Дэлхийн ундны усны хямрал Америкийг тойрсонгүй. Харин америкчууд хэрэг явдлаас урьдчилан хөдөлж эхлэв. Холбооны хүрээлэн буй орчныг хамгаалах алба ундааны усны чанарыг сахих энэ зуныхаа төлөвлөсөн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр шийдсэн байна. Одоо газрын гадрага дээрх усны нөөцүүдэд долоо хоног бүр стандартын шалгалт хийж эхэлнэ. Зөрчөгчдийг шүүхээр мөрдөн торгууль ноогдуулах гэнэ. Үүнээс гадна дэлхийн усны хомсдолтой орнуудад туслахаар Америк амлаад байна. Тэр тусламж нь хамгийн түрүүнд Африкийн орнуудад хамаарах юм.
АНУ-ын хөрсөн доорх усны нөөцийн хамгийн том сав болох Огаллала нь Техас мужаас Охлахома, Дакота, Канзас, Небраска мужийн дэвсгэр дор мянган км илүү талбайг эзэлдэг. Холбооны геологийн албаны мэргэжилтнүүд энэусан давхрага хэдэн сая жилийн өмнө үүссэн гэж үздэг бөгөөд өнөөг хүртэл булгийн усны чухал эх булаг нь болсоор байна. Огаллалад АНУ-ын хөрсөн доорхи цэнгэг усны гуравны нэг нь байдаг. Гэвч ертөнцөд бүх зүйл өөрийн төгсгөлтэй. Энэ сангийн усны нөөц жилдээ нэг метрээр буурч байна. Хэдэн арван жилийн дараа энэ үйл явц нь улам хурдасна гэж геологчид сануулж байгаа юм. Одоо тус орны таван мужийн захиргаа ундны усны эх сурвалж болох хиймэл нуур хийхээр төлөвлөгөө боловсруулаад ажилдаа орсон ажээ.
Ийм асуудал өнгөрсөн зуунд Нью-Йорк мужид гарч байлаа. Энэ хотын ундны усны эх сурвалжийн амьдралыг уртасгах төлөвлөгөөг 1993 онд гаргасан тухай “Мичиган техноложи” гэх эрдэм шинжилгээний төвийн профессор Мартин Ауэр ярьж байна. Усны бүсийг аж үйлдвэрийн бохирдлоос хамгаалах арга хэмжээ авахын зэрэгцээ ундааны усны чанарт тавих шаардлага нь усны нөөцийн амьдралыг уртасган тэдний хугацааг ихэсгэж чадсан байна. Нью-Йоркчуудын ундны эх сурвалж нь 19 хиймэл сан ба Хадсон, Делавэр, Катскил зэрэг ундарга сайтай голоос үүссэн гурван том нуур болж байна. Энэ систем нь өдөр бүр 10 сая хүнтэй хотыг хоёр тэрбум галлон чанартай ундааны усаар хангадаг.
Гэхдээ хамгийн найдвартай эх сурвалж нь АНУ-ын хойд нутгийн Их нууруудын сан (Дээд, Гурон, Эри, Мичиган, Онтариа нуурууд) болно. Мэргэжилтнүүд тэр усан санг “барагдашгүй бараг мөнхийн” гэж үздэг. Water Partners байгууллагын удирдагч нарын нэг Гари Вайд Их нуурууд нь усны нөөцөө гол горхи, бороо хураас авдаггүй, газар доорхи мөсөн давхрагаас авч байгаа учир нас нь дэлхийтэй чацуу гэж хэлэв.
Дэлхийн банкны мэдээгээр өнөөгийн усны даяарчлалын хямралд Их нууруудын усны нөөцөөс ашиглах нь нефтиэс илүү ашигтай бизнес болох гэнэ. Тус банкны мэргэжимлтнүүдийн тооцоолсноор 2025 он гэхэд дэлхийн хүн амын 2/3 нь ундааны усны гүн хомсдолд орно. Тэр хомсдолыг арилгахад асар их хөрөнгө хэрэгтэй болох юм.
Хэдэн жилийн өмнө Герман, Франц, Швейцарийн хэсэг компаниуд Мичиган нуурын ёроолыг өрөмдөн газар доороос нь маш цэвэр булгийн ус гаргаж эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш. Тэр усны хэдэн сая савтай ус дэлхийн олон оронд худалдагдаж байна. Америкийн “Монсанто” компани Мичиган нуурын савласан усыг Энэтхэг, Мексик худалдан өнгөрсөн жилд 420 сая ам.долларын ашигтай байлаа. Энд зөвхөн бизнесийн талаар ч өгүүлж байгаа биш. НҮБ-ын мэдээгээр өнөөдөр дэлхийн нэг тэрбум орчим хүмүүс ундааны усны гачигдалтай байна. Энэ хямрал нь улам даамжран Африк, Ойрхи Дорнод, Азийн орнуудад улам эрчимтэй болж байна. “Африк усаар дутагдаж байгаа хамгийн хүндрэлтэй тив. Тэнд ундааны усгүйгээс өдөр бүр 5000 орчим хүүхэд амиа алдаж байна” гэж Америкийн олон улсын тусламжийн агентлагийн төлөөлөгч анхааруулж байна.