Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 15

Есдүгээр сарын 15-ны баяр

HR-менежерийн өдөр

HR-менежерийн өдөр буюу боловсон хүчний асуудал эрхэлсэн мэргэжилтний  (HR- human resources англ.) мэргэжлийн баярыг есдүгээр сарын гуравдугаар лхагва гаригт тэмдэглэж ирэв.
Оросын эзэнт улсад “Үйлдвэр фабрикийн эзэд ба тэдэнд хөлслөгдсөн ажилчин хүмүүсийн хоорондын харилцааны тухай” гэсэн тогтоол гарсан 1835 оноос хойш HR-менежерийн өдөр эхэлсэн гэж болно. Өнөөдөр HR-менежерийн үүрэг нь ажилчин болох хүмүүсийг хайхаас эхлээд компани байгууллагуудын боловсон хүчний бодлого, хамт олны соёлын бүрэлдэхүүнийг тодорхойлсон өргөн цар хүрээтэй болоод байна.

Төв Америкийн орнуудын тусгаар тогтнолын өдөр

Төв Америк, Карибийн бүсийн Гветамала, Гондурас, Коста-Рика, Никарагуа ба Сальвадор зэрэг орнууд Испаниас тусгаарлан дараа нь тус, тусынхаа хил хязгаараа тогтоожээ.
Төв Америкийн тусгаар тогтнолын өдрийг (Independence Day in Central America) Коста-Рика  ч тэмдэглэж байна. Коста-Рика Испанийн колонийн эсрэг тэмцээгүй ч бусад орнуудынхаа зүтгэлээр эрх чөлөөтэй болжээ. Энэ өдөр ёслолын жагсаал болдог. Гэхдээ Коста-Рика армигүй учир ёслолын жагсаалын гол гүйцэтгэгч нар нь хүүхдүүд гэнэ. Сургууль бүр өөрсдийн хөгжмийн хамтлагтай, бөгөөд шилдэг сурагчид нь төрийн далбаагаа барин жагсаалын эхэнд явдаг. Жагсаалын бэлтгэлийг долдугаар сараас эхэлдэг гэнэ. Хоёр гурван цагийн турш үргэлжлэх ёслолын жагсаал хүүхэд тэдний эмээ өвөө, эцэг эхчүүдийн жинхэнэ баяр болж чаддаг ажээ.

Өдрийн ишлэл

"Бүхнээс ухаантай байх хүсэл шиг тэнэг зүйл үгүй”

(Францын гүн ухаантан Франсуа де Ларошфуко, 1613 оны есдүгээр сарын 15-нд төржээ)

Шассерио. Франсуа VI, герцог де Ларошфуко. 1836. Версаль, Үндэсний музей

Бусад ишлэл: “Бие биеэ хуурдаггүй байсан бол хүмүүс нийгэмлэгээр амьдарч чадахгүй”
“Найз нөхөддөө итгэхгүй байх нь хууртагдахаас илүү муухай”
“Муу үлгэр үзүүлж чадахгүй болсон учир хөгшин хүн сайн зөвлөгөө өгөх дуртай”

Анхны унадаг дугуйг бүтээсэн нь

1801 он: Дэлхийд анхных болох хоёр дугуйтай, урд дугуйдаа хөдөлгөөнд оруулах хөлийн гишгүүртэй тэргийг Сибирийн хамжлагат дархан Ефим Артамонов хийгээд түүгээрээ Верхотурьскаас Москвад хүрэлцэн иржээ. Түүнийг Ходынскийн талбайд олон хүн хүлээн авчээ. Энэхүү бүтээл нь хаанд ихэд таалагдсан тул хаан цуглуулгадаа авчээ. Унадаг дугай хоёр дахь удаагаа 1808 онд Парист “мэндэлсэн” бөгөөд “велосипед” гэж нэрлэсэн нь латинаар “хурдан хөл” гэсэн утгатай юм.

Хот хоорондын төмөр замын анхны шугам нээгджээ

1830 он: Уурын зүтгүүртэй хот хоорондын, дэлхийн анхны төмөр зам Ливерпуль, Манчестерын хооронд нээлтээ хийлээ. 1830 оны тэр өдөр Ливерпулиэс  өглөөний 11:20-д найман вагон 50 км-ын урт замд гарчээ. «Liverpool & Manchester Railroad Company» гэх хувь нийлүүлэгчдийн нийгэмлэг энэ замыг барих нээлттэй уралдаанд ялж, “даац ба бат бэхээрээ” замын байгууламжийн шилдэг гэж мэргэжилтнүүдийг үнэлсэн тэр замыг барьсан, уурын тэрэгний зохион бүтээгч Жорж  Стефенсоныг техникийн удирдагчаар нь тавьсан байв.
Ливерпуль – Манчестерын шугамыг барихдаа тэрээр төмөр замын техникийн олон шинэ арга барилыг нэвтрүүлжээ. Стефенсоны сонгосон замын өргөн нь Орос, Монгол зэрэг орнуудаас бусдад стандарт болдог. Галт тэрэг нь цагт 30 км хурдалж, зорчигч нар сэтгэл өндөр байжээ.
Энэ өдрөөс эхлэн дэлхий даяар төмөр замын сүлжээ хөгжиж эхэлсэн юм.  

Экологийн байгууллага үүсэв

1979 он: Экологчид 1971 оны энэ сарын энэ өдөр анхны эсэргүүцлийн ажиллагаагаа цөмийн бөмбөгийн туршилтын эсрэг явуулсан байна. Мөн энэ өдрийг Гринпис байгуулагдсан өдрөөр тооцдог болжээ. «Гринпис» байгууллагыг анх Дэвид Фрейзер Мак Таггарт үндэслэсэн ба түүнийг анхны ногоон дайчин гэдэг байв. Түүний удирдлагаар Номхон далайн өмнөд хэсэгт цөмийн бөмбөг туршиж байсан Францтай тэмцэж эхэлсэн байна.
 Хэсэг идэвхтнүүд 1971 онд Аляскийн Амчитка аралд цөмийн бөмбөг туршиж байсан АНУ-ын Засгийн газарт “дайн зарлан тэмцэн «Гринпис» хэмээх байгууллага байгуулсан юм.

Дэвид Фрейзер Мак Таггарт 1979-1991 онд тасралтгүй уг байгууллагын ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаад 2001 онд автын ослоор амиа алдтал хүндэт ерөнхийлөгч нь байлаа. «Гринпис» оршин тогтнох хугацаандаа хэсэг бүлэг идэвхтнүүдээс дэлхийн хэмжээний хүчирхэг байгууллага болж чаджээ. Тус байгууллага амьтан ургамлын төрлүүд, агаар мандлыг хамгаалах, цөмийн болон хорт бодисыг тараан дэлгэрүүлэхгүй байх чиглэлээр ажилладаг.

“Гринпис”-ийн үйл ажиллагааны гол зарчим нь экологийн асуудалд олны анхаарлыг хандуулах, байгаль орчныг бохирдуулагчдын эсрэг эсэргүүцлийн үйл ажиллагааг хүч хэрэглэхгүйгээр зохион байгуулах. Төрийн байгууллага болон арилжааны бүтэц ба улс төрийн намуудаас “Гринпис” хандив авдаггүй. Тус байгууллага, салбарууд нь зөвхөн дэмжигчдийнхээ сайн дурын хандиваар санхүүждэг. Удирдах дээд байгууллага нь дэлхийн 40-өөд орны салбарын төлөөлөгч бүхий “Гринпис”-ийн Зөвлөл юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж