Зам хаан “морилох”-оос татгалзав

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Зам хаан “морилох”-оос татгалзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга өнөөдөр Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Энхжаргал болон Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Л.Батзориг нарыг хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтын үеэр, ЕТГ-ын дарга Д.Баттулга зам тээврийн ачаалал, замын түгжрэлийн асуудлаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурийг танилцуулав. Тэрээр, төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар замын хөдөлгөөнд оролцох үедээ тусгай хамгаалалттай зорчиж, мөн замын хөдөлгөөнийг хоёр талтай нь зогсоодог. Үүний улмаас замын түгжрэл үүсгэж улмаар иргэдийн дунд бухимдал бий болгосоор ирсэн. Төрийн гурван өндөрлөг замын хөдөлгөөнд оролцох үед ийнхүү түгжрэл бий болгох нь тун зохимжгүй бөгөөд олон нийтийг бухимдуулсан энэ жишгийг өөрчлөхийг санал болгосон, бидний зүгээс мөн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай энэ талаар ярилцах болно хэмээв.
 
Тиймээс боломжтой бол, энэ есдүгээр сарын 20-ноос эхлэн шинэ зохицуулалт хийж цаашид Төрийн гурван өндөрлөгийг замын хөдөлгөөнд оролцох үеэр, иргэдийг удаан хугацаанд гацааж замын түгжрэл үүсгэхгүй байх талаар анхаарч ажиллахыг хүсэв.
 
Уулзалтын үеэр, Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ард түмнээ хүндэтгэсэн энэ шийдвэрт баяртай байгаагаа илэрхийлээд “Та бүхний зүгээс ийм санаачилга гаргаж байгааг бид дэмжиж байна. Бид хуулиараа төрийн өндөрлөгүүдийн аюулгүй зорчих нөхцлийг хангаж байх үүрэгтэй. Ер нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг замын хөдөлгөөнд зорчих үед сөрөг урсгалыг нь хэвийн явуулж байх боломжтой” хэмээн онцоллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж