М.Ганбаатар: Ардын нам ба үндэсний эрх ашиг

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

М.Ганбаатар: Ардын нам ба үндэсний эрх ашиг

МАХН
нэрээ солих болсноо зарласны дараа энэ сэдвээр тун олон өгүүлэл гарлаа.
Гоморхолгүй хэлэхэд цөөн хэсэг нь эсэргүүцэж байна, гэхдээ зүгээр
эсэргүүцэхийн тулд л эсэргүүцээд байх шиг. МАХН нэрээ солих ёстой, нэр
нь коммунист агуулгатай хэвээр байна гэж байнга дайрч давшлагчид хүртэл
“Нэрээ солих нь яасан сонин юм, нэрээ солиод ямар ч ашиггүй дээ ” гэж
бичиж байна. Хэрэв тийм юм бол МАХН нэрээ соль гэж удтал уриалах  хэрэг
байсан ч юм уу, үгүй ч юм уу.
МАХН бол яаж ч бодсон Монголын
түүхэн дэх хамгийн анхны орчин үеийн улстөрийн байгууллага. Тэр тусмаа
зарим хүмүүсийн шүүмжилж байгаачлан коммунист онолоор нь ч бай нийгмийн
хамгийн өргөн давхаргыг хамарсан улстөр-олон нийтийн байгууллага хэвээр
байна. МАХН байгуулагдахаас өмнө Монголын төрийн бүхий л эрх мэдэл
язгууртан, феодалуудын гарт байсан. Гэтэл Марксист онолоор нь авч үзсэн ч
Англид бүр 1640 оны “нэхмэлчин” Кромвэлийн хувьсгалаар, Европ дахинд
үүнээс хойшхи 100 орчим жилд төрийн эрх мэдэлд олонхийн оролцоог бий
болгож эхэлсэн юм. Энэ утгаараа ХХ зууны эхний Монгол орон лав л өрнө
дахинаас бүтэн зургаан жарнаар хоцорч явсан юм.

Монголын Ардын
Нам байгуулагдаж, зарим хүний хэлж байгаачлан коминтернийн нөлөөгөөр ч
бай төлөвшсөнөөрөө Монгол Улс лав л улстөрийн тогтолцооны хувьд гурван
зуун жилийн үсрэлт хийсэн юм. Хос ёсны номлол буюу эртний
Энэтхэг-Төвдийн шашин төрийг хослон баригч хаант ёсноос орчин үеийн
улстөрийн системд арваадхан жилийн хугацаанд шилжсэн нь яг үнэндээ
капитализмыг алгасахаас олон дахин өндөр ач холбогдолтой гэдэгтэй маргах
хүн гарахгүй л болов уу.

Ази, Африк, Латин Америк тив бүхэлдээ
Европын колони болон хувираад байсан XX зууны эхэнд тусгаар тогтнох
замдаа эргэлт буцалтгүй орсон Монголчууд Азийн анхдагчдын нэг болж, Бүгд
Найрамдах засаглалыг бүрэн утгаар нь сонгож авсны цаад учир нь Ардын
нам хэмээх улстөрийн байгууллага бий болсонд л байгаа гэдгийг улстөр
судлаачид зөвшөөрдөг.

Монголчууд өнгөрсөн зууны 10-аад оноос
тусгаар тогтнох гараандаа гарч эрчимтэй урагшилсан. Эрх баригч хар-шар
феодал ангийн дотоод зөрчилдөөн, дорнын уламжлалтай зууралдсан хэт
хуучинсаг үзэлтнүүдийн алдаанаас 1911 онд гялалзсан амжилт гарган олж
авсан тусгаар тогтнолоо алдах аюул тулгарсан 1919 онд Монголчууд тусгаар
тогтнолоо сэргээн тогтоохын тулд тус тусын зам мөрөөр эрэл хайгуул
хийсэн. Хятадын түрэмгийлэгчдийг улс орноосоо хөөн гаргаж, тусгаар
тогтнолоо сэргээж, тулгар төрөө дахин байгуулахаар дээд зиндааны ноёд,
хутагтууд, боловсролтой түшмэлүүд, цэргийнхэн, энгийн ард бүгдээр
сэтгэлээ чилээж, нам байгуулж, сэм тохирч бүхий л боломжийг шавхан
ажилласан. Олон нууц бүлгэмүүд ноёд, түшмэдүүд тусгаар тогтнолын төлөө
Америк, Англи, Франц зэрэг дэлхийн их гүрнүүдээс тусгаар  тогтнолоо
сэргээхэд туслахыг хүсч байсан. 

Тэднээс хамгийн их амжилтанд
хүрсэн нь яах аргагүй Ардын нам байсан. Ардын намынхан Орос улсаас
тусламж гуйсан агаад тухайн үед Хаант Оросод коммунист хувьсгал ялснаар
Засгийн эрх коммунистуудын гарт ороод байсан юм. Ардын нам анхнаасаа
коммунист нам байгаагүй, тусгаар тогтнолын төлөөх үндэсний ардчилсан
үзэлтнүүдийн нууц бүлгэм байсан. Ардын намынхан Орос улс 1911 онд
тусласны адил туслана гэж итгэж байсан, тэр ёсоор болсон. Тэр ч байтугай
Ардын намын Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйх бичигт Богд хаан өөрөө
тамгаа дарж байсан түүхийг хэн ч худал гэхгүй. Гамингуудыг Барон Унгерн
Хүрээнд бутцохисон ч улс орныг түрэмгийлэгчдээс бүрэн цэвэрлэж чадаагүйн
дээр цагаантнууд улс орныг дайны түшиц газар болгон хөрш орнуудтай
дайсагналцуулж магадгүй байсан тэр үед Ардын нам илүү шийдэмгий
ажилласны дээр, илүү бодитой тусламж дэмжлэг олж авч чадсанаараа улс
орноо хүнд хэцүү нөхцөл байдлаас салгасан юм.

1921 оны 3 дугаар
сарын 18-нд Хиагтад гаминг хиар цохисон Ардын намын журамт цэргүүд
улмаар цагаантныг бут ниргээд 7 дугаар сарын 11-н гэхэд Хүрээг
чөлөөлсөн. Тусгаар тогтнолоо алдсаны улмаас нэр хүнд нь унасан
язгууртан, феодалуудтай хамтарч “шилжилтийн засгийн газрыг эмхлэн
байгуулж” улс орондоо богино хугацаанд эмх журам тогтоож чадсан. Ард
түмний хүсэл үүнд л чиглэж байсан. 1921 оны амжилтаа цаашид бататгаж,
тухайн үед Азийн орнуудад ихээхэн таалагдаж байсан, төрийг засах Англи
маягийн “Хэмжээт эрхэт хаант” ёсыг тунхагласан. Анхны намууд буюу
бүлгэмүүд тусгаар тогтнолын төлөө чадах бүхнээ хийсэн агаад хамгийн их
амжилт олсон намаа даган нэгдсэн билээ. Тухайн үед ардчилсан засаглалын
талаарх ойлголт өнгөц байсан. Магадгүй 1924 онд Коминтерн нөлөөлөөгүй
бол ноёд, түшмэлийн нам тус тусдаа уламжлан ажиллаж, олон намын систем
тогтож болох байсан биз. Гэвч тухайн үеийн иргэншлийн нөлөө, улс төрийн
орчин үеийн тогтолцооны талаарх ойлголтоос болж Коминтернийн нөлөөнд
орсон. Гэхдээ Ардын нам коминтернийн нөлөөг чадах хэмжээгээрээ
эсэргүүцсэн, тэр хэрээрээ ард түмэнтэйгээ хамт асар их хохирол амссан.

Тусгаар
тогтнол бүх нийтийн үйл хэрэг, зорилго байсан учраас Ардын намын нэрийн
дор түшмэлийн, ноёдын намынхан нэгдсэн билээ. Анхны Сангийн сайд
С.Данзан түшмэдийн намын гишүүн байсан. Ноёдын намаас Жалханз хутагт
Ерөнхий сайд болж байсан. Тэр ч байтугай Халхын гурван ханы нэг Сэцэн
хан Наваанэрэн язгуураас татгалзаж, ардын намд орж байсан. Хатанбаатар
Магсаржав, Магсар хурц, Жамъяан гүн гэх мэтээр энэ жагсаалт үргэлжилнэ.
Тухайн үеийн тоо баримтаар Ардын намын нийт гишүүдийн 30 гаруй хувь нь
үндэсний үзэлт феодал, ноёд, хөрөнгөлөг ард, хуучин төрийн түшмэлээс
бүрдэж байсан нь үнэн. Хожим тэднийг Ардын намаас хөөсөн нь Ардын намыг
үндэслэн байгуулагч үндэсний ардчилсан үзэлтнүүдийн хүсэл зориг бус
гадны нөлөө байсан.

Чухам иймээс МАХН нэрээ Ардын нам болгон
өөрчилж байгаа нь зарим хүний дүгнэж байгаачлан “Ангийн тэмцлийн онолоо
хадгалан” үлдэж буй хэрэг бус харин тусгаар тогтнолын төлөөх олсон
амжилтаараа анхлан байгуулагдсан, бэхэжсэн орчин үеийн анхны улстөрийн
байгууллагынхаа нэрийг сэргээн авч буй хэрэг юм. Ардын нам бол тусгаар
тогтнолын төлөөх үйл хэрэгт хамгийн их амжилт олсон, үндэсний хэмжээний,
ардчилсан баримжаатай улстөрийн анхны байгууллага мөн гэдэгтэй өдгөө
хэн ч маргаж чадахгүй юм. Ерөнхий сайд Анандын Амарыг хүртэл ардын
засагт язгууртан ноёдын оролцоо үргэлжилсэн билээ.

1924 онд
Коминтернээс Монгролчуудын саналыг үл харгалзан тулгасан Үндсэн хуулиар
Зөвлөлт маягийн тогтолцоог бий болгосон ч нийт ардаас сонгогдсон Улсын
хурал дээд эрхийг барьдаг, тус хурлаас Засгийн газрыг томилдог болсон нь
хоцрогдсон Монгол Улсын хувьд орчин үеийн ардчилсан дэглэмд шилжих маш
том алхам болсон юм. Мөн баруунтны үеийг дуустал буюу 1928 оныг хүртэл
Монголын Засгийн газар үндэсний эрх ашгаа эрхэмлэн дээдэлж, Герман,
Франц зэрэг өрнийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх арга хэмжээ
авч, оюутнуудыг илгээн сургахын зэрэгцээ, эргэн тойронд буй Монголчуудад
нөлөөлөхийг чармайн оролдож байсан.

Үндэсний ардчилсан
үзэлтнүүд 1924 оны Улсын анхдугаар хурлын өмнөх хэлмэгдүүлэлтээс 1945
оны чөлөөлөх дайны төгсгөл хүртэл буюу маршал Х.Чойбалсан Өвөрмонголыг
нэгтгэх зорилгоор Өвөр Монголын түр Засгийн газрыг байгуулах хүртэл хүч
нөлөөгөө хадгалсаар байсан билээ. Ардын нам бол тусгаар тогтнолын төлөөх
үйл хэрэгт хамгийн чухал үүрэгтэй оролцсон анхны улстөрийн
байгууллага.Чин үнэн гэвэл тусгаар тогтнолын үйл хэрэг 1911 онд эхэлсэн
боловч дэлхий дахинд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдөж НҮБ-д элсэж, бүрэн
баталгаажтал бүтэн жаран шаардагдсан. Тиймээс тусгаар тогтнолын түүхийг
МАН, МАХН-ын түүхээс салгаж яагаад ч болохгүй.

МАХН улс орны
эрх ашгийг эрхэмлэн үзэж 1990 оны Ардчилсан өөрчлөлтийг дэмжин ялалтанд
хүргэсэн. Мөн өөрийн хэмжээгүй эрх мэдлээс сайн дураар татгалзаж,
шинэчлэн бүртгүүлж, шинэ ардчилсан улстөрийн хүчин болсон. Өнөөдөр МАХН
нэрээ сольж, үзэл санааны шинэчлэл хийж байна. Энэ бол улстөрийн хүчний
хувьд маш том шинэчлэлийн алхам юм. Нам бол үзэл санааны нэгдэл, намын
үзэл санаа нэрэндээ туссан байдаг. Ийм том шинчлэлийг зориглон хийж буй
МАХН-д баяр хүргэх ёстой юм. Улстөрийн жижигхэн хожоо, явцуу сонирхлоор
энэ том шинэчлэлийг чичлэн буруушаах нь шүүмжлэгчид өөрсдөө шинэчлэлийг
эсэргүүцэж буй хэрэг юм.

Сүүлийн 20 жилд хамгийн томоохон
шинэчлэлийг  дотооддоо хийсэн улстөрийн цорын ганц хүчин бол МАХН юм.
МАХН анх байгуулагдаж байсан 100 жилийн тэртээд Монголчууд тусгаар
тогтнолын төлөө нэгдэж байсан. Олон нууц бүлгэм, анги давхаргын
төлөөлөгчид тус тусын замаар тусгаар тогтнолоо эргүүлэн олох эрэлд гарч,
нэгэн зорилгод нэгдэж байсан билээ. Харин өнөөдөр нэг зууны дараа
Монголчууд нам, эвсэл үл харгалзан хөгжил дэвшлийн төлөө нэгдэж байна.
МАХН шинэ зууны ололт амжилтаа хуваалцаж, АН-тай хамтарсан Засгийн газар
байгуулснаар нийгмийн тогтвортой байдлыг хангаж, хөгжил дэвшлийн
суурийг тавьж байна. Яг зуун жилийн дараа МАХН Монголын Ардын Нам нэрээ
эргүүлэн сэргээж, үндэсний ардчилсан үзэл санааг тунхаглахдаа улс
орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөрийгөө шинэчилж чадах улстөрийн тулхтай
хүчин гэдгээ батлаж байгаа билээ. Иймээс олон нийт, нийтлэлчид,
улстөрийн хүчнүүд МАХН-ын энэ шинэчлэлийг дэмжин, баяр хүргэх учиртай
гэж бодож, энэ шинэчлэлийг дэмжихийг уриалж байна.  Эх орон,Ард түмэн,
Тусгаар Тогтнолоо гэсэн үндэсний Ардчилсан үзлээс илүү үнэ цэнэтэй зүйл
хаана ч үгүй билээ.
         
М.Ганбаатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж