Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

”Индиго” баяртай

Сод  айргаас хүүхдүүдийг “айргаас хүүхдүүд” гэж ганган нэрлэх болж. Тэдний ялгаруулах гэрлэн титэм нь далайн усны индиго гэх өнгөтэй адил учир ингэж нэрлэдэг…
Олон хүн нэг тийм жаалыг мэднэ. Мэдээж, тэр одоо жаалхүү биш. Харин индиго хүүхэд байсан нь яг үнэн. Тэр хэн бэ? гэж асуумаар байгаа биз дээ. Дуртайяа хариулья. Олон улсын шатрын холбоо ФИДЕ-гийн ерөнхийлөгч, Халимаг улсын тэргүүн Кирсан Илюмжинов!

Одоохондоо бол тэрбээр ФИДЕ, Халимаг хоёроо л тэргүүлж байгаа. Харин саяхан тав дахь удаагаа ерөнхийлөгч болохгүй гэж мэдэгдсэн байна лээ. Тэрбээр одоо ганцхан сар л Ерөнхийлөгчөөр ажиллана.

Тэрбээр нэлээд хөдөлгөөнтэй сэргэлэн жаал байжээ. Тэгээд ч гурван настайдаа шатар тоглоод сурчихсан гэдэг. Түүнээс нэг их удалгүйгээр тэрбээр гудамжныхаа аваргын тэмцээнд 11  дараалан хожиж нэг авдар шар айргаар шагнуулж байсан аж. Таван настай хүүхэд авдар шар айргийг яасан бол? Дараа нь юу болов гээд л та сандарч байна уу? Тайвшир даа, хүн гэдэг араатан биш. Юу гэж л түүнд шар айраг өгөв гэж. Гоц авъяастай хүүд хоёр шил нимбэгийн шүүс, нэг дугуй боовны хамт өгөөд л насанд хүрэгчид нь шар айргийг нь уучихсан гэх. Ер нь бол  авдар шар айргийг тэрбээр уучих л байсан даа. Индиго хүү юм чинь юу л болов гэж!

Кирсаны ер бусын намтрын арав арван жилүүд бүдэгдүү дарагдаад өнгөрсөн гэх. Мөн сургуулийн сурагч болонгуутаа авдар архи хожиж байсан домогтой. Бага зэрэг өсч өндийгөөд зөвхөн Hennessy-г бас л авдраар нь хождог байсан гэнэ. Тэгээд 14 насандаа Халимагын шатрын аварга болж байжээ.

Кирсаныг Халимаг улсыг бас л  “хожил”-д авсан гэж ярилцдаг. Гэхдээ шатраар биш хөзрөөр гээч. Гэхдээ энэ бол арай худал яриа байж магадгүй. Шатарчин хүн хөзөр бариад сууна гэж үү?

Ямар ч байсан Кирсан Николаевич бараг 20 жил Халимагтаа “хаанчлав”. Хаан ширээ нь одоо л ганхаж байна. За яахав өмнө нь үл ялиг ганхсан гэх үү дээ. Тэрбээр харь гаригийн хөлгөөр нисч үзсэн гэж өөрөө ярьдаг. Өөрт нь их л таалагдсан бололтой. Чингисийн удам гээд л харь гаригийнхан сонгосон нь лавтай.

Оросын Халимаг улсын тод лидер Кирсан Иллюмжиновын амьдрал тийм ч амар биш. Ядуухан нутгийнх нь замын цоорхойд үргэлж гэмтэж байдаг Rolls-Royce Silver Spirit II машиныг нь тогтмол засчбайсан байх. Найман жилийн өмнө түүнийг албан томилолтоор Москвад байхад нь харь гаригийнхан хүч хэрэглэн өөрсдийн хөлгөөрөө аялалд явуулсан гэнэ. Халимагийн нийслэл Элстэй дэх албан тасалгаандаа суугаад  “Тэд намайг гэрээс минь аваад хөлөгтөө оруулсан. Дараа нь бид ямар нэгэн одны зүг ниссэн. Тэд надад скафандр өмсгөөд олон зүйл ярьж үзүүлсэн. Тэд харь гаригийнхан ямар байдгийг харуулах гэсэн” хэмээн хуучилсан нь хэвлэлээр гарчээ. Иллюмжиновт үүнээс ч илүү жаргал гэж юу байх вэ?  Тэрбээр ямар гоё ярина гээч! Жишээлбэл, “Оросын мал сүргийн бараг тал хувь нь Халимаг улсын нутаг дэвсгэрт байдаг” гэж тэрбээр ярьсан. Дуу шүлэг шиг л байгаа биз дээ!

Халимаг улс Оросын татаасгүйгээр амьдарч чадахгүй гэдэг. Илюмжинов 1993 онд ерөнхийлөгч, 1995 онд FIDE-гийн тэргүүн болсноосоо хойш дэлхийгээр хэсэн дуртай тоглоом,  хайртай эх нутгаа сурталчилсаар явна. “Намайг ерөнхийлөгч болохоос өмнө энэ газар нутгийн тухай хэн ч мэдэхгүй байсан. Кирсанаар дамжуулан Халимагыг мэдэж авсан юм. Зам, байгалийн хийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор Халимагт орж ирсэн бүх мөнгийг би ийш нь авчирсан” гэж Халимагийн “хаан” ярих дуртай.

Энүүхэндээ гэхэд хөгжил гэж хэлсэн нь хэтрүүлэг л дээ. Төрийн мэдлийн  хамтралын ажилчдын цалин нь сардаа 300 рубль буюу зургаахан фунт байсан үе саяхан. Сүүлд нь нэмэгдээ биз.

Каспийн тэнгистэй хиллэдэг нүцгэн тал голдуу Халимаг нь Оросын бүс нутгийн хамгийн ядуу газруудын нэг. Харин бол Илюмжинов наад зах нь гурван Rolls-Royce, нэг Hammer жийптэй. Ногоон дунд цацагдсан мэт өгөршиж муудсан намхан байшингуудаас бүрэлдсэн Элстэй гэх жижигхэн хотынхоо гудамжаар тэрбээр машинуудаа ээлжлэн унаад давхина. “Баян ерөнхийлөгч авлигын эсрэг баталгаа” гэсэн уриатайгаар есөн метр урт Lincoln машин хөлөглөн ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийж явсан цаг Илюмжиновт бий.

Түүний дуулиант мэдэгдлүүд шиг Халимагийн санхүүгийн хөөрхийлэлтэй байдал нь олны гайхлыг төрүүлдэг. Нойрмог нийслэлийнхээ захад босгосон “Шатрын хотхон” цогцолбор 50 сая ам.долларын зардалтай боловч ямар ч үр ашиггүй. “Мянганы” гэх энэ байгууламжийн суурь нь доош сууж, одоо түүний тансаг байрнуудаас эзэнтэй нь ховор. Илюмжинов ерөнхийлөгч болохдоо Халимагийн малчин бүрт гар утас амлаж байсан. Тэрбээр Ленины бунхныг занданшуулсан шарилтай нь цуг Элстэйд нүүлгэн авчрахад нэг сая ам.доллар амлаж байлаа. Мөн  шатар ба улс төр дэх түүний ялалтыг Болгарын далдыг харагч Ванга эмгэн хэлж өгсөн гэж ярих дуртай.

Монголын хаад Оросыг орхин гарахад үлдсэн Алтан ордын үр сад голдуу  320 мянган хүнтэй Халимаг улс нь Европ дахь Буддагийн шүтлэгтэй  цорын ганц бүс юм. Арван тавтайдаа Халимагийн шатрын аварга болж байсан Илюмжинов ерөнхийлөгч болсныхоо дараа парламентыг хорьж, нэг хүний дэглэм тогтоогоод “эдийн засгийн дарангуйлал” бий болгоно хэмээн амласан билээ. Шатрыг дунд сургуулийн хөтөлбөрт оруулсан бөгөөд өнөөдөр Халимагт олон аварга бий. Илюмжиновыг 1995, 2002 онд Халимагын лидерээр дахин сонгосон юм.

Дэлхийгээр хэссэн нь тэрбээр тун хачин найз нартай. Каддафи түүнтэй найз. Америкийн довтолгооноос өмнө Иракийн дарангуйлагч Саддам Хусейн түүнийг ”Улс орныхоо төлөө сэтгэл зовж, хүний төлөө сайн үйл бүтээх гэсэн хүн” гэж нэрлэж байв. Илюмжиновын ажлын өрөөнд Лениний хөргөөс гадна бусад баатруудын зураг байдаг. Лениний эх нь халимаг эмэгтэй, Ленин өөрөө биднийг ахан дүүс гэж хэлдэг байсан хэмээн Илюмжинов бахархдаг. Мөн түүний өрөөнд бүргэдээс дээгүүр хальж буй Чингис хааны хөргөөс гадна Далай ламын өнгөт гэрэл зураг байдаг. “Далай лам миний лам багш” гэж тэрбээр хэлдэг. Европын хамгийн өндөр 64 метрийн Буддагийн алтан дуганыг  тэрбээр бас босгуулжээ.  Дугана 25 сая ам.доллараар боссон юм.

Илюмжиновын хяналтад байсан засаглалын бүтцэд багагүй хөрөнгө оруулжээ. “Хаана нь улсын мөнгө, хаана нь ерөнхийлөгчийн мөнгө байгааг мэдэхээ больсон” гэж сэтгүүлч Улядуров бичсэн байх юм. Ерөнхийлөгч бол өөрийнхөө “гар”-ыг цэвэр гэдэг. Шатрын хотхон мэтийн цогцолборт “найз нөхөд ба хөрөнгө оруулагчид” мөнгө өгсөн гэнэ. Ерөнхийлөгч болохоосоо өмнө солонгос машины наймаанаас олсон хэдэн сая ам.доллараа тийш нь оруулсан гэх яриа бас бий. “Төсвөөс ганц ч рубль гараагүй” гэнэ.

Түүний ухаан бодол нь дээд матерын тухай бодлоор дүүрсэн хүн. Тэрбээр дэлхийн шатрын аваргын тэмцээний зэрэгцээ, Элстэй хотын 141 жилийн ойгоор ирсэн Хятадын төлөөлөгчдийг зугаацуулж явахдаа  “Магадгүй дахиад 141 жилийн дараа Халимагт гариг хоорондын бага хурал хийж, аянчид маань амьдралыг сайжруулах гэсэн бидний зүтгэлийн үр дүнг хараад бахархах нь дамжиггүй” гэж Азийн хүндэт зочиддоо ярьж байлаа.

Ард түмэн түүнийг “тал нутгийн хаан”, “агуу хутгагч” гэх мэтээр “өхөөрдөн” нэрлэх аж. Индиго хүүхдүүд өсч торнихдоо юу болдгийг хараа биз! Ингэхээр Кирсан Николаевичийг егөөдөн өхөөрдөх биш харин ч түүний айлдварыг судалмаар байгаа биз дээ?! Одоо тэрбээр ерөнхийлөгчийн тушаалаа өгөөд Бурханы шашны айлдвартаа их анхаарах болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж