Английн Премьер лигт тоосоо өргөж буй Лондонгийн “Уэст Хэм” клубын хамтран эзэмшигч Дэвид Голд алдарт хөлбөмбөгч Дэвид Бэкхэмийг эгнээндээ элсүүлэх бодолтой байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Сери А лигийн тоглолтын үеэр хөлийнх нь өсгийний шөрмөс тасарч, хагалгаанд орсон Бэкхэм дөрвөн сарын дараа гэхэд хэвийн байдалд орох талаар түүний эмч нь мэдэгдсэн. Тэр цагт хэрэв Бэкхэм төрөлх Англидаа очиж, нутгийнхаа ногоон талбайд бөмбөг өшиглөхийг хүсч байгаа бол “Уэст Хэм” түүнийг “Аптон Парк” цэнгэлдэхдээ заавал урих гэнэ. Энэ талаар ноён Голд “Дэвид одоо ч гэсэн олны анхаарлын төвд байдаг. Түүнд санал тавих хүн олон байна. Дэвидийг талбайд гарах боломжтой болсон цагт бид ч гэсэн өөрсдийн саналаа түүнд ойлгуулах болно. Гэхдээ хэрэв тэр талбайд гарч, тоглох боломжгүй бол төрөлх хотынхоо хөлбөмбөгийн клубын элч болох боломжтой шүү дээ” гэжээ.
С.Шүр