
-Юуны өмнө монголчуудтай анх хэзээ, хэрхэн танилцаж байснаас ярилцлагаа эхлэмээр санагдлаа.
-1964 оны Токиогийн зуны Олимпийн наадамд Монголын шигшээ багийнхан “Байгаль” нэртэй усан онгоцоор Японы “Ёокохама” усан онгоцны зогсоолд ирэхэд угтаж авсан нь миний хамгийн анхны Монгол Улстай харилцсан тохиолдол юм. Сонирхуулахад, Монголын шигшээ багийн тамирчдын бүрэлдэхүүнд сумогийн их аварга Хакухогийн аав Ж.Мөнхбат байсныг санаж байна. Дараа нь 1973 оны наймдугаар сард Япон улсын Элчин сайдын яамыг нээхээр Монголд анх ирсэн. Тухайн үед ганцхан Улаанбаатар зочид буудал гадаад хүмүүст үйлчилдэг байлаа. Манай Элчин сайдын яам анх энэ зочид буудлын 501 тоот өрөөг түрээслээд 15 сарын хугацаанд Элчин сайдын яамны ажлаа эхлүүлсэн. Тэр үед Францын элчин 324 тоотод ажилладаг байлаа. Анх Элчин сайдын яам ажлаа эхэлж байхад монголчуудтай чөлөөтэй харилцах боломжгүй, тухайн үеийн нийгмийн амьдрал, дэглэм зэрэг ялгаатай байдлаас болоод хүнд хэцүү үе байсан. Монголд дипломат ажилтнуудад үйлчилдэг ганцхан дэлгүүр байдаг, олон газраар үйлчлүүлэх боломжгүй байлаа. Цор ганц дэлгүүрт нь шинэ бараа ирвэл бидэнд утсаар мэдэгддэг байлаа. Харин хотын гудамжинд нэг ч хог байдаггүй, цөөхөн машинтай байсан. Улаанбаатар зочид буудлын өмнө гэхэд л хоёр машин л зогсч байдаг байлаа шүү дээ. Нэг нь зочид буудлын автобус, нөгөө нь манай Элчингийн машин байсан. Улаанбаатар хотын хаашаа ч явсан таван минутад хүрч болохоор. Нисэх онгоцны буудал хүрэхэд 10-15 минут зарцуулдаг байв даа. Одоо ямар байдалтай байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Би машин барих их дуртай учраас хааяа амралтын өдрүүдэд хотоор давхидаг. Даанч монгол жолооч нар замын хөдөлгөөнд соёлгүй оролцож, өөр урсгалд орох, зогсч байгаа машин хооронд орох зэргээр хөдлөгөөний түгжрэл үүсгэж байгаа нь харагддаг юм
-Японы Элчин сайдын яамыг нээсэн үеийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцвал сонирхолтой байх. Тухайлбал, хамгийн анх хийж байсан ажлууд, гэрээ хэлэлцээр гээд л… ?
-Анх соёлын асуудлаар гэрээ хэлэлцээр байгуулж, уг ажлын хийхээр нэг жилийн хугацаатай Монголд ирж ажиллаж байсан. 1974 оны есдүгээр сард гэрээний ажлыг эхлүүлж, эрдэмтэн , оюутан, соёлын ажилтныг сургахаар бэлтгэж, Япон талаас янз бүрийн сурталчилгааны үйл ажиллагаа явуулж эхэлсэн. МУИС-д Япон хэлний ангийг 1975 онд нээсэн нь их нөлөө үзүүлсэн гэж боддог. Хоёр улсын соёлын харилцаагаар Токиод болсон олон улсын экспо наадамд оролцохоор Монголын оролцогчид Москвагаар дамжин Токиод очдог байлаа. Дараа нь 1994 оноос Бээжингээр дамжин Улаанбаатар-Токио чиглэлд зорчдог болсон. Харин 1995 оноос Улаанбаатараас Токио, Осака чиглэлд шууд нислэг үйлдэх болсон нь хоёр улсын нөхөрлөл хамтын ажилагааны чухал алхам болсон.
-Японы Засгийн газрын санхүүжилтээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буйг бид мэднэ. Монголчуудын хувьд ч бүр зах зээлийн харилцаанд шилжихээс өмнө л тухайн үед гуравдагч хэмээн нэрлэж байсан орнуудаас Япон л хамгийн их зээл тусламж үзүүлж байсан санагддаг юм?
-1989 онд Монгол Улс ардчилал зах зээлийн нийгэмд шилжиж эхэлсэн тэр үеэс Японы Засгийн газрын “Оёдио” нэртэй албан ёсны хөгжлийн тусламж үзүүлж эхэлсэн. Тодруулбал, IV цахилгаан станц, Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөдөлгөөнт утасны сүлжээ бий болгох зэргийг судалж, төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн. 1994-1997 онд тусламж үзүүлэх талаар судалгаа хийх үед дунд сургуулийн асуудал хүнд байгаа нь харагдаж байсан. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэж, сурагчид нэг ширээнд гурваараа сууж байв. Тиймээс дунд сургуулийн сурах орчинг сайжрулах хэрэгтэй гэж үзсэн. 1997 оны зургадугаар сараас эхлэн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголд дунд сургуулийн барилга барих, засах, сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр болсон. 1999 оноос одоог хүртэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод 43 сургуулийг шинээр барьж, 513 анги танхимыг засч янзалсан. Одоогоор 12 сургуульд энэ төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 10 тэрбум 700 сая иений туслалцаа үзүүлээд байна.
-“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийг монголчууд сайн мэднэ. Анх энэхүү хөтөлбөрийг эхлүүлж байсан талаар дурсвал?
-Би 1988 онд Японы Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт тасгийн даргаар ажиллаж байсан. Тэр үед Японоос тухайн улс оронд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө эдийн засаг, нийгмийн судалгаа шинжилгээг хийх, төсвийг батлахад 3-5 жилийг зарцуулдаг байсан нь хугацаа их шаардаг байв. Тиймээс цаг хугацааг богиносгох арга замыг хайж, Японд суугаа аль нэг орны Элчин сайдын яамнаас гаргасан хүсэлтийг долоо хоногт хэрэгжүүлэх боломжийг судалж эхэлсэн. Ингээд боловсрол, эрүүл мэнд, цэвэр усны хангамж, дэд бүтцийг сайжруулах зэрэг 5-6 төрлийн төсөлд тусламж үзүүлбэл тухайн улсын ард иргэдэд шууд нөлөөлөх юм байна гэж мэдэрсэн. Тиймээс бидэнд ирүүлсэн төсөл нь дээрх салбаруудад чиглэсэн үйл ажиллагаа явуулах бол долоо хоногийн дотор шийдвэрлэдэг болсон. Уг системийг 1989 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Анх энэ хөтөлбөр “Жижиг, дунд хэмжээний төсөл” нэртэй байсныг “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” болгон өөрчилсөн.
-Монгол Улсад уг хөтөлбөрийн дагуу хичнээн төгрөгийн санхүүжилт хийгээд байгаа вэ?
-Монгол Улсад одоог хүртэл 350 гаруй төсөлд 20 сая ам.долларын санхүүгийн тусламж үзүүлээд байна. Сүүлийн таван жилийн байдлаар боловсролын салбарт 56 хувь, эрүүл мэндийн салбарт 15 хувь, усан хангамжийн төсөлд зургаан хувийг оруулаад байна. Үлдсэнийг нь дэд бүтцийг сайжруулах зэрэг бусад төслүүдийг санхүүжүүлсэн. 1989 оноос хэрэгжүүлж эхэлсэн дээрх төслүүдийн 180-190 хувь нь боловсролын салбартай холбоотой байгаа. Учир нь Японд боловсролын салбарыг дээгүүрт тооцдог.
-Японы Засгийн газрын болон “Өвсний үндэс” хөтөлбөрөөр санхүүжилт хийдэг төслийн ажлын гүйцэтгэлд хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Төсөл хөтөлбөрүүдээ ихэвчлэн орон нутагт хэрэгжүүлдэг тул манай элчингээс хүн томилон төслийн биелэлтийг шалгадаг. Өнгөрсөн онд Дорнод, Дорноговь, Хэнтий аймагт “Өвсний үндэс” хөтөлбөрийн шалгах багийнхантай хамт явж гүйцэтгэлтэй танилцсан. Энэ үеэр тухайн аймгийн Засаг захиргаа болон холбогдох албаныхан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүжилт хийж байдагт талархаж буйгаа илэрхийлж байсан нь бидний ажлын үр дүн юм даа гэж би бахархаж байсан.
Японы Засгийн газраас санхүүжүүлсэн буцалтгүй тусламжийн ажлыг гүйцэтгэхэд хамгийн сайн, хамгийн чанартай гэсэн шалгуурыг гол болгодог. Тухайлбал, Нарны замыг зургаан жилийн өмнө барьсан. Одоог хүртэл энэ зам нэг ч эвдрэл гэмтэлгүй байгаа нь бодит жишээ. Хямдхан түүхий эд хэрэглэхгүй байх, ажлыг Японы талаас мэргэжилтнүүд ирж хийж гүйцэтгэх эсвэл Японы техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, арга барилыг нь ашиглах зэрэг шаардлага тавигддаг. Харин “Өвсний үндэс”-ийн хувьд ажлын гүйцэтгэл, чанарыг манай элчингийн ажилчид газар дээр нь очиж шалгадаг. Буруу хийж байвал зөвлөгөө өгөх, дахин янзлуулах зэргээр хяналт тавьдаг. Хамгийн гол нь хямд материал ашиглахгүй байхад онцгой анхаардаг. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд тухайн сум дүүрэгт дахин төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх талтай. Төсөл хөтөлбөрүүдэд бүгдэд нь энэ л шардлагыг тавьдаг. Тухайн аймгаас дахин шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх саналаа ирүүлсэн ч өмнөх ажлаа дуусгаагүй байвал хүлээн авах боломжгүй. Учир нь япончууд дэг журмыг хатуу баримталж ажилладаг. Улсын, хувийн салбар ялгаагүй ажилдаа хатуу чанд шаардлага тавьж түүнийгээ биелүүлдэг ард түмэн.
-Цаашид төсөл хөтөлбөрөө хэрхэн үргэлжлүүлэх вэ?
-“Өвсний үндэс- хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд жилдээ 100 мянган ам.долларын санхүүжилтыг нийслэл, дүүрэг, 21 аймагт хуваарилдаг. Гэвч хөдөөнөөс Улаанбаатарыг зорих иргэдийн тоо нэмэгдсээр байгаа тул нийслэлд хэрэгжүүлэх төслийн тоог нэмэх талаар ярилцаж байна.
1995 оны нэгдүгээр сард Японы Кобэ мужид газар хөдлөлт болж, маш их хохирол амссан. Энэ үед монголчууд хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгаж ноолууран хөнжил, бээлий зэргийг тусламж болгон өгч байлаа. Мөн 2004 оны аравдугаар сард Нийгата мужид газар хөдлөлт болоход өмнө нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан IV цахилгаан станц болон “Автобус” компанийн хамт олон хандивын тоглолт зохион байгуулж олсон орлого болон өөрсдийн цалингаа хандивлаж байсан. Үүнд бид маш их баярлаж байсан. Энэ бүх сэтгэлийн дэм өгсөн алхмууд нь хоёр улсын харилцаа болон тусламж дэмжлэг үзүүлэхэд түлхэц өгсөн гэж болно.
-Хоёр улсын харилцаа болон иж бүрэн түншлэлийн гэрээ өнөөдөр ямар шатанд байна гэж та дүгнэх вэ?
-1973, 1994 онтой харьцуулахад одоогийн харилцаа маш сайн байгаа. Хоёр орны иж бүрэн түншлэлийн гэрээ улс төр, эдийн засаг, боловсрол, соёлын харилцааны хүрээнд хэрэгжиж байна. Гэхдээ бүрэн төгс хэрэгжүүлэхийн тулд техник технологийн салбарт хамтран ажиллах нь чухал. Мөн дэлхий даяар Монгол Улсын байгалийн нөөц болох уул, уурхайн салбарт анхаарлаа хандуулж байна. Бид ч мөн адил хамтран ажиллахад анхаарна.
-Японоос Монгол руу зорчиход визгүй. Үүн шиг Монголоос Япон руу зорчих визний асуудлыг хөнгөлөлтэйгээр шийдвэрлэх боломж хэр байна?
-Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Япон улсаас Монгол Улсад богино хугацаагаар зорчих жуулчид визгүй ирэх болсон. Ингэснээр Японоос ирэх жуулчдын тоо 30-40 хувиар нэмэгдсэн. Уг нь Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий. Даанч жуулчны улирал нь богинохон 6-8 дугаар сард л идэвхитэй байдаг. Энэ талаар судалж зургаан сарын хугацаанд жуулчин хүлээн авах боломжийг судалвал ирэх жуулчдын тоо буурахгүй гэж боддог. Монголоос Япон руу зорчих иргэдийн визний шалгуурыг хөнгөвчлөхийг хүсч байгааг мэдэж байгаа. Гэвч Монголын талаас шийдвэрлэх асуудлууд бий. Нэгд, Монголд энгийн гадаад паспорт, дипломат паспорт зэргийг маш олон хүн эзэмшдэг. Үүнд өндөр шалгуур тавих хэрэгтэй. Хоёрт, Японд очоод хугацаа хэтрүүлэн хууль бусаар амьдарч байгаа монголчууд цөөнгүй байгаа нь визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна. Гэхдээ би Монгол Улсад суугаа Элчин сайд байх хугацаандаа визний асуудлыг шийдвэрлэхийн тулд хичээх болно.
-Японы талаас Монгол судлалыг түүх дурсгал, соёлын өв зэрэг олон талаар хөгжүүлж буй олон баримтыг дурьдаж болно. Монгол гэр барих тухай ном хүртэл гаргасан байдаг. Тэгвэл Монголын талаас Япон судлал хэрхэн хөгжиж байгаа вэ?
-Манай улс Монгол судлалыг сайн хөгжүүлж байгаа. Харин хоёр улсын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд салбар тус бүрээрээ судалгааны ажлаа сайжруулбал Япон судлалын хөгжил түргэснэ. Гэхдээ миний бодлоор монголчууд япон хэлийг хурдан сурдаг, японд суралцах оюутнууд, зорчих иргэд ч нэмэгдэж байгаагаас харахад Япон судлал бидний Монгол судлалаас илүү гарч чадна гэдэгт итгэж байна.
П.Нарандэлгэр