Салбар бүрт цалинг өөр тогтоож болно

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Салбар бүрт цалинг өөр тогтоож болно

Монголын үйлдвэрчний эвлэ­лүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, Засгийн газарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Монгол Улсад төрийн албанд харьяалагддаг 150 мянган иргэн бий. Тэдний 38800 нь Төрийн захиргааны алба буюу, төрийн жинхэнэ албан хаагч гэсэн харьяалалд багтдаг бол үлдсэн хэсэг нь төрийн үйлчилгээ гэсэн тодотгол “зүүдэг” байна. Ингэснээр Төрийн жинхэнэ албан хаагчид нь хамгийн өндөр цалин авч, бас хамгийн өндөр хангамж эдэлж, төсвийн мөнгө дотор “булхдаг”. Тэгш бус энэхүү хуваарилалтыг хязгаарлах зорилгоор Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо ньТөрийн үйлчилгээний албаныхны хангамжийг түлхүү нэмье гэдэг саналыг Засгийн газарт тавьж, тодорхой шийдвэр гаргуулахыг хүссэн ч тэднийг өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй аж. Тиймээс ямар үндэслэлүүдээр Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, хангамжийг нэмэгдүүлэх шаардлага тавиад байгааг тус холбооны ерөнхийлөгч С.Ганбаатараас лавласан юм.

-Төрийн үйлчилгээний албан хаагч­дын цалинг түлхүү нэмье гэдэг нь 30 хувиас илүүтэй гэсэн са­наа юу. Төсөвт цалин, тэтгэврийн нэмэгд­лийг 30 хувиар тооцож, суулгасан байдаг?

-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг аравдугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлэхтэй холбогдуулж 2010 оны төсвийн тодотголд нийт 78.2 тэрбум төгрөг тусгаж өгсөн. Үүний  49.3 тэрбум төгрөг төрийн албан хаагчдын цалинд, 28.9 тэрбум төгрөг нь тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зарцуулахаар байгаа юм. Хэрвээ Засгийн газар бидний зуны турш асуудал болгосон, саналыг хүлээн авсан бол аравдугаар сарын 1-нээс өмнө асуудлыг цэгцлэх боломж бүрэн байсан. Яагаад гэвэл, өнөөдөр Төрийн захиргааны албан хаагчид төрийн үйлчилгээний албан хаагчдаас илүү, маш өндөр давуу хангамж эдэлж байна.  Тухайлбал, энэ харьяалалд багтдаг дарга нар 60 нас хүрсэн ч  тэтгэвэрт гаралгүй, 65 хүртлээ ажиллаж болно. Тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тусламж хүртдэг, энэ бол буруу. Тэдний оронд энэ тусламжийг боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдадаа тэнцүү хэмжээгээр өгөх ёстой. Ингэснээр тус салбарынхан тэтгэвэртээ гарахдаа авах мөнгө нь даруй хоёр дахин нэмэгдэх боломж байгаа юм. Үүнийг шийдвэрлэхгүйгээр төрийн албан хаагчдын цалинг автоматоор шууд 30 хувиар өсгөх нь учир дутагдалтай. Бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдад энэхүү нэмэгдэл үр дүн авчрахгүй. Яагаад гэвэл Засгийн газрын тогтоолд үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлнэ гэж бидний шахалтаар хүчээр оруулсан. Үүнд засах юм зөндөө бий. Үүнийг л бид өнгөрсөн хугацаанд Засгийн газартай ярилцаж, шийдвэрлэе гэсэн зорилго тавиад амжилт олоогүй байна.

-Төрийн захиргааны албанд хэч­нээн хүн хамаардаг юм бэ. Тэдний авч байгаа цалинг, төрийн үйл­чилгээний албаныхантай жишиж үзвэл ямар харьцаа харагдах бол?

-Төрийн захиргааны албанд нийт 38800 хүн харьяалагддаг. Үүнээс цэрэг, тагнуул, онцгой байдлынхныг онцгой авч үзэх нь зүйн хэрэг. Тэдэнд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тусламж өгч болно.

Харин ширээний ард суудаг, шийдвэр гаргадаг Захиргааны албан хаагчдад ингэж онцгой хандах нь ашиг сонирхлын зөрчил. Ядуудаа бид уурлаагүй, хамгийн гол нь шударга бус байдалд бид хамгийн их бухимдаж байгаа. Жишээ авъя, Төрийн захиргааны албан хаагчийн үндсэн цалин дунджаар 439 мянган төгрөг байдаг. Дээр нь тусгай нэмэгдэл нэрийн доор өөртөө нэг сая, нэг сая 100 мянган төгрөг ч авдаг. Өөрөөр хэлбэл, тэдний цалин, тусгай нэмэгдлийг нь тооцоод үзэхээр сард дунджаар 645 мянган төгрөг авдаг байх жишээний. Энэ бол шударга биш.  Төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний алба­ны хоорондын орлогын ядуурал, зааг ялгаа завсрыг ихэсгэж байгаа юм шүү дээ.

Цалинг нь хооронд нь жишвэл,  Төрийн үйлчил­гээний албаны хамгийн доод цалин 108 мянган төгрөг. Түүнийг нь 30 хувиар нэмэхэд 140 мянган төгрөг хүрэхтэй үгүй цалин л авна. Харин 500 мянган төгрөгийн үндсэн цалинтай захиргааны албан хаагчийнх шууд 150 мянган төгрөгөөр нэмэгдэж, 650 мянган төгрөг авна. Энэ шударга биш. Үүнд Засгийн газар санаачлага гаргахгүй байна.

-Тухайлбал, юуг са­наач­лахгүй байна гэж…?

-Гадаад орнуудад бараа,  бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд цалинг амьжир­гааны төвшинтэй нь уял­дуулж нэмэгдэг.  Үүнийг манай Засгийн газар хийх­гүй байгаа. Жишээ нь, талх 20 хувиар нэмэгдэхэд, цалин дээр нь нэмэгдэл өг­дөг хууль эрх зүйн орчин байх ёстой.  Израйльд 1982 онд инфляци 113 хувьд хүрч байсан, тогтмол 100 хувьтай явсаар ингэж өссөн юм билээ. Энэ үед тус улс арга хэмжээ авснаар инфляцийг зургаан сарын дотор 20 хувь болгож бууруулж чадсан байдаг.

-Яг ямар арга хэрэг­лэчихэв?

-Манайд цагаан будаа, элсэн чихрийн үнэ нэмэг­дэхэд  ашиг нь ажил ол­гогч юм уу, бизнесмэн дээр очдог. Хэрвээ энэхүү нэмэг­дэл болгоны 80 хувь ажилчин хүний цалин дээр очдог байхаар зохицуулалт хийж өгвөл тэд ингэж бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй. Ийм меха­низ­мыг Засгийн газар санаачлах ёстой.

-Одоо тэгэхээр Засгийн газар ямар бодлого барих ёстой гэж?

 -Яам, салбар бүр цалин хөлс, урамшууллын журам дээрээ өөрчлөлт оруулж, 500 мянган төгрөгийн цалин­тай хүнийг 100 мянган төгрөгөөр, 100 мянган төгрөгийн цалинтайг нь 70 мянган төгрөгөөр нэмэгдүүлдэг, ийм тогтолцоо руу шилжиж болно.

-Маргааш/өнөөдөр/ Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Түүгээр цалин, тэтгэврийн нэ­мэгд­лийн асуудлыг авч хэлэл­цэнэ. Та бүхний та­вьж байгаа, Төрийн үйл­чилгээний албан хаагч­дын цалинг түлхүү нэмж, тусламж олгодог болъё гэсэн энэ саналыг хүлээн авахгүй бол яах вэ?

-Хамтарсан хэлэлцээрт үндсэн цалинг 30 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж заасан. Тийм болохоор  салбар хороодуудаараа дамжуулан уриалга гаргаж,  шахалт үзүүлнэ. “МҮЭХ салбар бүр рүү орох юм бол тэнд салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, яамд гэж байхын хэрэг юу байгаа юм бэ” гэсэн асуудал хөндөгдөж байгаа. Гэсэн ч бид үүнийг хаяхгүй, салбарын холбоодоороо дамжуулж үр дүн гаргахын төлөө ажиллахаас өөр аргагүй байгаа.

-Төрийн албаныхны цалинг нэмэхээр хувийн хэвшлийнхэн хаягддаг. Үүнд Үйлдвэрчний эвлэ­лийн холбоо анхаарал хэр хандуулдаг юм бэ?

-Хувийн хэвшлийнхний эрх ашгийг Үйлдвэрчний эвлэлийн холбоо огоороод байна уу гэсэн шүүмжлэл гардаг. Тиймээс хувийн хэвшлийнхэн минь бидэнд асуудлаа тавиач ээ. Амь,  амиа бодож, нэг нэгээр няц гишгүүлж байхаар, Үйлдвэрчний эвлэлээ байгуулаач ээ. бидэнд санал тавиач ээ гэж байнга хэлдэг. Хэдийгээр манай холбооны гишүүн биш байсан ч нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаараа бид анхаарах ёстой. Анхаарах ганцхан хууль эрх зүйн орчин байдаг, тэр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль юм.

Монгол Улс дахь хувийн хэвшилд ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ маш бага байгаа.  Олон улсын төвшинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дундаж цалингийн 67 хувьтай тэнцэх хэмжээ­гээр тогтоодог. Манай улсад дундаж цалин 306 мянган төгрөг байгаа гэсэн статистик судалгаа байдаг юм билээ.  Бидний тооцоогоор 304 мянган төгрөг байдаг. Үүний 67 хувиар тооцоод үзэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 218 мянган төгрөгтэй тэнцэх болж байгаа юм. Үүний ч төлөө явж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бид хоёр дахин нэмэгдүүлэх буюу 216 мянган төгрөгт хүргэх тооцоо судалгаа хийсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай шинэ хууль 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шинээр мөрдөгдөнө. Бид үүнийг хүлээхгүйгээр хуучин хуулийнхаа хүрээнд нэмэгдүүлэх боломж ч бий.

-Гэхдээ цалин, тэт­гэвр­ийг  нэмэх бүрт инф­ляци өсч,  үр дүн гарахгүй нийтээрээ л хохирдог шүү дээ? 

-Өнгөрсөн гурван жи­лийн хугацаанд цалин, тэтгэврийг нэмээгүй байхад инфляци өнөөдрийн төвшинд хүртэл байнга өсч ирсэн. Инфляци юунаас болж өсч байна вэ гэдэг асуудал нь өөр шүү дээ. Өнөөдөр гаалиар орж ирж байгаа нэг тонн сахар 270 ам.доллараар орж ирдэг. Үүнийгээ жижиглэн худалдаачдад зарахдаа  нэг кг тутамд нь 500 төгрөг нэмдэг. Элсэн чихрийн үнэ иргэдийн гар дээр дөрөв дахин нэмэгдэж очдог. Мөн манайд банкны зээлийн хүү 20-30 хувь байгаа. Монгол Улсад бий болж байгаа баялаг нь төрийн албаныхан болоод хувийн хэвшлийн цэвэр бий болгож байгаа ашигтай харьцуулахад цалингийн фонд ньулсын хэмжээнд 21 хувь байдаг. Өөрөөр хэлбэл, компани нэг сард 100 сая төгрөгийн ашиг олоход цалиндаа 21 сая төгрөг зарцуулдаг гэсэн үг. Харин барууны оронд эсрэгээрээ 75-80 хувь зарим тохиолдолд 82 хувийг цалиндаа зарцуулдаг, олсон ашгийнхаа шүү дээ.  Тэгэхээр Монгол Улс баялаг хуваарилалтынхаа 21 хувийг 60 хувьд хүргэх бололцоо бий. Энэ тохиолдолд цалинг гурав дахин нэмнэ гэсэн үг. Бий болгож байгаа баялгийнхаа хуваарилалтад ажил олгогч,  ажилчин хоёр шударгаар оролцоё л доо,  тэр тусмаа инфляцийг нэмэгдүүлэхгүйгээр.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж