Аймгийн нөөцөд 400 тонн өвс бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Аймгийн нөөцөд 400 тонн өвс бэлтгэнэ

Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өчигдөр боллоо. Уг хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл сумдад хэрхэн хэрэгжиж байгаа болон 2010 оны аймгийн бэлчээрийн даац, багтаамж, хүйтний улирлын ерөнхий төлөвийн талаар мэдээллийг орон нутгийн удирдлагуудад хүргүүллээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1746 тн хадлан, 271 тн гар тэжээл бэлтгэгдсэн байгаа нь өмнөх оныхтой  харьцуулахад 100 хувийн биелэлттэй байна гэсэн мэдээллийг энэ үеэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн газраас хийлээ. Нийт нутгийн 70-аад хувь зуншлага тааруу гантай байгаа хэдий боловч Засгийн газраас аймгийн нөөцөд бэлтгэх 400 тн өвс, 400 тн тэжээлийг өөр аймгаас худалдан авч нөөцлөхөөр болоод байгаа аж. Өнгөрсөн өвөл, хаврын байгаль, цаг уурын хүндрэлээс Баянхонгор аймаг 570 мянган мал хорогдсон бөгөөд өнөөдрийн байдлаар огт малгүй болсон айл өрхийн тоо 360 болоод байна. Үүний шалтгаан хэт хүйтрэл, зуд зурхан гэгдсэн ч  хариуцсан мал сүрэг, хувийн амьдралдаа хайнга хандсанаас хариуцлагагүйн гамшиг давхар нэрвэсэн гэдгийг бодох хэрэгтэй байна. Тиймээс ч энэ өвлийг хүндрэлгүй давах  гол бэлтгэл “малчны хариуцлага “ байх ёстой гэдгийг өвөлжилтийн бэлтгэлийн асуудлаар  хуралдаанд оролцогчид сануулж байна.  Энэ өвөл аймгийн 11593 малчин өрхөд хонин толгойд шилжүүлснээр 3,3 сая мал өвөлжинө. Урьдчилсан байдлаар бусад аймгийн нутагт 330-аад өрхийн 120 гаруй мянган мал, аймаг дундын отрын бүс нутагт 267 өрхийн 150-иад мянган мал өвөлжихөөр болжээ. Мөн улсын тусгай хамгаалалттай бүс нутагт цөөн тооны мал өвөлжүүлэхээр тооцоолж байгаа аж. Харин өвөл, хаврын хүйтний улирлын ерөнхий  төлөвөөр  ихэнхи саруудад олон жилийн дунджаас ахиу цастай байх гэнэ. Үүнээс гадна малыг тарилга угаалгад хамруулах, отор нүүдэл хийх, малчдад  үзүүлэх эмнэлгийн тусламж, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, малын хашаа хороо шинээр барих зэрэгт  аймаг орон нутгийн хэмжээнд анхаарал хандуулж, зохих ажлуудыг хийж байгааг Засаг даргын зөвлөлийн хуралдааны үеэр онцолж байлаа. Зун намрын улиралд өвс тэжээл нөөцлөн бэлтгэх, хашаа хороогоо засаж сэлбээгүй малчид сум, аймгаас өвс, тэжээл нэхээд суудаг байдлаа болих хэрэгтэй гэдгийг хуралдааны үеэр сануулж байснаас гадна энэ өвөл нөөцийн өвсийг бэлэн юм нэхсэн хүн бүрд өгөхгүй, малчдын хариуцлагаас их зүйл шалтгаална гэсэн байр суурийг аймаг, орон нутгийн хэмжээнд баримтлахаар шийдвэр гаргалаа. Дашрамд дурдахад, манай аймагт 24 мянга шахам малчин байгаагийн тал хувь нь 16-34 насныхан байгаа гэнэ. Тиймээс ч залуу малчдад цаг агаар шинжих, отор нүүдэл хийх, зоодой, тэжээл бэлдэх гээд мал маллах арга ухааныг эзэмшүүлэх жижиг хэмжээний гарын авлага, товхимолыг бэлдэн залуу малчдад хүргэж байгаа аж.  

Б.Батгэрэл

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж