George Michael хоёр сар хоригдоно

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

George Michael хоёр сар хоригдоно

Дуучин George Michael-ын согтуугаар машин барьсан хэрэгтэй нь холбогдох шүүх хурал өчигдөр Лондон хотноо болж, түүнд найман долоо хоног буюу хоёр сар шоронд хоригдох ял оноолоо.

Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын дундуур хар тамхины нэг төрөл болох олсны ургамал хэрэглэсэн үедээ автомашин жолоодон, эмх замбараагүй байдал үүсгэн улмаар Лондонгийн цагдаад саатуулагдсан. Дуучин барьцаа мөнгө төлж, батлан даалтад гарсан бөгөөд энэхүү хэрэгтэй холбоотой хэргийг Лондонгийн шүүхээр авч хэлэлцэн, шүүгч Robin McPhee дуучны жолоо барих эрхийг зургаан сараар хасах шийдвэр гаргасан билээ.

Харин түүний Лондонгийн нэгэн дэлгүүрийг машинаараа мөргөж, хохирол учруулсан хэрэгтэй холбоотой шүүх хурал олж, түүнд 1250 фунт стерлингийн торгууль оногдуулж, жолоо барих эрхийг нь дөрвөн жил хассан байна.

Тэрбээр удаан хугацааны туршид уг мансууруулах бодисыг хэрэглэж байгаа гэдгээ хэлжээ. Мөн түүний хэвлэлийн төлөөлөгч дуучныг өөрийн карьераа эргүүлж авахыг маш их хүсч, шинэ уран бүтээл бичиж эхлэхийг хичээж байгаа хэмээн ярьжээ.

Харин шүүх хурлыг даргалсан шүүгч Robin McPhee “George Michael олон удаа зөрчил гаргаж, тэнсэн харгалзах ял болон торгууль төлөн өнгөрч байсан. Харин одоо иймэрхүү байдлаар итгэл даалгаж, шийдвэр гаргах боломжгүй гэж шүүхийн зүгээс үзэж байна. Тиймээс түүнд хорих ял өгөхөөс өөр арга байхгүй” хэмээн мэдэгджээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж