Хүүхэд яаж хэлд ордог вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Хүүхэд яаж хэлд ордог вэ?

Өөрт нь таагүй  байгаа эсвэл өлссөнөө мэдэгдэхийн тулд нялх хүүхэд уйлдаг. Энэ бол хүүхэд “ярьж “ эхэлж буй хэрэг юм. Хэдхэн долоо хоногийн дараа  юу хүсэж буйгаасаа болоод хүүхэд өөр өөр байдлаар уйлж эхэлнэ. Зургаан долоо хоногтойгоосоо эхлэн хүүхэд “шулганаж” эхэлдэг. Ярих эрхтнээ дасгалжуулж эхэлж байгаа нь энэ аж.
Зургаан сартайгаасаа эхлэн хүүхэд орчин тойрныхоо дуу авиаг дуурайж эхэлдэг. Өнөөх шулганал нь эх хэлэнд ойртож төсөөтэй сонсогдож  эхэлнэ. Хэл ярианы хэмнэл чухал болж, хүүхэд шулганахдаа завсарлага авдаг болж, өөрөөр хэлбэл “хууч хөөрч” эхэлнэ. Есөн сартайгаасаа эхлэн энгийн богино үе (Ж-нь: „ба-ба”) дуурайн хэлэхийг оролддог болно. Нэг ойтой болох үеэсээ зарим нэг хялбар үгийг (Ж-нь: аав гэхийг „аба” г.м) магадгүй жаахан муруй хазгай яриад эхэлнэ. Үг нь тодорхой утгыг агуулж эхэлдэг тухайлбал “аба” хэмээн аав уруугаа зүтгэх жишээтэй.
Хүүхэд 9-36 сартай байх үеийг “хэлний хөгжлийн эмзэг үе” гэж нэрлэдэг. Чухам энэ үед хүүхэд маш чухал мэдээллүүдийг авч, олж авсан чадвар нь хүүхдийн хэл ярианы цаашдын хөгжлийн суурь болж өгдөг юм. Ер нь бол хүүхэд ярьж чадаж байгаагаасаа илүү их үгийг мэдэж байдаг. Өөрөөр хэлбэл яриа ойлгох чадвар нь ярих чадвараасаа түрүүлж явдаг.
Хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлэхийн тулд эцэг эх юу хийх вэ?
Эцэг эхчүүд хүүхэддээ байгалиас заяасан хамгийн сайн хэлний багш нар байдаг. Тэд хүүхэдтэйгээ ярилцах давтагдашгүй аргыг зөнгөөрөө эзэмшдэг. Дэлхийн хаана ч ялгаагүй бүх л эцэг эх зөнгөөрөө хүүхэдтэйгээ онцгойлон харьцаж, харилцаа  бий болгодог юм. Хүүхэд юуны өмнө эцэг эхтэйгээ л харилцаж эхэлдэг. Энэхүү анхны туршлага бол хэл яриа хөгжих үндэс нь болж өгнө. Дээр дурьдсанчлан эцэг эхчүүд хүүхдийнхээ хэл ярианы хөгжилд онцгой хувь нэмэр оруулдаг.
Хүүхдэд ойр дотно харилцаа чухал
Харилцан анхаарал тавьж, харцаараа ярилцах  нь ярианд маш чухал байдаг. Энэ бол нярай хүүхдээс авахуулаад насанд хүрэгчдэд ч адил. Нярай хүүхэд хөхүүлэх, хооллох, усанд оруулах, өлгийдөх  үедээ та хүүхэддээ илүү ойр байна.
Хүүхдийн  яриа
Хүүхэдтэй  энхрийлэн харьцаж бай. Хэл ярианы  өнгийг  нярай хүүхэд анхаарч дуурайж эхэлнэ. “Өхөөрдсөн” яриа нярайд тун таатай байдаг.  Мэдээж жаахан томроод ирэхээр (18 сартайгаас) өөр шаардлага тавигдана. Энэ үеэс “хэлээ хазсан” яриа (Ж-нь: хав хав гэхийн оронд нохой гэх мэтээр хэлж өгч байх) хэрэггүй. Аль болох энгийн үгээр ярилц.
Дуу, шүлэг
Хэмнэл, өргөлт, дуу хоолойн өөрчлөлт нь хэл сурахад чухал үүрэгтэй. Хүүхдийн дуу, шүлэг байвал бүр сайн.
Нэг нь ярьж байхад нөгөө  нь сонсдог
Хүүхэдтэй  ярьж байхдаа дунд нь завсарлаж бай. Түүнээс ямар үйлдэл гарахыг нь хүлээ. Ярилцана гэдэг чинь дараалалтай байдаг. Өөрөөр хэлбэл нэг нь  ярьж байхад  нөгөө нь сонсч, дараа нь ярина гэх мэтээр ээлжилнэ. Хүүхэд тань ямар нэг авиа гаргаж эсвэл нүүрний хөдөлгөөнөөр хариулна.
Юмсыг нэрлэж бай
Хүүхдийнхээ гарт байгаа эсвэл харж буй зүйлийг нь нэрлэж өгч бай. Хийж буй үйлдлээ түүнд тайлбарлаж  өг. Нэг ижил үйлдэлтэй хамт сонсогдоод буй үгийг тогтоох замаар хүүхэд хэлд ордог.
Хүүхэдтэйгээ хамт чагна
Хүүхдийн  сонсголыг  нь  магтаж  бай. Ширчигнэх, шажигнах ер нь байгалийн аливаа дуу чимээг хүүхэдтэйгээ хамт чагнахыг хичээ. Харин телевизийн шуугиан хүүхдэд хэрэггүй. Тэнд буй олон дуу чимээн дотроос хэрэгтэйгээ ялгаж сонсох гэж хичээсээр хүүхэд ядарчихдаг.
Ярихад нь бүү саад бол
Хүүхэд тань хэлд ороод эхэлсэн үеэс  эхлэн бодлыг нь  уншихаа боль. Хүссэн зүйлээ хэлэх, үгүй ядахдаа заахад нь хүүхэддээ тусалж,  өөрийгөө илэрхийлж сурахыг нь тэвчээртэй хүлээ.
Хүүхдээ сонсож бай
Хүүхэд тань ямар нэг юм ярих гээд байвал  сайн анхаар. Нүд уруу нь хараад, сонирхож байна гэдгээ илэрхийл. Яаруулалгүй тайван хүлээ.
Хүүхдээ заавал зөв хэлүүлэх гэж ахин дахин зовоох хэрэггүй. Хөгжлийнхөө зохих түвшинд очсон цагтаа л үгээ зөв ярьж эхэлнэ. Зөв хэлүүлэх гэж албадаад байвал хүүхэд бүр дарамтанд орж мэднэ. Зүгээр л буруу хэлсэн үгийг нь  залруулж, давтан хэлж өгч байхад л болно.
Тухайлбал хүүхэд “өбөг” гэхээр нь “бөмбөг” гээд л хэлээд өгөхөд болно. Уг үгийг яаж зөв  дууддагийг  хүүхэд сонсоод авна. Харин цаг нь болохоор хүүхэд үгээ зөв хэлдэг болно.  
Та  өөрөө үгээ тод, цэвэр хэлж бай. Ингэснээр хүүхдэд сонссоноо өөрийн болгож авах  боломж гарна. Ярилцаж байхдаа хөхиүн хөгжилтэй бай!  Зугаатай зүйлийг хүн дуртай  сурдаг. Бүхнийг зөв хийх гэж байснаас хамтдаа инээлдэх нь хамаагүй дээр! Хүүхэд бие биенээсээ ихийг  суралцдаг болохоор аль болох өөрийнх нь  насныхантай нь уулзуулж бай!  Хүүхдээ
Шүүмжлэхгүй харин зоригжуулж, магтсанаар.
Бусадтай харьцуулалгүй харин байгаагаар нь хүлээн зөвшөөрснөөр.
Зөв хэлүүлэх гэж оролдолгүй харин зөвөөр давтан хэлж өгснөөр.
Яаруулалгүйгээр харин тайван орхисноор.
Үгийг нь таслалгүйгээр харин анхааралтай сонсож, дуустал нь яриулж, асууж лавласнаар.
Хичээллэх гэлгүй харин хамтдаа тоглож, ярилцсанаар.
Нэг дор  их зүйл  ярилгүй харин тодорхой бөгөөд энгийн ярьснаар.
Ярианы алдаанд нь анхааралгүй, харин хүүхэд юу хэлэхийг анхааралтай сонссоноор хүүхдийн хэл яриа хөгжихөд тусална.
Ялангуяа хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийг дарамтлахгүй байх  хэрэгтэй.  Хүүхдэд алдаагаа  нь засахаас айлгүй ярих боломж өгөөрэй.

Davalgaa.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж