Монголчууд өлмөн зэлмэн байна

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Монголчууд өлмөн зэлмэн байна

Одоогоос олон жилийн өмнө дөө. Манай нийгэм судлалын багш “Монгол хүн нэгийгээ нүдэн дээрээ өлсөж үхэхийг харсан цагт хөдөлмөрлөж сурна. Тэр цагт улс ч хөгжинө” хэмээн өгүүлж байсан юм. Азаар тийм аюул монголчуудыг дайрсангүй гэж хувьдаа баярлаж явдаг. Гэвч баярлах нь илүүц төдийгүй монголчуудын маань олонх нь өлмөн зэлмэн хэвээр байна. Зах зээлийн шуурга Орос манайх хоёрыг нэрмэсэн тэр жилүүдэд дэлгүүрийн лангуу бор давс, дотоодын үйлдвэрийн гоймон хоёроос өөр бараагүй байх үед монголчууд нийтээрээ хэсэг өлссөн юмдаг. Өлдөж өеөдүүлж унагачихгүйн тулд хүмүүстээ өдөрт амсуулах төдий талх, цөцгийн тос, гурил будаа зэргийг  картаар олгодог байлаа. Үүрийн жингээр дугаарлан зогсож арайхийн ганц талхаа авчихаад идэж ч амжилгүй ажилдаа алхахдаа ходоод хоосон ч сэтгэл цатгалан байдагсан. Картын бараагаар амь зогоож асан үе ард хоцорч өнөөдөр дэлгүүрийн лангуу есөн шидийн бараагаар дүүрчээ.

Гэсэн хэдий ч өлөн ходоодтой монгол хүн олон байна. Хүнсний дэлгүүр, супермаркетууд хаа сайгүй тааралдах ч тэдгээрийн ашиг олдог гол бараа нь хүнсний бүтээгдэхүүн биш согтууруулах ундаа байдаг нь нууц биш. Цай, хоолны газрууд ч ялгаагүй үйлчлүүлэгчдээ  тавагтай хоолоороо даллах нь холгүй болжээ. Гэтэл яам тамгын газраас хүнсний үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдсэн гэсэн мэдээллийг олон нийтэд түгээсээр. ХХААХҮ-ийн яамнаас гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр оны эхний долоон сарын байдлаар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 39,5 хувиар өсч, 47,2 тэрбум төгрөгт хүрчээ. Хүнсний  үйлдвэрлэл дотроо мах, загас, жимс, ногоо, өөх, тос боловсруулалт 41,6 хувь, сүү сүүн бүтээгдэхүүн 60 хувь, үр тарианы гурил, цардуул, малын тэжээлийн үйлдвэрлэл 74,9 хувь, ус ундааны үйлдвэрлэл 39,8 хувиар тус тус өссөн байна. 

Дотоодын үйлдвэрлэл өсөхийн хэрээр гадаадаас оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээ буурчээ. Ялангуяа ундаа, шүүсний импорт түлхүү хэмжээгээр буурсныг мэргэжилтнүүд онцолж байлаа. Дотоодын үйлдвэрлэл нэмэгдэх гол үндэс нь хэрэглээний өсөлт байх учиртай. Гэвч үйлдвэрлэгч нар өөр бодолтой байна.

Наймдугаар сарын дунд үед МҮХАҮТ-д болсон уулзалтын үеэр хүнс үйлдвэрлэгч нар хүнсний бараа, тэр дундаа хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болон талх, нарийн боовны хэрэглээ урьдынхаас өсөхгүй байгааг онцолж байсан. Манайдаа л хүнс үйлдвэрлэлээр тэргүүлэгч Өгөөж-чихэр боов, Бамбууш, Атар өргөөгийнхөн “хүүхдийн” гэх тодотголтой сар бүрийн 3000 төгрөг олгох үед талх боовны борлуулалт эрс сайжирдаг байсныг тодотгосон юм. Ганцхан энэ жишээ хүмүүсийн хүнсний хэрэглээг тодорхойлоод өгч байна.

Өнөөдөр монголчууд хүссэнээрээ бус халаасныхаа хэмжээнд захирагдан хооллож байна. Хүн гэдэг амьтны хүсэл хязгааргүй  гэдэг ч хязгааргүй иднэ гэж юү байхав. Ходоод гэдэс хэмжээ хязгаартайн дээр иддэг хоолны илчлэг, норм норматив ч гэж байдаг. Манайд огтхон мөрддөггүй, одоогоор айл өрхийн хэмжээнд бол мөрдөх ч боломжгүй хүнсний нормоос үйлдвэрлэлийн хувь заяа шалтгаалах нь ч бий гэнэ. "Хүн амын хоол тэжээлийн физиологийн норм"-д орсон өөрчлөлтөөр бол манай улс улаан буудайг бус хөх тариаг түлхүү тариалах учиртай гэнэ. Уг нормд цагаан гурилын хэрэглээг бууруулж, хөх тарианы гурилан бүтээгдэхүүн бидний нэрлэж заншсанаар хар талх, хоёрдугаар гурилаар үйлдвэрлэсэн хүнсийг хэрэглэхээр тусгасан байдаг аж. Үүнийг мэддэг, мэдэхийг хүсдэг ч хүн одоогоор алга.

Хүн амын 35 хувь нь ядуу, тэр дундаа хүүхэд багачуудын ходоод хоосон бол толгой нь ажиллахгүй гэдгийг мэдэрсэн эрх баригчид “Үдийн цай” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлээд байгаа ч бүтэлтэй үр дүн харагдахгүй л байна. Өнгөрсөн хичээлийн жилд үдийн цай, сургуулийн хоолноос болж хот хөдөөгийн хэд хэдэн сургуульд хоолны хордлого гарч, олон зуун хүүхдүүд нэгэн зэрэг өвчилсөн. Энэ бол эмгэнэл биш гэж үү. Үдийн цайнд шим тэжээлтэй, амт сайтайг шилж өгөхийн тулд сар тутам багагүй хөрөнгө зардаг. Нийслэлийн нэг сургуулийн захиралд л гэхэд таван сая төгрөгийн эрх мэдэл очдог гэхээр чамлахаар үзүүлэлт биш. Гэтэл үдийн цайнд боломжтойхон айлын хүүхэд тоож идэхээргүй гурилан зуурмаг өгсөөр байна. Үдийн цайны хичнээн хувь нь захирлын халаасанд үлдэж, хичнээн хувь нь айлуудын хогийн сав руу орж байгааг мэргэжлийн яам тамгын газрынхан тооцож үзэхэд гэмгүй санагдана.

Хүүхдүүдийг ч яахав боов талхаар хуурч орхино гэхэд томчуудыг нь хэрхэх вэ. Манайхныг олноор нь ажиллуулдаг солонгосчууд өглөө, өдөр, оройн мэнд гэж ёсорхохынхоо оронд нь “Сайн хооллосон уу” гэж асуудаг. Үүнийг зарим хүмүүс өлсгөлөнг даван туулсантай нь холбон тайлбарладаг ч ходоод хоосон бол толгой хоосон, гар хүнд байхыг мэдэрсэний шинж гэж би хувьдаа боддог юм. Ямартай ч хүнийг өлсгөхгүйгээр хөдөлмөрлүүлж сурсан нь Солонгосын хөгжлийн нэг гарц байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр  монгол хүний дундаж цалин 200-250 мянган төгрөг. Үүнээсээ автобус унаа, өдрийн хоолны мөнгөө хасахаар хичнээн хувь нь өрхийн төсөв рүү очиж буйг харж болно. Яаж ч тооцсон өл залгах төдий цалинтай нь дийлэнх төдийгүй өлмөн, зэлмэн байдлаар хоногийг давагсад олон байна. Гэтэл энэ оны төгсгөл үеэс дэлхий нийтийг хүнсний хомсдол нүүрлэж болзошгүй гэсэн түгшүүрт мэдээлэл цацагдах боллоо. ОХУ улаанбуудайнхаа экспортод хориг тавьсны дээр олон оронд нүүрлэсэн үер ус, ган гачгийн улмаас хүнс хомсдож болзошгүй болчихоод байна. Ийм үед хүн амынхаа угийн дундхан ходоодыг юугаар дүүргэх талаар эртнээс бодохгүй бол нэг л өдөр хүнсний хомсдол хаалга тогшиж мэдэх нь. Гэвч “Цатгалан нь өлсгөлөнгөө танихгүй” гэх хатуу боловч үнэн үг байдаг даа.  

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж