Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр саяхан томилогдсон Д.Дамба, “Денисон майнз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Очир, ШУТИС-ийн Уул уурхайн их сургуулийн захирал Л.Пүрэв нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй уулзсан байна. Уулзалтын үеэр уул уурхайн салбартай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, энэ чиглэлээр цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, харилцан санал бодлоо солилцжээ. Уул уурхайн салбар байнга хүмүүсийн анхааралд байдгийн дээр сүүлийн үед асар их шүүмжлэлд өртөж буй “Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сан бүхий хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай”, “Цөмийн энергийн тухай” хуулиудын талаар хөндөн ярилцсан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин дээрх хуулиудын талаарх санал дүгнэлтээ тус зөвлөлд бичгээр ирүүлэхийг уул уурхайн салбарынханд санал болгожээ.
Д.Цэцэн