Сайдыг түлхсэн ханшийн өсөлт

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Сайдыг түлхсэн ханшийн өсөлт

Жишээ нь бид ам.доллартай харьцуулах монгол төгрөгийн ханшийг сулрах бүрт дагаад дуу маань сулрах тийшээгээ хандлагатай улс. Гэтэл япончуудын хувьд тэдний үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцуулах ханш хэдий чинээ нэмэгдэнэ төдий чинээ дуу нь сулрах төлөвтэй байгаа юм.

Японы Төрийн ордоны хана хэр урт болохыг мэдэхгүй ч манайх шиг ерөнхий сайдуудынхаа зургийг өлгөж эхэлбэл ялангуяа сүүлийн үед зайгаа сайтар тооцох хэрэгтэй болж байх шиг байна. Юу гэвэл жил гаруйн дотор тус улсын ерөнхий сайд эгээтэй л зургаа дахь удаагаа солигдчихсонгүй.

Мэдээж Японы эдийн засгийн доройтол одоогийн ерөнхий сайдын  “гол шарх” нь байсан боловч үүн дээр жинхэнэ давс үрсэн асуудал бол долоо хоногийн өмнө Хятадын загас агнуурын онгоцыг япончууд албадан саатуулж ахмад болон далайчдыг хорьсноос болж хоёр орны дипломат харилцаа сэвтсэн явдал болсон юм. Энэ бүхнээс болж Японы одоогийн эрх баригч намын төлөөлөгчид ерөнхий сайддаа итгэл үзүүлэх эсэхээ шийдэхдээ тулсан билээ. Тус намын даргын төлөөх өрсөлдөөнд ерөнхий сайд Наота Кан болон Ичиро Озава нар өрсөлдөн тэдний хооронд эн тэнцүүхэн өрсөлдөөн болно хэмээн хүлээгдэж байсан аж. Санал хураалтын дүн Наото Каны талд 721, харин өрсөлдөгч Ичиро Озавагийн талд 491 гэсэн илт зөрүүтэйгээр гарсан байна.

Энэ нь нэг талаар тус улсын улстөрд харьцангуй тогтвортой байдал авчирч байгаа ч хямралын гол шалтгаан болох эдийн засгийн хямралын “үүл арилах” яагаа ч үгүй байгаа юм. Дэлхийд эдийн засгаараа гайхагдаж байсан Японыг хоёрдугаар байрнаасаа ухарч, урдуураа Хятадыг оруулах үед ийм зүйл болсны гол шалтгаан нь Хятадын үсрэнгүй хөгжилд байна гэж үзэх хүн олон байсан биз. Гэвч асуудал зөвхөн Хятадад байсангүй. Японы эдийн засаг доройтож байгаад л гол шалтгаан нь байсан хэрэг.

Сонирхолтой нь, Японы одоогийн ерөнхий сайдын байр суурь ганхсан нь тэдний үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцуулсан ханш хэт өссөнтэй холбоотой байсан юм. Америк доллартай харьцах иенийн ханш сүүлийн 15 жилд байгаагүйгээрээ чангарсан нь Японы эдийн засгийг ч ерөнхий сайд Наото Каныг ч тэр сандаргаад байна. Эндээс харахад үнэ ханш гэдэг тийм амар биш ойлголт аж.

Жишээ нь, бид ам.доллартай харьцуулах монгол төгрөгийн ханшийг сулрах бүрт дагаад дуу маань сулрах тийшээгээ хандлагатай улс. Гэтэл япончуудын хувьд тэдний үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцуулах ханш хэдий чинээ нэмэгдэнэ төдий чинээ дуу нь сулрах төлөвтэй байгаа юм. Өнгөцхөн харахад гайхалтай эсрэгцэл мэт боловч үнэндээ бол энгийн л нэг ялгааны асуудал байна. Япон улс экспортоосоо буюу гадаад зах зээлээс дийлэнх орлогоо олж байдаг бол бид гаднаас чамгүй их “хэрэглээгээ” худалдан авдаг учраас бидний хооронд иймэрхүү эрс тэс ялгаа байдаг бололтой. Өөрөөр хэлбэл, японы дотооддоо хийж байгаа бүтээгдэхүүнд шингэх өртөг иенийн ханш чангарч байгаатай уялдан нэмэгдэх тул гадаад зах зээлд үнийн хувьд “чангарч” очих болж байгаа юм. Энэ нь япончуудын орлогоо олох эх үүсвэр болох гадаад зах зээл дээр үнэтэй очих болж, улмаар үнийн өрсөлдөөнд ялагдаж байна гэсэн үг болж байна. Тэгвэл Японы иен сүүлийн 15 жилд байгаагүйгээр ханш нь чангарч энэ нь япон бараа бүтээгдэхүүний борлуулалтыг үндсэнд нь хаан, эцсийн дүндээ дифляци буюу барааны илүүдлийг бий болгоод байгаа билээ. Борлуулалт багассанаас болж японы автомашин болон цахилгаан барааны үйлдвэрлэл алдагдал хүлээж эхлээд байна. Үүнээс болж Японы хөрөнгийн биржийн Никкей 225 индекс энэ сарын эхний долоо хоногт бүхэлдээ 3.5 хувиас илүүтэйгээр унаж байлаа. Энэ мэдээг задалж гаргахад електроникийн гигант Sony корпорацийн хувьцаа бүрийн үнэ нь 3.66 хувийн алдагдал хүлээж байжээ. Тэгвэл машин үйлдвэрлэгч Toyota-ийн хувьцаа бараг 2.4 хувийн алдагдал хүлээсэн байсны дээр Toshiba компанийн хувьцаа бүрийн алдагдал 4.7 хувьд хүрсэн байна.

Японы одоогийн Засгийн газар мөнгөн тэмдэгтийн ханш нь ийнхүү чангарах болсныг хазаарлах зорилгоор хэд хэдэн хариу арга хэмжээ авч байгаагаа зарлаж байсан юм. Тухайлбал Японы төв банк өнгөрсөн долоо хоногийн эхээр иенийн ханшны өсөлтийн эсрэг тэмцэхийн тулд зээллэгийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр болж арилжааны банкуудад 10 трил­лион иен буюу 117 тэрбум ам.долларын зээллэгийг олгосон байна. Энэ нь үйлдвэрлэгчид очих зээлийн хүү багасч улмаар экспортод гарч байгаа бүтээгдэхүүний өртгийг багасгах гэсэн найдлагаар хийгдсэн байна.

Дээрхи арга хэмжээг авсны дараа Японы төв банкны (Bank of Japan) хүү багатай зээлийн хөтөлбөрийн нийт хэмжээ 30 триллионд иенд хүрч байгаа юм. Ийм их хэмжээний зээл гаргана гэдэг нэг талаас эрсдэлтэй алхам боловч зээлийн хэмжээг ийн­хүү нэмэгдүүлснээр хүүгийн ханш­наас ашиг олох сонирхлыг хумьж, иенийн ханшийн өсөлтийг зогсооно хэмээн найдаж байсан. Гэвч энэ мэт арга хэмжээнүүдийг ээлж дараа­лан авч байгаа ч дифляцийн хүнд­рэ­лээс гаргахад хүрэлцэхээр үр нөлөө­тэй байна гэдэгт олонх шинжээчид эргэлзэж  байгаа юм. Хэт хөндлөнгийн мэт санагдахаар Японы зах зээлийн мэдээллийг харж байхад монголчуудын анхаарлыг татахаар зарим нэг агуулгууд байгаа мэт санагдана.

Тухайлбал Японы татварын хуу­лиар бүтээгдэхүүн бор­луу­лалтын татварыг таван хувиас арван хувь болгон өсгөсөн нь Японы үйлдвэрлэгчдийг улам ч хүнд байдалд оруулж байгаа юм байна. Мөн одоогийн Засгийн газрых нь мэдээллээс харахад иен эргэн хүчтэй болж байгаа болон татварын дарамтаас болж Японы олон компаниуд бүтээгдэхүүнээ хилийн чинадад үйлдвэрлэх хандлагатай болж ирж байгаа гэнэ. Мэдээж энэ мэдээллийг манай урд болон хойд хөршүүд анхааралдаа авч байгаа нь лавтай. Монголчууд ч мөн хоцрохгүй байлгүй дээ гэж найдья.

Бас нэг анхаарал татахаар асуудал бол Монголд ч төгрөгийн ханш чангарах хандлага ойрын ирээдүйд бий болох магадлал байгаа. Уул уурхайн орд газруудыг ашиглаж эхэлснээр бүтээгдэхүүн борлуулалтыг даган орж ирэх валютын их урсгал одоогоор харьцангуй тогтвортой байгаа ханшийг хэт хэлбэлзүүлэх магадлал гарч болох мэт.  Тэр тусмаа  зөвхөн монгол төгрөгөөр гүйлгээ хийгдэх хууль үйлчилж байгаа үед энэ нь бүр ч их магадлалтай байна. Саяхан болж өнгөрсөн Монголд хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр Монголбанкны мэдээлснээр бол Монголд орж ирж байгаа ам.долларын хэмжээ өнгөрсөн оныхоос тав дахин нэмэгдсэн дүнтэй байна. Мэдээж одоогоор хэрэглээ гадаад импортоос нэлээд хамааралтай байгаа үед энэ нь сайн мэдээ байж болох ч цаашдаа ямар нөлөөтэй вэ гэдгийг хэлэхэд хэцүү.

Уул уурхайгаас олборлож байгаа баялгийн үнэ нэмэгдэх хандлагатай байгаад, дээр нь  хэсэг хугацаанд энэ салбар тэргүүлэх байдалтай болж байгаа үед төгрөгийн ханш чангарахыг эерэг үзүүлэлт гэж тооцож явах биз. Гэвч уул уурхайн өгөөжийг дагуулан бусад үйлдвэрлэлийг, ялангуяа экс­портын баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлж улмаар бүтээгдэхүүн гаргах үед төгрөгийн ханш чангарах нь зах зээл дээрхи үнийн өрсөлдөөнд ороход нь сөрөг нөлөө авчрахыг үгүйсгэхгүй. Тэр тусмаа өрсөлдөөнд шинэ тулгар орж байгаа Монголын компаниуд чанараас гадана өртгийн хэмжээгээрээ зохистой байж таарах болж байна. Нэг үгээр хэлбэл мөнгөний ханш гэдэг үү…хэт өсөж болдоггүй, бас хэт унаж болдоггүй эмзэг зүйл ажээ. 

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж