С.Батцэцэг гавьяат тамирчин боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

С.Батцэцэг гавьяат тамирчин боллоо

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн С.Батцэцэгтэй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзаж, баяр хүргэх гэж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн. Өнөөдөр 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирж, ОХУ-ын Москва хотноо болсон бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орондоо аваргын алтан медаль авчирсан Монгол Улсын тамирчин С.Батцэцэгт гавьяат тамирчин цол олголоо. Мөн дэлхийн аваргад өндөр амжилт гаргахад гол нөлөө үзүүлсэн эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч З.Дүвчин, Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном нарт гавьяат дасгалжуулагч цол олгожээ.

Мөн Токио хотод болж өнгөрсөн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн М.Бундмаа, Швейцарийн Цюрих хотноо болж өнгөрсөн шатрын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хувийн дүнгээр түрүүлж, оюутны дэлхийн аварга болсон Б.Мөнгөнтуул болон түүний дасгалжуулагч, аав Д.Батхуяг,  мөн багийн дүнгээр түрүүлсэн шатарчдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.

М.Бундмаа болоод манай бусад жүдочид өнөөдөр эх орондоо ирэх бол Б.Мөнгөнтуул оюутны дэлхийн аваргыг дуусаад ОХУ-ын Ханты-Мансийск хотноо болох шатрын 39-р олимпиадод оролцохоор шууд Оросыг зорьсон юм. Тэрбээр 10-р сарын эхээр эх орондоо ирэх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж