Мао Асада шинэ дасгалжуулагчтай болов

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Мао Асада шинэ дасгалжуулагчтай болов

Уран гулгалтын дэлхийн аварга, Ванкуверийн олимпийн наадмын мөнгөн медальт, Японы авьяаслаг бүсгүй Мао Асада шинэ дасгалжуулагчтай болсноо албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр энэ жил 68 настай Нобуо Сатотой хамтран ажиллахаар болсон байна. Ноён Сатогийн тухайд өөрийн хайртай охиныхоо дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед охин Юүко нь 1994 оны дэлхийн аваргаар тодорч байжээ. Түүнчлэн Сато өнгөрсөн хугацаанд Мики Андо, Фумиэ Сугури нарын дэлхийд нэрээ тамгалсан Японы шилдэг уран гулгагчдыг дасгалжуулж байсан гэнэ.

Шинэ багшийнхаа талаар Мао “Би Сато багштай хамтран ажиллахаар болсон. Бид хоёр хамтдаа Чүкёгийн их сургуулийн мөсөн талбайд өчигдөр анхны бэлтгэлээ хийлээ. Сато багшийн удирдлага дор их зүйлийг сурч мэдэхээс гадна техник болоод сэтгэл зүйн хувьд ахиж, дэвшинэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэ улиралд бид эрчимтэй хичээллэх болно” гэжээ.

Олимпийн наадамд хоёр удаа эх орноо төлөөлөн оролцож байсан Сато Японы үндэсний аваргаар 10 удаа тодорч байсан юм. Тэрбээр амьдралынхаа хагас зуун жилийг уран гулгалтын спортод зориулсан аж. Өнгөрсөн хоёрдугаар сард тэрбээр Олон улсын уран гулгалтын холбооны Алдрын танхимд нэрээ мөнхөлсөн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж