Бидний хойч үе шар тэнгис шиг элсэн цөлд амьдрах уу?

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Бидний хойч үе шар тэнгис шиг элсэн цөлд амьдрах уу?

Өнгөрсөн бямба гаригт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа амьдруулсан “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжгийг үзэж байхад өөрийн эрхгүй цангаж, ус уумаар болов. Одоогоос 100 жилийн дараа хүн төрөлхтөн уух усгүй, ургаа модгүй, цэцэглэх цэцэггүй хаашаа л харна элс харагдана. Ангаж цангасан хүмүүс эмэгтэйчүүдээ усаар солилцох дүр зураг тайзнаа харагдахад үнэхээр л Монгол улс 100 жилийн дараа гэлтгүй арав, хорин жилийн дараа яг энэ дүр зураг шиг болох вий гэж бодогдов. Далай бус элсэн цөлөөр солигдох гэж байгаа юм шиг. Сэтгүүлч, зохиолч Б.Галаарид нийгэмд тулгамдаад буй асуудлыг “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжгээрээ гайхалтай харуулжээ. Улсын драмын эрдмийн театрын жүжигчид ч энэ жүжгийг амилуулах гол хүчин зүйлс нь болсон байв. Хүн төрөлхтөн, бид өөрсдөө энэ дэлхийгээ, өөрсдийгөө мөхөл рүү түлхэж байгааг харах харамсалтай хэдий ч, дэндүү хатуу үнэн байсан юм.
Эргэн тойрон элсэн цөл, ангаж цангаснаасаа болж хүмүүс нь наснаасаа хэд дахин хөгшин харагдаж, хүн ам нь ч хорогдсоор, хорогдсоор… хоёр аймаг Монголын газар нутагт үлдсэн байна. Суугуул хэмээх аймаг нь устай ч, эмэгтэй хүүхэд төрөхөө больчихсон. Харин нөгөө аймаг нь уух усгүй учир нэг эмэгтэйгээр жилийн хэрэгцээний ус солилцдог. Шуналтай өвөг дээдсийнхээ үйлийн үрээр шар тэнгис шиг элсэн цөлд амьдарч буй бидний хойч үе эрт үед өвс ногоо ургасан, уул ус, гол горхи, бороо, цас ордог байсан гэдэгт үл итгэнэ. Энэ нь тэдний хувьд мөрөөдөл, хэзээ ч байгаагүй ертөнц шиг сонсогдоно. Хичнээн хүсэвч бодит амьдрал дэндүү хатуу, тэдэнд ямар ч сонголт үлдээгүй байв. “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжиг нь энэ жилийн “Гэгээн муза-2009” наадамд долоон төрөлд нэр дэвшиж байгаа аж. Тус дуулалт жүжиг нь “Гэгээн муза-2009” наадмын “Хөгжимт жүжгийн төрөл”, “Оны шилдэг хөгжимт жүжгийн зохиолч” номинацид сэтгүүлч, зохиолч Б.Галаарид, “Оны шилдэг хөгжимт жүжгийн найруулагч” номинацид Б.Мөнхдорж, “Оны шилдэг тайзны зураач” номинацид Т.Аянга, “Оны шилдэг хөгжимт хөгжмийн зохиолч” номинацид Б.Мөнхболд, “Оны шилдэг хөгжимт жүжгийн эмэгтэй гол дүр” номинацид Ц.Баясгалан Сарнайгийн дүрээр, “Оны шилдэг хөгжимт жүжгийн эмэгтэй туслах дүр” номинацид Г.Урнаа Удган модны дүрээр тус тус нэр дэвшиж байна.  “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжгийн дуу хэтэрхий олон байсны дээр нэг үзэгдэл гараад нэг дууг дахин, дахин дуулах нь үзэгчдийг уйдаасан гэхэд хилсдэхгүй биз ээ. Сэдвийн хувьд үнэхээр гайхалтай сэдэв, жүжгийг үзэж байхад ч маргааш гэхэд шар тэнгис шиг элсэн цөлд амьдрах гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан ч сэтгэлд бүрэн нийцэж чадсангүй. “Гэгээн муза-2009” наадмын долоон төрөлд нэр дэвшээд байхаар жүжиг шиг санагдсангүй. Ер нь энэ наадамд 2009 онд шинээр найруулан тавьсан жүжгүүдийг бүгдийг нь хэдэн номинацдаа хуваагаад нэр дэвшүүлсэн бололтой. “Оны шилдэг хөгжимт жүжгийн эрэгтэй гол дүр” гэхэд “Парисын дарь эхийн сүм” мюзикл жүжгийн уран бүтээлчид нэр дэвшсэн байх жишээтэй. Энэ төрөлд яагаад бусад жүжгээс нэр дэвшээгүй юм бол. Шүүгчдийн шаардлагад хүрсэнгүй юу. Нэг жүжгийн бүх л эрэгтэй жүжигчид нэг номинацид нэр дэвшиж байгааг харахад Улсын драмын эрдмийн театрын жүжигчид л чадалтай, чадварлаг юм шиг. Эсвэл Улсын драмын эрдмийн театрын захирал Н.Сувд шүүгчдийн бүрэлдэхүүнд байгаа болохоор тэр үү. Ямартай ч “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжгийн сэдэв таалагдсан ч хэтэрхий их дуутай уйтгартай жүжиг байлаа.
М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж