48 цаг наадмын эцсийн шалгаруулалт маргааш болно

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

48 цаг наадмын эцсийн шалгаруулалт маргааш болно

Монголын киночид, уран бүтээлчдэд дэлхийн тавцанд хүрэх анхны боломж олгох “48 цаг кино наадам”-ын хаалтын ажиллагаа маргааш “Өргөө” кино театрт болно.

48 цагийн дотор зоxиолоо бичиж, жүжигчдээ сонгон найруулж, зургаа авч, эвлүүлэг, дуу оруулалтаа xийн, 4-7 минутын богино хэмжээний кино бүтээж, дэлxийн 2500 гаруй баг, 135 мянга гаруй уран бүтээлчтэй оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөх боломжийг энэ кино наадам олгодог юм.

Кино наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулах албан ёсны эрхийг авсан АНУ-д ажиллаж амьдарч амьдардаг найруулагч Н.Цоггэрэл, “Глоб Арт” төв, “Mongol Film Group” ХХК, “Жүр үр” төвтэй хамтран энэ наадмыг зохион байгуулахаар болсон юм. Энэ сарын 6-наас уран бүтээлчдийн дунд зарласан энэ наадамд ирүүлсэн шилдэг бүтээлийг дэмжиж, үзье гэвэл ердөө л 1000 төгрөг байхад л хангалттай юм байна.  

Дашрамд дурдахад кино сонирхогч Марк Рүппэрт, Лиса Лангстон нар 2001 онд “48 цаг кино наадмыг  санаачлан төрөлх хот болох АНУ-ын Вашигтон ДС-д анх удаа зохион байгуулжээ. Энэхүү наадам нь асар богино хугацаанд кино сонирхогч,  кино уран бүтээлчдийн анхаарлыг татаж, хамрах хүрээгээ тэлсээр эдүгээ АНУ-ын Бостон хотод байрладаг олон улсын “48 цаг кино наадам” “The 48 Hour Film Project” байгууллага болон өргөжсөн байна. “48 цаг кино наадам” нь эдүгээ кино урлагийнхан, кино бүтээгчид төдийгүй кино сонирхогч олны дунд маш нэр хүндтэй наадам болжээ.

Өнөөдрийн байдлаар фестиваль Америк, Европ, Ази, Африк, Австралийн 80 гаруй хотод уламжлал болон зохиогдож байгаа бөгөөд жил бүр олон улс, хот төсөлд нэгдэх саналаа өгсөөр байна. 2009 онд Энэтхэгийн Мумбай, Хятадын Бээжин, Португалын Лисбон, Монгол Улсын Улаанбаатар хот “48 Цаг Кино Наадам”-д оролцох албан ёсны эрхээ авсан юм байна.

Г.Энхбаатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж