Хаадын ургийн 15 салаа мөчрийн нэр овгийг зүүгч 20 залуу төлөөлөгчдийнх нь хувийн хэргийг Америкийн “Forbes” сэтгүүл судалжээ. Тэд одоогоор гэр бүлтэй болж амжаагүй бөгөөд тэдний хөрөнгийн нийлбэр нь 60 тэрбум ам.долларт хүрдэг ажээ. Хааны залгамж үеийнхнээс цөөн нь өөрийн бизнесийг явуулдаг бөгөөд ихэнх нь өөрсдийнх нь авъяас нэр овгоос нь хамаарахгүй гэдгийг харуулахаар их сургуулиудад суралцдаг.
Хааны залгамжлагч нар эх орондоо зүтгэхдээ цэргийн болон дипломат, спортын салбарт идэвхээ үзүүлдэг аж. Найр наадам, сонин хэвлэлээр гарах нь тэдний хувьд аюул осол багатай ч харин тэд эрсдэлтэйгээр эх орондоо зүтгэхийг илүүд үздэг.
Хамгийн хүслэнтэй сүйт хархүү нь Британийн хаан ширээг залгамжлагч гэж уг сэтгүүл тооцож байна. Жонон Уильям баян танасаг, алдар нэрийн төлөө төрсөн мэт боловч түүнийг хаан болтол наад зах нь 25 жилээс багагүй хугацаа хүлээж байна. Талийгаач Диана гүнж, хаан ширээг залгамжлагч Чарльз жонон хоёрын том хүү гадаад дотоодын хэвлэлийн дуртай баатар нь юм. Түүний хэвлэлээр тарьсан дуулиан шуугаан нь энэ жагсаалтад тэргүүлэх боломжийг түүнд өгсөн байна.
Харин түүний дүү Гарри жонон амьдралдаа байдаг шигээ жагсаалтад ч ахынхаа дараа оржээ.
Гуравт бичигдсэн Зара Филипс ч цусаараа бол гүнж бөгөөд албан ёсоор цол хэргэмгүй. Түүний эх Анна гүнж өөрийн хүүхдүүдийн амьдралыг хөнгөвчлөхийн тулд тэднийг цол хэргэмээс татгалзуулсан юм. Зара морин спорт сонирхдог ба олон улсын морин спортын тэмцээний алтан медальтай одоо олимпийн тоглолтод оролцохыг чухал гэж үздэг.
Британийн 19 настай гүнж Беатрисс жагсаалтын дөрөвт бичигдсэн ба Кейт Мосстай найзлан дээдсийн хүрээнд байнга явж байдаг учир хэвлэлийнхний анхаарлаас гардаггүй.
МОНАКОГИЙН ГҮНЖ ШАРЛОТТА КАЗИРАГИ
Эхний тавын жагсаалтыг Монакогийн гүнж Шарлотта Казираги төгсгөж байна. Энэ бүсгүй царайлаг, мэдрэмж сайтай дэгжин ганганаараа өөрийн алдартай эмээ Холливудын од, Монакогийн хатан хаан агсан Грейс Келлигээс дутахгүй. Сонирхолтой нь түүний ах Монакогийн жонон Андреа жагсаалтын 10-т бичигдсэн байна.
Хаадын залгамжлагч нарын амьдралд тамирчид, энгийн залуус, шоу бизнесийн төлөөлөгч нартай хайр ургуулахгүй байх нь ховор. Энэ чанараараа 30 настай Шведын гүнж Виктория долоод бичигдлээ. 2003 онд Германы нэг сэтгүүл гүнжийг Грек, Данийн жононтой гэрлүүлэх шахсныхаа төлөө уучлалт гуйж байв.
Фитнессийн багш Даниэль Уэстлинг гэгчтэй гүнж удахгүй хуримлах гэж байгаа тухай хэвлэлээр бичсээр байна. Виктория гүнж Шведын Гадаад хэргийн яаманд дипломатын албатай болохыг ямагт эрмэлзэж ирсэн ба тэрбээр хаан ширээнд суух дараалалд хамгийн түрүүнд байгаа эмэгтэй юм.
Түүний бага дүү жонон Карл Филипп эгчийнхээ дараагийн дугаарт орно. Тэрбээр график дизайны Форсбергийн сургуулийн дипломыг 2006 онд авснаас хойш дэлхийгээр аялан баримтат киноны зураг авч байгаа ажээ. Есөн жилийн турш Шведын нэгэн бизнесмены охин 26 настай Эмма Пернальдтай үерхэж байна.
ТАЙЛАНДЫН ГҮНЖ СИРИВАННАВАРИ
Европын бус хааны залгамжлагч нараас сэтгүүлийн жагсаалтад Дубайн шейх Хамдан бин Мохаммед бин Рашид аль Мактум, Брунейн жонон Азим, Японы гүнж Цугуко, Тайландын гүнж Сириваннавари, Арабын нэгдсэн эмиратийн шейх Майта бин Моххамед биш Рашид иль Мактум, Иорданы гүнж Иман бин аль Хуссейн нар бичигджээ.
Залгамжлагч нарын жагсаалтын хамгийн сүүлд Африкийн Свайзиландын хааны охин Мсвати III Сиханисо бичигдсэн байна. Тэр бүсгүй Калифорнийн их сургуульд илтгэгчийн урлаг, жүжгиййн зохиолчийн мэргэжлээр суралцаж байгаа ба барууны имижтэйгээрээ гайхуулагддаг. Түүний эх оронд саяхан болтол цагдаа нар эмэгтэйчүүдийг үндэсний банзал өмссөнгүй гэж өмдийг нь урж тасдаад хаядаг байлаа.