С.Батцэцэгийг байр, машинаар шагнажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

С.Батцэцэгийг байр, машинаар шагнажээ

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, бөхийн чөлөөт барилдааны түүхэнд 35 жилийн дараа эх орондоо аваргын алтан медаль авчирсан Монгол Улсын тамирчин С.Батцэцэг өнөөдөр өглөө эх орондоо ирсэн юм. Түүнийг өнөөдөр 11.00 цагаас Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд Спортын төв ордонд хүлээн авч, уулзан баяр хүргэлээ. Энэ үеэр мөн хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тус хуралд дэлхийн аварга С.Батцэцэг, түүний дасгалжуулагч З.Дүвчин, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч н.Цэдэнсодном, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Болд, мөн тус холбооны ерөнхий нарийн бичгийн Д.Бат-Эрдэнэ нарын эрхмүүд оролцлоо.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар хэвлэлийн хурлын эхэнд он гарсаар манай улсад дөрвөн дэлхийн аварга төрсөн гэдгийг хэлээд, тэр тусмаа С.Батцэцэг 35 жилийн дараа эх орондоо чөлөөт бөхийн дэлхийн аварга гэх эрхэм хүндтэй цолыг авчирч, чөлөөт бөхийн Монголын улсын анхны эмэгтэй дэлхийн аварга, мөн энэ төрөлдөө хамгийн залуу дэлхийн аварга болсныг онцолж байв.

Дэлхийн аварга С.Батцэцэг Москвагийн дэлхийн аваргад амжилттай оролцож, эх орондоо алтан медаль авчирсандаа туйлын баяртай байгаагаа илэрхийлж, ийнхүү дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргахад тусалж, дэмжсэн бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэмцээний эхний тойргоос эхлэн олимп, дэлхийн аваргын медальтай, хүчирхэг тамирчидтай барилдаж, илт давуу ялснаар дэлхийн аварга болсон түүний амжилт үнэхээр гайхалтай байсан билээ. Тэрбээр “Хилчин” спорт клубын тамирчин бөгөөд 2009 оны Ази тивийн залуучуудын аваргаас алт, 2010 оны Азийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байжээ.

Дэлхийн тавцанд гаргасан түүний амжилтыг үнэлж, Хилийн цэргийн удирдах газраас С.Батцэцэгт хоёр өрөө байраар шагнасан бол Архангай аймгийн Хашаат сумын нутгийн зөвлөлөөс түүнд суудлын автомашин бэлэглэсэн байна.

Энэ үеэр дэлхийн аварга С.Батцэцэгтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-Баяр хүргэе.

-Баярлалаа. Монгол хүн бүрийн хүсэн хүлээж байсан медалийг авчирсандаа маш их баяртай байна.

-Дэлхийн аваргын медалийн тавцанд зогсч байх агшинд хамгийн түрүүнд юу бодогдож байв?

-Монгол хүн болж төрснөөрөө өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байсан. Надад ийм их итгэл найдвар хүлээлгэсэн Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлмээр санагдаж байлаа.

-Барилдаан хэр хүнд байв? Хамгийн хүнд барилдаан аль нь байсан бэ?

-Анхнаасаа эхлээд л олимп, тив, дэлхийн медальтай, хүчтэй бөхчүүдтэй барилдсан болохоор бүгд л хүнд даваа байсан даа.

-Өөрийгөө дэлхийн аварга болно гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

-Дэлхийн аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан. Таарсан бүх бөхчүүдээ хожно гэсэн чин зорилго тавиад л явсан даа, эндээс.

-Ийм агуу амжилт гаргахад тусалсан хүмүүстээ хандаж, юу хэлэх вэ?

-Надад тусалж, дэмжиж, сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан олон хүн бий. Анхны маань багш н.Дондов, З.Дүвчин дасгалжуулагч, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын үндэсний олимпийн хороо, Биеийн тамир, спортын газар, бас Д.Сумъяабазар аварга, Үндэсний хөрөнгө оруулалтын банк гээд олон хүмүүс тусалсан. Тэд нартаа талархаж байгаагаа илэрхийлье.

-Чухам яагаад заавал чөлөөт бөхийн спортыг сонгон хичээллэх болсон бэ?

-Нэг л барилдмаар л санагдаж байсан. Яагаад ч тэгсэн юм бүү мэд /инээв/.

-Танай удамд бөхөөр барилддаг хүн байсан юм уу?

-Үгүй ээ, тийм юм байхгүй. Монголын чөлөөт бөхийн тамирчин, түрүү үеийн эгч нар маань барилдаад, амжилт гаргаад эхэлчихсэн байсан. Тэр бүхнийг зурагтаар үзээд л барилдъя гэж шийдсэн.

-Баярлалаа.

Харин дэлхийн аварга С.Батцэцэгийн ээж Д.Оюун-Эрдэнэ охиныхоо тухайд “Охин маань охин чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхлэхдээ маш туранхай, дөнгөж 16 настай байсан. Нэг өдөр ээж дээрээ ирээд, манай энд н.Дондов гээд сайн багш ирсэн, чөлөөт бөхийн секц хичээллүүлнэ гэнэ, би орлоо гээд л гүйгээд ирсэн. Өөрөө л шийдсэн дээ. Тэр үед, миний охин спорт гэдэг чинь эмэгтэй хүний хувьд хүнд хэцүү гээд л эх хүний хувьд хэлж л байлаа. Харин охин маань, за би ямар ч байсан бэлтгэл сургуулилт хийгээд нэг тэмцээнд ороод үзье гээд. Тэгээд л хичээллэж эхэлсэн. Удалгүй анхныхаа тэмцээнд орж, медаль аваад урамшиж, цаашдаа бүр эрчимтэй хичээллэх болсон” хэмээн ярьсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж