Ноос ноолуурын үйлдвэртэй болно

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Ноос ноолуурын үйлдвэртэй болно

Хөвсгөл аймагт ноос, ноолуур боловсруулах анхан шатны үйлдвэр баригдаж эхэллээ. Ноос, ноолуурын үйлдвэр эрхлэх эрхийг Л.Ганболд захиралтай “Лидер” компани авсан бөгөөд тус үйлдвэр нь сард 300 гаруй тонн ноос ноолуур угааж, 30 гаруй  тонн ноолуур самнаж   боловсруулах хүчин чадалтай байх  төдийгүй  30 гаруй иргэд байнгын ажлын байраар,  ачаалалтай үед 50-60 иргэд  түр ажлын байраар  хангагдах боломжтой гэнэ. Үйлдвэрийг  орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт буюу  Улсын их хурлын гишүүн  Ц.Сэдванчигийн багцаас 500 сая төгрөг, Лидер компани өөрийн хөрөнгөөс 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд гүйцэтгэгчээр Хятадын “Жин-хуа” компани, Хөвсгөл аймгийн Мөнх-Өргөө зэрэг барилгын компани хамтран ажиллаж байна. Хөвсгөл аймгийн дотоодын нийт  бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 80 гаруй хувь нь хөдөө аж ахуйн салбараас бүрддэг . Малын гаралтай ноос ноолуурын анхан шатны боловсруулалтын анхны үйлдвэр орон нутагт байгуулагдсанаар орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний татвар төлж, иргэдийг ажлын байраар  ханган, малчид түүхий эдээ зах зээлийн үнээр борлуулах зэрэг  боломж бүрдэх юм. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр  суурилагдсан хөдөө орон нутаг дахь анхны ноос ноолуурын үйлдвэр  Хөвсгөл аймагт  ирэх онд ашиглалтанд орно.

Д.Идэрмөнх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж