Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Шантаршгүй аварга

Өнөөдөр Монголчууд “Бээ­жин-2008” паралимпийн XIII наадамд төрийн дууллаа анх удаа эгшиглүүлсэн өдөр. Хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн буюу паралимпоос алтан медаль хүртсэн тамирчин бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, байтын ОУХМ Дам­бадондонгийн Баатаржав юм. Тэрбээр аварга болох замдаа дөрвөн удаа ялалт байгуулсан бөгөөд алтын төлөө Францын тамирчин Фабрис Муениертэй  таарч байсан. Өрсөлдөөн ихтэй байсан хэдий ч Д.Баатаржав аваргын алтан медалийг эх орондоо авчирч чадсан билээ. Тэрбээр энэхүү үйлдлээрээ хөгжлийн бэрхшээлтэй хэмээн хойшоо суух бус хөдөлмөрлөж, зүтгэвэл дэлхийд өөрийн болон эх орныхоо нэрийг мандуулж болдгийг харуулсан. Д.Баатаржав “Алтан медаль аваад индэр дээрээс буух тэр л торгон агшинд намайг манай улсын Элчин сайд Ерөнхийлөгчтэй яриулж байсан.  Тэр үед би Монгол Улсын иргэн болж төрсөндөө бахархаж байна хэмээн Ерөнхийлөгчид хэлсэн” гэв.  
  
Тэрбээр байт харваагаар 20 гаруй хичээллэж байгаа аж. Осолд орж хөлгүй болохоосоо өмнө боксоор хичээллэж байжээ. Хөгжлийн бэрхшээлтэй болсны дараа сэтгэлээр уналгүй, спортоор хичээллэхээр дахин зориглосон байна. Өдгөө түүний сэтгэлийн тэнхээ, хат, хичээл зүтгэл нь хөгжлийн бэрхшээлтэй олон иргэнд сэтгэлийн дэм, урам зориг өгсөн биз ээ. Д.Баатаржавыг хэзээ ч шантаршгүй, зоригтой хэмээн нөхөд нь үнэлдэг. Тиймээс түүний амжилт үүгээр дуусахгүй нь мэдээж. Амжилт, аз бүхэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржавыг ивээх болтугай.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж