ХХААХҮЯ-ныхны ”Ургац” хураалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

ХХААХҮЯ-ныхны ”Ургац” хураалт эхэллээ

Орон даяар ургац хураал­тын ажил өрнөж, тариаланчид маань борви бохисхийх зав­­гүй ажиллаж байна. Үүн­­тэй зэрэгцэн салбарын яам­ных нь Тариалан эрх­лэлтийг дэмжих сан, газар тариалангийн бодлогын хэ­рэг­жилтийг зохицуулах  газ­рынхан ч унтах нойр, идэх хоолоо хасан ажилладаг. Та­риаланчдын хураасан улаан­буудайг худалдаж авахад зо­риулсан төсвийг хэрхэн зохицуулах вэ, хөнгөлөлттэй зээл, тусламжаар ирсэн то­ног, төхөөрөмжүүдийн лизин­гийн мөнгийг хэрхэн авах вэ гээд ажил хаанаас мундах вэ. Тариаланчдаас авах улаан­буудайг аль болох “миалж” байгаад багахан шиг үнээр авч чадвал Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан овоо хэ­дэн төгрөг хураачихдаг юм. Үүнээс гадна хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл хө­­төлбөрүүдийг батлах, га­даадын тусламжаар орж ир­сэн үр, бордоог зо­хицуулах нь Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах  газ­рынхны хувьд ахиухан “ургац” хураах том талбай гэ­хэд болно. Хэн нэгэн ашигтай хувилбар санал болгох хүртэл энэ тал дээр ч гэдийгээд суучихаа мэддэг юм байх аа. Үүнийг доод албан ту­шаалтнуудаасаа эхлээд бүгд мэддэг болохоор барагтай л төсөл дээр ганхана гэж үгүй. Эл байдал нь Атрын аянуудын үеэр олон нийтэд ил болж аль  хэдийнэ уламжлал болоод тогтчихож. Тиймээс л жижиг, хөрөнгө бага ч гэсэн сайн төсөлтэй компаниудын төсөл хэрэгжихийн оронд томоохон хаялагатай компаниудын ямар ч хамаагүй төсөл санхүүжилт авдаг юм. Гайхах зүйл ердөө ч байхгүй байгаа биз дээ. ХХААХҮЯ-ныхны нуруугаа ч тэнийлгэх завгүй ажилладаг энэ мэт жишээнээс бусад яам, тамгын газрынхан үлгэр дуурайл авдаг ч болоосой. Хэл аманд өртөхгүйгээр ахиухан “ургац” хураах сон­годог арга биш гэж үү. Энэ жил ч гэсэн ургацаа хураахаар машин, трактор, комбайнаа бэл­дээд хүрз, жоотуугаа үүрээд ажилдаа гарч байгаа тариаланчдаас гадна бичиг, цаасны ажил, тооны машин, төсөл хөтөлбөрөө өвөртлөөд явж байгаа яамны албан хаагчид дутахааргүй их бай­гаа. Тэнгэр хангай ч эвгүйрхэх янзгүй байгаагаас үзвэл далай шиг арвин ургацтайгаар энэ намрыг үдэх бололтой. Хаа хаанаа ургац нь арвин байх болтугай.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж