АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх ёстой гэлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх ёстой гэлээ

УИХ-ын гишүүн, нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Батзандан, н.Пүрэвдаваа, н.Мөнхбаатар нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол оронд ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө тэмцэж ирсэн, мянга мянган гишүүд, дэмжигчиддээ Олон улсын ардчиллын өдрийн мэнд хүргэж байгаагаа мэдэгдлээ. Харин дараа нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг хэлмэгдэгсдийн өдөр ард түмнээсээ уучлал гуйсныг нийслэлийн Ардчилсан нам эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдэн, мэдэгдэл гаргаснаа онцоллоо. Ардчилсан нам нь өнгөрсөн 20 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа ард түмнээ хэлмэгдүүлсэн зүйл хийгээгүй. Тийм байтал Ардчилсан намын дарга ард түмнээс уучлал гуйсан нь ардчиллын үнэт зүйлийг үгүй хийсэн үйлдэл боллоо. Хэлмэгдэгсдийн энэ өдөр парламентад олонхийн суудал авсан МАХН уучлал гуйх ёстой. Гэтэл энэ нам өнөөдрийг хүртэл ард түмнээсээ уучлал гуйж чадаагүй, цаашид ч чадахгүй гэдгээ харуулж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Үүний гэрч нь 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал харуулна. Энэ үйл явдлын улмаас таван залуу амиа алдаж, 900 гаруй залууг шоронд хоморголон оруулсан. Одоо болтол энэ үйл явдлын буруутан хэн байсан бэ гэдгийг тогтоож чадаагүй, ард түмнээсээ уучлал гуйж чадаагүй байна. Ийм байхад Ардчилсан нам сөрөг хүчний байр сууриа хатуу баримталж, олонхид шахалт үзүүлэх ёстой байтал өвөр түрийд нь орчихоод сууж байгаа. Ардчилсан нам бол сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх ёстой. Хэсэг бүлэг хүмүүс биднийг зориудаар харлуулах зорилгоор хамтарсан Засгийн газрыг бутаргачихаад дараагийн сайд, дарга нарын суудалд суух гэж байна гэх ойлголтыг нийгэмд төрүүлж байна.  бид тэгэхгүй” гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж