Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

АН:МАН (АНА vs МАНА)

News.mn-ний салбар сайт болох нээгдээд удаагүй байгаа News iReportод “Намуудын үзэл баримтлалын огцом хувирал” гарчигтай мэдээ гарчээ. Агуулга нь НҮБ-ээс зарласан “Ардчиллын олон улсын өдөр” буюу өнөөдрийг Ардчилсан нам бус МАХН өөрсдийн баяр болгон тэмдэглэж, энэ хоёр нам үзэл баримтлалаа  сольж буй тухай.

Иргэд дор бүрнээ асуулт хайж эхэлсэн бололтой. Жирийн иргэдэд хамаагүй хэрнээ хамаатай бас хамаатай гэхээр үгүй ч юм шиг ийм нэгэн үйл явц өрнөж байна.

МАХН нэрнээсээ “хувьсгалт” гэх үгийг хасах гэж байгаатай зэрэгцээд энэ намын дэргэдэх холбоод ч бужигнаад эхэллээ. Өнөөдөр болох МАСЗХ-ны их хурлаар үзэл баримтлал, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудлыг эцэслэн шийдэх гэж буй. Товчхондоо бас л “социалист” гэх үгээ таягдах гэж 500 төлөөлөгч  цуглах нь.

 Тэгвэл эргийн нөгөө талд Ардчилсан нам анхан шатаа сонсох аяныг өрнүүлж байна. Бодвол байнгын үйл ажиллагаатай гэдгээ харуулах гэсэн санаа биз. Магадгүй ирэх 2012 оны сонгууль дөхөж буй энэ үед иргэдийн дуу хоолойг сонсох, тандах гэсэн оролдлого байх. Гэхдээ иргэдээ сонсох, анхан шатаа сонсох гэхчлэн улиг домог болсон энэ арга хэмжээнүүд нь тэдний нэр хүндийг олон нийтийн дунд нэмдэг гэвэл эндүүрэл болно. МАХН ч гэсэн “Хүний хөгжлийн сан”-гийн мөнгөө яаж зарцуулахаа асууна ч гэх шиг нүсэр их зардалтай ажил зохиогоод, сониноор мэдээлээд л байсан.Эрх барьж байгаа хоёр нам ард түмнээ сонсоод, анхан шатаа судлаад байдагсан бол өнөөдөр монголчуудын аж амьдрал арай ч ийм байхгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Хүнд ч юм уу өөртөө ч юм уу ажил хийсэн болж харагдах гээд иймэрхүү алхам хийдэгч гарсан үр дүн нь хаана байнаа гэж асуумаар л байна. Энэ утгаараа тэдний аль нь ч нөгөөхөөсөө ялгарахааргүй нэг хэвийн цутгамал. 
 
Үнэн хэрэгтээ Ардчилсан нам, түүний шийдвэр, үйл ажиллагааг хөндлөгөөс харахад барууны чиг хандлага ажиглагдахгүй болоод уджээ. Анхнаасаа ч тэд барууны чиг хандлагатай байсан гэхэд эргэлзээтэй. Ардчилсан намыг удирдаж асан дарга нар бодлогоо барууны чиг баримжаатай гэж тодорхойлж байсан ч хийсэн үйлдэл нь, гаргасан шийдвэр нь, сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөр нь түүнийг үгүйсгэсээр ирсэн. Харин ч эсэргээрээ хэт зүүний чиг баримжаатай гэмээр шийдвэрүүдийг гаргаж байсан. Тэд хувь хүн иргэн рүү гэхээсээ илүү хавтгайдаа ядуурсан нийгэм  рүү чиглэсэн бодлогыг санаачлагчид болон хувирсан. Үүнийг гэрчлэн анхны алхам нь “Хүүхдийн мөнгө”. Энэ нь зүүний чиглэлтэй МАХН-ын барих ёстой бодлого байв. Гэсэн ч Ардчилсан намын дэвшүүлсэн хөтөлбөр болохоор “Би хэн билээ” гэлгүйгээр тухайн үедээ тас эсэргүүцэж байв. Төд удалгүй МАХН ч Монголын нийгмийн талаас илүү нь ядуучууд гэдгийг хүлээн зөвшөөрч “Залуу гэр бүлд 500 мянган төгрөг, шинэ төрсөн хүүхдэд 100 мянга” гэхчлэн амласан. Эцэстээ аль альныхаа саналыг хүлээн зөвшөөрч, амлалтаа биелүүлэхээр “тэврэлдсэн” билээ. Харин дараагийнх нь “Эрдэнийн хувь” нэг сая төгрөг. Хариуд нь коммунистууд 1,5 сая төгрөг. Өмнөх “наймаа” амжилттай болж хоёул хамтран засаг барьсан, үргэлжлүүлсэн дээр.

Барууны чиг хандлагатай намууд нийгмийн хавтгайрсан халамж, төсвийн замбараагүй зарцуулалт, төрийн оролцоог нэмэгдүүлэхийн эсрэг байдаг гэдгийг одоо хүн бүр хангалттай сонссон. Хамгийн тод жишээ “төмөр хатагтай” хэмээн алдаршсан Маргарет Тэтчерийн бодлого. Британийн эдийн засгийг эрүүлжүүлэхийн тулд төсвийн зарлагыг багасгаж, чөлөөт зах зээлийг бий болгох татварын орчныг бүрдүүлсэн. Түүний жор нь улсын төсвийг эрс хязгаарлаж, нийгмийн хэрэгцээнд зориулах, өмчийг хувьчлахаас бүрдэж байв.

Боловсролын сайд байхдаа төсөв хэмнэх үүднээс дунд сургуулийн сурагчдад өгдөг сүүний мөнгийг зогсоосон нь тухайн үедээ дуулиан тарьж байж. Ингэснээр тэрбээр “төмөр хатагтай” нэрийг авсан ч олон арван сая ам.доллар хэмнэх боломж төрдөө олгосон гэдэг.

 Монголын улстөрчдийн явуулж буй бодлогыг юу гэж үзэхийг ёстой бурхан /бишээ чөтгөр/ л мэдэх байх. Дуртай үедээ тараана, олон улсын байгууллага, хандив дэмжлэг өгөгчдийг унаж тустал нь хуурна. Татвар төлөгчдийн мөнгийг нийгмийн халамж руу хайр найргүй урсгаж, бүхнийг төрийн оролцоотойгоор боомилохыг урьдал болгоно.

Ядуу нийгэмд зүүний нам, боловсролгүй нийгэмд бөө зурхайч олон байдаг ёсоор зүүний үзлээ ил тод тунхагладаг МАХН өнөөг хүртэл Монголдоо “босоо” байна. Ардчилсан нам харин үзэл баримтлалаасаа ухарч төсвийн мөнгийг баруун зүүнгүй цацах бодлого явуулснаараа арай ядан “амь тээж” байна. Ингээд бодохоор МАХН биш харин Ардчилсан нам нэрээ солимоор юм. Нэрэндээ хувьсгалт ч юм уу социалист гэдэг үг оруулбал агуулга хэлбэр хоёр нь яг зохино. Ардчилсан социалист нам эсвэл Ардчилсан хувьсгалт нам.

Гэтэл яагаад Ардчилсан нам биш МАХН нэрээ солих гээд байгаа юм бол.
 Тэд халамжийн бодлого нь өнөө маргаашаа харсан, ирээдүйгүй, улс орныхоо хэтийн хөгжлийн төлвийг алдаг гэдгийг бас зах зухаас нь сонссон болохоор өнгөн дээрээ ч гэсэн тэрнээс татгалзах гээд байгаа нь тэр. Хийж байгаа ажлыг агуулга, үр дүнгээр биш намирах туг далбаа, лоозонгоор дүгнэдэг монгол зан энд ч бас гарч байгаа нь тэр. Нэр л сайхан байх хэрэгтэй агуулгатайгаа тохирох эсэх нь хэнд ч падгүй.

За нэрээ сайхан болгох аянд гарлаа. МАХН өнгөлөн далдлах засвар хийгээд Ардын нам болжээ. Араас нь Ардчилсан социалист залуучуудын холбоо Ардын залуучуудын холбоо. Ардчилсан социалист эмэгтэйчүүд нь ардын эмэгтэйчүүд. Эцэст нь Зүүний хүчний холбоо Барууны хүчний холбоо болох нь. Инээд хүрэхгүй байна уу.

Энэ бүхнээс ямар гаргалгаа хийж болох вэ? Ерөөсөө энэ хоёр нам нэгдэх хэрэгтэй юм байна. Сонгуульд хэн нь ялсан хамаагүй хамтарч засгаа барьдаг, хоёулаа барууны үзэл баримтлалтай учир хоорондоо өрсөлдөж яах хэрэг вэ. Бид тэдний өмнөөс “танай манай нам” гэх зэргээр шөргөөцөлдөж хүний доог болоод явах хэрэг байна уу. Ардчилсан намын гишүүдээ яг адилхан үзэл баримтлалтай шинэ нам мэндэллээ.Байгууллагын хувьд А намаас хамаагүй зохион байгуулалттай, сахилга баттай бас том. Та гишүүн болохгүй юм уу. Мөрддөг үзэл баримтлал, дээдэлдэг үнэт зүйл яг адил. Нам гэдэг чинь үүн дээр л тогтдог биз дээ. Тэгэхээр хоёр ижил барууны нам байх хэрэг байна уу. Нэгдвэл дээр биш үү. Үйл явдал ийш нь хөтлөөд байна бус уу. Тэгээд бүгд нийлээд зүүний үзэл баримтлалтай Барууны хүчний холбоо болохгүй юу. Харин эд хэнтэй өрсөлдөх вэ? Арай ард түмэнтэйгээ биш байгаа даа.

  Гэхдээ Ардчилсан намынханд сануулахад хоёр нам “нэгдэхэд” хэн нь үлдэх бол доо. МАХН  иймэрхүү үйл ажиллагаанд хожигдож үлдэнэ л гэж байхгүй. Уг нь анх ардчилсан үзэл баримтлал тунхагласан нь Ардчилсан нам. Ах нам чинь ардчилсан үзэлтэй болж байгаагаа тунхаглахдаа элэгний хажуудахь дэлүү шиг хүний Засгийн газарт наалдаж яваа үеийг чинь сонгосон нь санамсаргүй биш байх аа.

Л.Нарантөгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж