МАСЗХ-ны дөрөв дэх ерөнхийлөгч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

МАСЗХ-ны дөрөв дэх ерөнхийлөгч хэн бэ?

Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны дөрөв дэх ерөнхийлөгчөөр МАХН-ын залуу кадруудаас хэн нь томилогдох вэ гэсэн таавар Төрийн ордонд ид эрчээ авч эхэллээ. УИХ дахь МАХН-ын бүлэгт хэд, хэдэн залуу гишүүд байдаг ч 60 мянган гишүүнтэй МАСЗХ-г удирдаад явчих чих зөөлөн нөхөр бас л ховор бололтой юм, шигшээд үзэхээр. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын нэр энэхүү тушаалд дуулдсан ч төдий л өндөр авч чадалгүй унажээ. Тухайлбал, Ж.Сүхбаатарын хувьд намын удирдлагын шийдвэрээр тэр бүр хөдлөөд, гүйгээд байх толгой биш гэнэ. Зөрүүд зан нь хөдөлбөл намынхаа бурхи гишүүдийн эсрэг юу ч хэлж мэдэж, хэрэг мандааж болзошгүй учраас түүнийг энэхүү жагсаалтаас шууд хассан гэх. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд толгой нь цэнэгтэй ч цагаа ирэхээр эсэргүү юм ярьж, холбоогоо намынхаа эсрэг удирдаж ч болзошгүй гэж үзэн, бас л нэрийг нь “унгахаар” лобби явуулсан сураг дуулдаадхав. Ийнхүү гишүүдийг нэг нэгээр нь шүүлтүүрээр оруулсны эцэст УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр дээр тогтжээ. Түүний хувьд хааяахан эсэргүү царай гаргадаг ч дээр дурдсан хоёр нөхрийнхөө хажууд чих зөөлөнтэй, удирдлагын заавраар ажиллах боломжийн хүн гэж үзжээ. Харин шинэ ерөнхийлөгчийг сонгох МАСЗХ-ны IV их хурал маргааш Улсын дуурь бүжгийн эрдмийн театр болох юм.  Түүнд хот, хөдөөгийн 500 гаруй залуус оролцож,  “Шинэ үе шинэ бодлого” уриан дор чуулан, шинэ ерөнхийлөгчөө сонгосноор хуучин ерөнхийлөгч Г.Занданшатарыг чөлөөлөх юм. Тэрбээр МАСЗХ-ны ерөнхийлөгчөөр 2005 оны аравдугаар сард томилогдож байжээ. Ингэхдээ МАХН-ын одоогийн нарийн бичгийн даргын алба хашиж буй У.Хүрэлсүхээс тус албыг хүлээн авч байж. МАСЗХ-ны дүрэмд зааснаар ерөнхийлөгч болоод гишүүн нь 35 хүртэлх насны залуу байна гэж тодотгосны дагуу насны хязгаараар удирдлага нь ийнхүү өөрчлөгддөг аж.

Тус холбооны үүх түүхээс цухас дурдахад, 1997 оны дөрөвдүгээр сард байгуулагдан, дүрмээ баталж, социал демократ үзлийг Монголын нийгэмд түгээн дэлгэрүүлэхээр зорилгоо тунхаглаж байжээ. Улмаар нэг жилийн дараа анхдугаар зөвлөлгөөнөө зохион байгуулж, МАСЗХ-ны анхны ерөнхийлөгчөөр У.Уламбаярыг сонгон томилсон аж. Харин 2001 оны наймдугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдсан зохицуулах зөвлөлийн ээлжит IV хуралдаанаас өнөөгийн МАХН-ын нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг томилсон байна. Тэрбээр энэхүү албыг гурван жил хашаад одоогийн халаагаа өгөх гэж буй Г.Занданштарт хүлээлгэн өгч байжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж