Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Аврал хүлээх зуур

Уурхайчдын хамаатан саднууд төрийн далбаа хатгаж байгаа нь. Гэрэл зургийг AFP

Чилийн Сан-Хосе уурхайд боогдсон 33 уурхайчныгг аврах хонгил ухах ажил наймдугаар сарын 31-нээс хойш үргэлжилж байна. Арванхоёрдугаар сарын дундуур тэднийг гаргаж авна гэж аврагчид найдаж байгаа юм. Уурхайчдыг амь мэнд гэж анх мэдсэн баяр хөөр одоо зовиуртай хүлээлт болоод байна.

Дөрвөн сар дөрвөн өдөр

Strata 950 700 метрын гүнд 66 см-ын голчтой хонгил гаргахад 3-4 сарын хугацаа шаардлагатай гэж байв. Ийн хонгил гаргаж чадвал хүмүүсийг аврах ажиллагаа эхэлнэ. Тэднийг нэг нэгээр нь тусгай "өлгийгөөр" дээш татаж гаргах бөгөөд нэг уурхайчинг гаргахад хэдэн цаг зарцуулах болно.

Уурхайчдыг аврах ийм технологийг өмнө нь хэдхэн удаа хэрэглэж байжээ. Тухайлбал, 2002 онд АНУ-ын Пенсильванийн Кьюкрик (Quecreek) уурхайгаас уурхайчдыг ингэж гаргаж авсан. Тэр үед уурхайчид 73 метрын гүнд гурван өдөр боогдоод байлаа.  Харин Сан-Хосен уурхайд боогдоод 33 хүнийг дээш гаргахад дөрөв хоног зарцуулна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Үүнээс гадна уурхайчдын өөрсдийнх нь сэтгэлийн тэнхээ, тэвчээр ч чухал. Өрөмдлөгө эхэлснээс сарын дараа уурхайд нь сул чулуулаг унаж эхлэх юм байна. Цаг тухайд нь чулуулгын нурангиас чөлөөлж байхын тулд уурхайчид тогтмол жижүүр гаргаж, тэрэг техникийн тусламжтайгаар нурангийг зайлуулж байх ёстой болно. Тэд одоо уурхайн  урт 500 орчим метрт шахцалдан сууж байгаа юм.
Одоогоор боогдсон уурхайчидтай10 см орчмын голчтой гурван сувгаар харилцаж байна. Уг сувгуудаар уурхайн гүнд хүчилтөрөгч, хоол хүнс, эм тариа  дамжуулж, гар утас ба видео сувгийн кабель оруулаад байгаа. Наймдугаар сарын сүүлчээр энэ гурван хоолойн нэгийг өргөтгөн уурхайчдыг аврах санал гарч байв. Энэ саналыг гаргасан Чилийн “GeoTech” компанийн мэргэжилтнүүд ингэснээр аврах ажиллагааны хугацааг хоёр дахин багасгаж болно гэж байжээ.

Энэ төлөвлөгөө өнөө хүртэл Чилийн эрх баригчдын анхааралд байгаа гэж CNN өгүүлж байна. Чилийн Засгийн газар уурхайчдыг хурдан аврах тэр төлөвлөгөөг хүлээн авах магадлал ямар байгааг хэлж зүрхлэхгүй байна. Одоо уурхайчдын байдлыг хянаж буй мэргэжилтнүүд хурдан тэднийг аварна гэсэн хуурамч найдлага төрүүлэх нь уурхайчид, тэдний хамаатан саданд сэтгэл санаанд хүндээр нөлөөлж магадгүй гэж нэгэн дуугаар ярьж байна.

Уурхайд осол гарснаас 17 хоногийн дараа уурхайчдыг амьд мэнд олсон  сэтгэлийн хөөрөл, баяр зовиуртай хүлээлтээр солигдлоо. Хэдийгээр дөрвөн сар өрөмдөж дөрвөн өдрийн дараа уурхайчдыг аврах боломжтой гэж байгаа ч үүнд бас гарч болох эрсдэл, хүндрэлийг тооцох боломжгүй. Өрөмдлөгийн үеэр үүсч болох хүндрэлийн талаар бодохгүйг хичээж байгаа ч сар гаруй газар дор боогдсон хүмүүсийн бие болон сэтгэл санааны байдал түгшүүр төрүүлж байна.
Таван уурхайчин сэтгэл зүйн дарамтад ороод байгаа түгшүүртэй мэдээ гарч байлаа. Есдүгээр сарын 13-нд хамгийн анхны техникийн хүндрэл гарч, өрөм нь хугарчээ. Хугарсан хэсэг хонгилдоо үлдсэн учир ажилчид түүнийг 268 метрийн гүнээс гаргахаар оролдож байна. Шинээр өөр газар өрөмдөж ч аврах хонгил гаргахаар дахин оролдож магадгүй боллоо.

Газар доорх амьдрал

Уурхайчидтай холбоо тогтоосны дараахан таван уурхайчин сэтгэл санаагаар унаж, нөхөдтэйгөө харьцахгүй, хоол хүнснээсээ татгалзаж эхэлсэн гэж Чилийн эмч нар мэдээлэв. Тэдэнтэй сэтгэл зүйчид ажиллаж байна хэмээн эрх баригчид хэлж байсан ч сэтгэл санаа засагдсан эсэх талаар мэдээлэл гараагүй байна.

Хязгаарлагдмал орчинд боогдсон уурхайчдад тус дэм үзүүлэхээр Чилийн усан шумбагч онгоцны офицерүүдыг дайчлан авчирчээ. Мөн АНУ-ын Сансар судлалын үндэсний агентлаг NASA-гаас хязгаарлагдмал орон зайн орчинд амьдрагсдын сэтгэл зүйн судлалын дөрвөн мэргэжилтэнг уриад байна.

Эдгээр мэргэжилтнүүд Чилид хэд хоног ажиллахдаа аврах ажиллагааны сүүлчээр, хэдэн долоо хоног халуун чийгтэй орчинд ажиллахад нь уурхайчдын өөдрөг сэтгэл, тэвчээр хамгийн хэрэгтэй гэж хэлж байв. Эмч нар уурхайд байгаа хүмүүсийн сэтгэл зүйг сайжруулах ёстой гэж үзэж байгаа юм. 

Боогдсон уурхайчид. Чилийн телевизийн дамжуулсан видео бичлэгийн кадр

Одоогоор газрын гүнээс найдлага төрүүлсэн мэдээ ирж байна. Өнгөрсөн сарын 31-нд уурхайчид шинэ видео бичлэг ирүүлж, тэднийг гэр бүлийнхэнд нь харуулж, Чилийн телевизээр дараагийн өдөр нь дамжуулсан байв. Хамаатан садныхны нь хэлснээр уурхайчид эхний бичлэгээс илүү цогтой харагджээ.Эхний бичлэгт цээж нүцгэн, сахал самбай нь ургасан, ядарсан хүмүүс харагдсан бол хоёр дахь бичлэгт хүмүүс сахлаа хусч “дээр”-ээс ирүүлсэн чийгтэй орчинд тохирсон хувцсаар “гоёсон” байв.

CNN дамжуулснаар, уурхайчдад mp3-плеер ба дуу чангаруулагч болон гол төлөв мексик, пуэрторик, доминикан дууны бичлэг, ном, сонин дамжуулан өгчээ. Боогдсон уурхайчдын 16 нь тамхи татдаг. Тэдэнд зориулан өдөрт хоёр хайрцаг тамхи хүргэж байгаагаас гадна никотины эсрэг наалтуур өгнө гэж амлав. Өнгөрсөн лхагва гаригт тэд уурхайд боогдсоноосоо хойш анх удаагаа халуун хоол унд иджээ.

Газар дээрх амьдрал

Гэсэн ч уурхайчдын ойрын хоногуудын ирээдүй тодорхой бус хэвээр байгаа юм. “San Esteban Mining Co”. компанийн Сан-Хосе уурхайн эзний эсрэг шүүхэд анхны гомдлууд ирээд байна. Үүнд нэгдэнэ гэдгээ боогдсон хүмүүсийн хамаатан садан илэрхийлжээ. Компанийг техникийн аюулгүйг байдлыг хангаагүй, хайхрамжгүй байсан  гэж буруутгаж байна. Хариуцагчдын нэг нь Чилийн уул, уурхай ба геологийн үндэсний агентлаг (Servicio Nacional de Geologia y Mineria) болж байна. Өмнө нь уг уурхайд уурхайчид амь үрэгдсэн осол гарсан ч гэсэн агентлаг уурхайг дахин нээх зөвшөөрлийг 2008 онд “San Esteban Mining Co”. компанид өгчээ.

Чилийн шүүх цаашид гарах шүүхийн зардалд зориулан “San Esteban” компанийн данснаас 1,8 сая ам.доллар битүүмжлээд байгаа ажээ. Үүний хариуд компани нь шүүхийн зардлыг төлж чадахгүй учраас дампуурлын ажиллагааг эхлүүлнэ гэж яаран зарлав.

“San Esteban” компанийн удирдлага Сан-Хосе уурхайн ослын талаар парламентад тайлан тавив. Компанийн захиргааны зөвлөлийн гишүүн Алехандро Бон уурхайчид, тэдний гэр бүлийнхнээс уучлал гуйн харамслаа илэрхийлсэн байна. Гэхдээ компани нь аврах ажиллагаанд туслах хөрөнгө байхгүй гэж мэдэгдсэн. Үүнээс гадна “San Esteban” уурхайчдын боогдсон хугацааны нөхвөрийг өгөх чадваргүй гэж сануулжээ.

Үйлдвэрчний эвлэл боогдсон уурхайчдын цалин хөлсийг Засгийн газраас шаардсан. Харин Засгийн газар тийм бололцоогүйгээ хэлсэн байна. Чилийн Хөдөлмөрийн хуулиар Засгийн газар нь цалин хөлс, тэтгэвэр төлөх эрхгүй. Төрөөс ганцхан хийж чадах зүйл нь уурхайчдыг шинэ ажил мэргэжилд сурах зардлыг л төлж чадах ажээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж