Уурхайчдад цахилгаан гэрэл өгч эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Уурхайчдад цахилгаан гэрэл өгч эхлэв

Чилийн нийслэл Сантьяго хотоос хойд зүгт 800 км-ын зайтай уурхайд боогдсон хүмүүст цахилгаан өгч эхэлсэн учир тэд газар дор бүрэн хэмжээний гэрэлтүүлэг хийх боломжтой болжээ.

Өмнө нь уурхайн салхивчийн системийг сэргээж чадсан учир тэдэнд тамхи татахыг зөвшөөрсөн байна. Гэхдээ тэд агаараа бохирдуулахгүйн тулд  өдөрт хоёр хайрцаг тамхи л авах болсон байв.

Сан-Хосе уурхайд наймдугаар сарын 5-нд  нуралт болж 33 уурхайчин 700 метрын гүнд боогдсон байлаа.  Тэдэнтэй 22-нд л холбоо тогтоож чадсан юм. Наймдугаар сарын сүүлчээр тэднийг аврах 66 см-ын орчим өргөн 700 метр цооногийг өрөмдөж эхэлсэн.  Гэвч аврах ажиллагаа дор хаяж хоёр сар үргэлжилнэ гэж байгаа юм. Даваа гаригт өрөм нь хугарсан учир тэднийг аврах ажиллагааг зогсоосон байна. Чилийн уул уурхайн сайд Лоренс Голборн 268 метрын гүнд байгаа хэсгүүдийг гаргаж авахаас нааш өрөмдлөгийг хийх нь утгагүй болж байна гэж хэлсэн байна. Гэмтсэн өрөм нь эхлээд 30 см-ын цооног гаргасны дараа түүнийг 66 см хүртэл өргөтгөх В хувилбараар ажиллаж байсан юм. Мөн А хувилбараар жижиг өрөмтэй өрөмдлөгө хийж байгаа бөгөөд С хувилбараар есдүгээр сарын сүүлчээр том өрөмтэй нефтийн цооног өрөмддөг техникийг ашиглаж магадгүй гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж