ОХУ-ЫН ирүүлсэн тусламжийн буудайг аймгуудад хуваарилна

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

ОХУ-ЫН ирүүлсэн тусламжийн буудайг аймгуудад хуваарилна

Засгийн газрын ээлжит хуралдаан гуравдугаар сарын 10-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд удирдав

ОХУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламж болгон өгсөн 56.8 мянган тонн тэжээлийн буудайг тээвэрлэх, ачиж буулгах, хадгалахад шаардлагатай хөрөнгө, аймгуудад олгох буудайн хэмжээг Засгийн газрын хуралдаанаар батлав. 

    Тээвэрлэх, ачиж буулгах, хадгалахад 616.0 сая төгрөг шаардлагатай бөгөөд 305.0 сая төгрөгийг Улсын Онцгой комиссын дансанд төвлөрсөн хандиваас, буудайг тээвэрлэхэд зориулж зарим аймагт олгох хөрөнгө, буудайг төмөр замаар татаж тээвэрлэх төмөр замын ашиглалтын, ачилт буулгалт, лабораторийн шинжилгээ хийхэд шаардлагатай 311.0 сая төгрөгийг УИХ-аас зөвшөөрсөн хөрөнгийн үлдэгдэл санхүүжилтээс гаргахаар тогтлоо.

    Тусламжийн буудайг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоос аймаг, орон нутагт Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Бор-Өндөр, Дорноговь, Улаанбаатар, “Алтан тариа” ХХК гэсэн  найман өртөөгөөр дамжуулан тээвэрлэнэ.

ТЭЖЭЭЛИЙН БУУДАЙГ АЙМАГ, НИЙСЛЭЛД ОЛГОХ ТОО, ХЭМЖЭЭ /тонноор/

1.    Сэлэнгэ         2,000.00
2.    Дархан-Уул        2,000.00
3.    Булган        2,000.00
4.    Орхон            1,000.00
5.    Хөвсгөл        500.00     
6.    Говьсүмбэр        300.00
7.    Дундговь        500.00
8.    Хэнтий        500.00
9.    Дорноговь        1,000.00
10.    Сүхбаатар        500.00
11.    Өмнөговь        500.00
12.    Архангай        1,500.00
13.    Баянхонгор        1,500,00
14.    Говь-Алтай        600.00
15.    Завхан        3,200.00
16.    Өвөрхангай        1,000.00
17.    Төв            3,000.00
18.    Увс            2,800.00
19.    Ховд            2,800.00
20.    Улаанбаатар    4,000.00
НИЙТ            31,200.00

Тусламжийн буудайн үлдэгдэл болох 25.6 мянган тонн тэжээлийн буудайг хадгалахаар тогтсон байна.

“ЧАЦАРГАНА” ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ төслийн хүрээнд эхний ээлжинд 20 мянган га талбайд чацаргана тариалж, түүнийг боловсруулах үйлдвэр байгуулна гэж заасныг үндэслэн “Чацаргана” хөтөлбөрийг боловсруулсан байна.

Чацарганыг 20 мянган га талбайд аж ахуйн болон өрхийн тариалангийн чиглэлээр тариалж, цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль хамгаалах, хүн амыг амин дэм бүхий жимс, жимсгэнээр тогтвортой хангах нь энэ хөтөлбөрийн зорилго юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хүн амыг аюулгүй, цэвэр амин дэм бүхий жимс, жимсгэнийг хүнсэндээ тогтвортой хэрэглэдэг болгохоос гадна үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортолж валютын нөөцийг өсгөх, ажлын байр бий болж, ядуурлыг бууруулах зэргээр эрүүл мэнд, байгаль хамгаалал, хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна.

Хөтөлбөрийн нэгдүгээр үе шатыг 2010-2012 онд хэрэгжүүлэх бөгөөд жимс, жимсгэний үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн орчинг сайжруулан, чацарганы суулгац үржүүлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжийг дэмжиж, жилд 5 саяас доошгүй суулгац бэлтгэн, тариалсан талбайн хэмжээг 10 000 га хүртэл хүртэл нэмэгдүүлнэ. Мөн чацаргана хураах ажиллагааг хөнгөвчлөх, жимсийг үйлдвэрлэлийн аргаар хураах, боловсруулах техник, технологийг боловсронгуй болгож маркетингийн сүлжээ бий болгохоор зорьж байна.

Хоёрдугаар үе шатыг 2013-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд чацаргана болон бусад жимс, жимсгэнэ тариалах чадавхийг бэхжүүлсний үндсэн дээр чацаргана тариалалтыг 20 000 га-д хүргэж, өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэрүүдийг бүсчилэн байгуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлж, жимс, жимсгэний салбарыг бие даасан салбар болгон хөгжүүлэх юм.

Чацарганы 1 га талбайд 1200-1600 суулгац суулгаж нэг бутнаас 7-10 кг жимс хураан, 1 тонн жимснээс 20-50 кг тос, 600 литр цэвэр шүүс, бусад төрлийн бүтээгдэхүүн гарган авах бололцоотой бөгөөд зардлаа 2-3 жилд нөхөж, ашигтай ажиллана гэж эрдэмтэд тооцоолсон байна.

2009 оны байдлаар манай улс 1200 га-д жимс, жимсгэнэ тариалж байгаагийн 80 гаруй хувь нь чацаргана юм.
 

СУДАН УЛСАД ЦЭРГИЙН ХЭЭРИЙН ЭМНЭЛГИЙН БАГ АЖИЛЛАНА

    Монгол Улсын Зэвсэгт хүчний “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийг Бүгд Найрамдах Судан Улсын Дарфурт явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2010 оноос оролцуулж үүрэг гүйцэтгүүлэхээр болов.

    Манай эмнэлэг Судан Улсын Дарфур мужийн төв хот болох Эль Фашер хотоос баруун хойш 170 км зайд байрлах Кабкабия суурингийн дэргэд байгаа НҮБ-ын цэргийн баазад байрлан ажиллах юм.

    Цэргийн хээрийн эмнэлэг НҮБ-ын цэргийн хүчин, иргэний цагдаа, цэргийн ажиглагч, штабын ажилтнууд, олон улсын болон орон нутгийн гэрээт энгийн ажилтан, олон улсын байгууллагуудын ажилтнууд, НҮБ-ын сайн дурын ажилтнуудад /ойролцоогоор 5000 хүнд/ эмнэлгийн II шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэг хүлээжээ.

2009 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаас цэргийн II шатны хээрийн эмнэлэг хандивлах хүсэлт ирүүлсэн юм.     

    Манай улс өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд оролцсон цэргийн багуудын бүтцэд “Цэргийн хээрийн I шатны эмнэлэг”-ийг Сьерра-Леоне Улсад 8, Ирак Улсад 10, эмнэлгийн хөдөлгөөнт бүлгийг Косово Улсад нэг удаа тус тус ажиллуулж, давхардсан тоогоор цэргийн 126 эмч, мэргэжилтэн үүрэг гүйцэтгэсэн байна.
   
ТОВЧХОН

–    Улсын Их Хурлын гишүүн Ц.Батбаяр, Д.Дондог, С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжин, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагчдад тодорхой саналыг уламжлахаар тогтов.

–    Монгол Улсын Төрийн шагналт, гавъяат багш, академич Шадавын Лувсанвандангийн мэндэлсний 100 жилийн ойг 2010 онд тэмдэглэхээр тогтов. Ой тэмдэглэх ажлын комиссыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяраар ахлуулан байгуулж, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав. Ойн хүрээнд Ш.Лувсанвандангийн бүтээлийн 12 боть номыг хэвлүүлж, эрдэм шинжилгээний бага хурал, хүндэтгэлийн цуглаан, хэл бичгийн олимпиад зохион, нэрэмжит шагналыг нь бий болгож, амьдрал, бүтээлийг нь харуулсан баримтат кино бүтээх юм. 

–     “Ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасган, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ыг батлав.  Журмын дагуу болзол хангасан 20 хүртэл иргэн, 5 хүртэл нөхөрлөл, тус бүр 3 аж ахуйн нэгж, байгууллагыг жилд нэг удаа шалгаруулах юм. Иргэнийг 500.000, нөхөрлөл тус бүрийг 2 сая, аж ахуйн нэгж, байгууллага тус бүрийг 3 сая төгрөгөөр шагнаж, батламж олгож байхаар болжээ. 

–    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад  2010 оны 3 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхийг зөвшөөрч, айлчлалын удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.

–    Батлан хамгаалахын сайд Л.Болдыг 2010 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Белгийн Вант Улсад, 4 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад ажлын айлчлал хийхийг зөвшөөрч, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

2010.03.10

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж