаас тодрууллаа.
-Л.Байгальмаа өвөрмонгол орчуулагчтайгаа ойлголцоогүй учир эндүүрэл гарсан гэж гэр бүлийнхэн нь ярьсан. Орчуулагчтай сайн ойлголцоогүйгээс давж заалдахаас татгалзсан гэсэн ойлголт төрүүлсэн юм болов уу?
-Орчуулагчтай ойлголцохгүй гэсэн юм байхгүй шүү дээ.
-Бээжин дэх Элчин сайдын яамнаас иргэнийнхээ эрхийг хамгаалах үүднээс өмгөөлөлч, орчуулагч ажиллуулдаг уу?
-Бээжин дэх Элчин сайдын яамнаас Л.Байгальмаагийн шүүх хурлын үеэр өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан. Харин орчуулагчаар хангадаггүй.
-Яагаад?
-Хоёр улсын эрхзүйн гэрээ хэлэлцээрийн журмыг мөрдөх ёстой.
-Эндүүрэл гарсан тохиолдолд яах ёстой вэ?
-Энэ асуудлыг холбогдох албаны ажилтнуудаас тодруулья.
-Гонконгод Монгол Улсын өргөмжит консул Н.Төрмөнх гэгч тэнд гэмт хэрэгт холбогдсон иргэддээ орчуулга хийж өгч их хэмжээний мөнгө авдаг гэсэн мэдээлэл байна?
-Гонконгод ажиллаж байсан тус улсын иргэн Өргөмжит консул 2008 онд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Тиймээс одоо Монгол Улсыг төлөөлсөн консул байхгүй.
-Тэгээд Н.Төрмөнх гэгч нь хэн бэ?
-Гонконгод Өргөмжит консулын туслахаар ажиллаж байсан манай улсын иргэн гэж сонссон. Түүний талаар манайд албан ёсны мэдээлэл байхгүй байна.
Н.Түвшин