Туул голд хоёр хүн осолджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Туул голд хоёр хүн осолджээ

Өчигдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах отрядад усанд хүн осолдсон тул гаргаж өгөөч гэсэн хоёр дуудлага ирүүлсний дагуу  эрэн хайх ажиллагааг явууллаа.
Тухайлбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонгийн гүүрнээс зүүн тийш 200 метр орчим газарт Туул голын усанд нэр нь тодорхойгүй, 19-20 орчим настай, эрэгтэй хүний цогцос  олджээ. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа нийслэлийн Аврах отрядаас аврах бүлэг ажиллан  цогцосыг нь гаргаж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Мөн Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Яармагийн эцсийн буудлын харалдаа Туул голд нэр, хаяг тодорхойгүй 70-80 орчим насны эмэгтэй хүний цогцос байсныг Аврах отрядаас аврах бүлэг гарч цогцосыг нь гаргаж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлсэн байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж