МАСЭХ ширүүхэн хуралдав

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

МАСЭХ ширүүхэн хуралдав

МАХН-ын дэргэдэх Ардчилсан со­циалист эмэгтэйчүүдийн холбооны ху­рал өчигдөр тун ширүүхэн болж өнг­өрчээ. Уг хурлаар тус холбооны тэргүүн Д.Алтай өө­рийн ашиг сонирхолд нийцүүлсэн шийд­вэ­рийг намын дэргэдэх эмэгтэйчүү­дийнхээ байгууллагын төлөөлөгчдөөр гаргууллаа гэсэн шүүмжлэл өрнөж байна.

Түүнийг намын Удирдах зөвлө­лийн өгсөн үүрэг даалгаврыг умартаж ши­нэчлэлийн асуудалд нэлээн хойрго хандах болж, хувийн компани мэтээр аашлах болсон гэж шүүмжилж байна. МАХН-ын XXVI их хурал арваннэгдүгээр сард хуралдах гэж байгаа. Тиймээс намын дэргэдэх харъяа байгууллагуудыг энэ сард багтааж хурал чуулганаа хийх үүргийг Удирдах зөвлөлөөс өгсөн. Тиймдээ ч тун удахгүй МАСЗХ энэ сарын 15-18-нд, Ахмадын холбоо энэ сарын 20-нд хурлаа хийх юм байна. Гэтэл МАСЭХ ху­ралдаж намын их хурлын дараа дотоод асуудлаа хэлэлцэх шийдвэрт хүрч Удирдах зөвлөлийн өөдөөс ширүүхэн эсэргүү­цэл үзүүлэхээр шийдсэн бололтой. Уг нь тун саяхан хуралдсан МАХН-ын бага хурлын үеэр санал шүүмжлэлийг хангалт­тай хэлж, шинэлэг санаа дэвшүү­лэх нь үү гэсэн итгэл найдвар бү­хий үгсийг урсгаж байсан МАСЭХ-ны тэргүүн Д.Алтайн хэлсэн ярьсан болгон ийнхүү 180 градус эргэлээ. Үнэхээр ч найман жил халаа сэлгээ хийгдэж, шинэлэг уур амьсгал ороогүй тус холбоо ши­нэчлэлийн асуудалд нэлээн хойрго хандаж дээрх туйлширсан шийдвэрийг гаргахад хүрсэн байна.

Өөрөөр хэлбэл, тус холбооны тэргүүн Д.Алтай чуулганаа хойшлуулж байгаа нь цаанаа учиртай гэнэ. МАСЭХ гэдэг байгууллагыг өөрийн хувийн компани мэт болгочихсон, найман жил шинэчлэлийн салхи нэвтрээгүй газар төдийгүй шинэ боловсон хүчнийг нийгэмд таниулах тал дээр тун муу ажил­ладаг. Тиймдээ ч шинэчлэл гэдэг асуудлын талаар ямар ч бодолгүй явдаг. Ёстой л нөгөө тэнэгийн дотор уужуухан гэдэг шиг намын дэргэдэх байгууллагын тэргүүлдэг хүний хувьд сонгууль дөхсөн ийм хариуцлагатай үеийг ашиглаж тодорхой шийдвэрт хүрч чадахгүй тулга тойрсон асуудлаар эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдана гэдэг энэ цаг үед тун тохиромжгүй төдийгүй эрсдэлтэй асуудал юм. Түүний энэ мэт үйл ажиллагаанаас болж намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага унтаа байдалд орсон ч гэхэд хэтрүүлэг болохооргүй байна.

Зохиогчийн эрх: “Өглөөний сонин”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж