Цалинг өсгөх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Цалинг өсгөх ёстой гэв

Монголын
Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар өнөөдөр
сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас төрийн албан
хаагчдын цалинг ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн 30 хувиар нэмэгдүүлэх
шийдвэр гаргасантай холбогдуулж дээрх мэдээллийг хийсэн юм.
Төрийн
албан хаагчдыг дотор нь Төрийн жинхэнэ албан хаагч, Төрийн үйлчилгээний
албан хаагч гэж үндсэнд нь хоёр хуваадаг. Цалинг ирэх сараас 30 хувиар
нэмэгдүүлснээр Төрийн жинхэнэ албан хаагчдын цалин өндөр нэмэгдэж, харин
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин бага нэмэгдэх болоод байгаа
аж. Жишээ татвал Төрийн жинхэнэ албан хаагчдын дундаж цалин 500 мянган
төгрөг байдаг бөгөөд 30 хувиар өссөнөөр 650 мянган төгрөг болох аж.
Харин Төрийн үйлчилгээний албанд хамаарах ажилтны цалин 120 мянган
төгрөг, 30 хувийн нэмэгдлээр 156 мянган төгрөг болох гэнэ. Энэ нь
үндсэндээ ширээний ард сууж, төрөөс өндөр урамшуулал хүртдэг дарга нарын
цалин  өсч байгаагаас биш, жинхэнэ ажлын морь болж нухлуулж байгаа эмч,
сувилагч, багш, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, галч, мужаан, тогооч,
үйлчлэгчийн цалин бодит өсөлт болж амьдралд нь нэмэр болохгүй учраас
цалинг ялгавартай нэмэгдүүлэхийг тус холбоо Засгийн газарт хандан
шаардаж буй ажээ. Уг нь тус холбооны ерөнхийлөгч өнгөрсөн зуны турш энэ
асуудлыг Засгийн газарт удаа дараа тавьж, хариу өгөхийг хүссэн ч
өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй юм байна. Тиймээс маргааш болох Засгийн
газрын ээлжит хуралдаанаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай
асуудлыг авч хэлэлцэхдээ шаардлагыг нааштайгаар хүлээн авах хэрэгтэй
байна гэж хэллээ. 

Төрийн албанд одоогоор 150 мянган хүн ажилладаг.
Тэдгээрийн 38800 нь Төрийн жинхэнэ албан хаагчид харьяалагдана. Дотор нь
ангилаад үзэхээр Тагнуул, цэрэг, онцгой байдлынхан бас багтаж байгаа.
Эдгээр хүмүүсийн цалинтай ярих зүйл байхгүй, ажил нь онцгой, хүнд
нөхцөлд хамаардаг учраас. Харин ширээний ард сууж, өндөр цалин аваад,
дээр нь өндөр урамшуулал авч суудаг дарга нарын цалинд ялгавартай
хандаж, бага нэмэгдүүлэхгүй бол нийгмийн шударга бус хуваарилалт
явагдана гэж тэрбээр мөн онцоллоо.

Дашрамд сануулахад, цалин,
тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар өсгөснөөр төрийн албан хаагчдын цалингийн
нэмэгдэлд 49.3 тэрбум төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 28.9
тэрбум төгрөг нийт 78.2 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгаж өгсөн
юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж